Улиг болсон өнөөх л түгжрэл, утаагаа ярьж, ямар нэгэн шийдэлгүй сошиал орчинд хэрүүл хийдэг улирал ирлээ. Халуун намар учраас одоохондоо утааны асуудал босож ирээгүй байгаа ч тун удахгүй гэдэг нь ойрын үеийн цаг агаарын байдлаас тодорхой байна.
Харин түгжрэл албан ёсоор эхэллээ. Энэ долоо хоногийн эхэнд Улаанбаатарын замууд бараг тэг зогссон. Хичээл эхлэх дөхсөн, оюутнууд хотод ирсэн, зуны амралтууд дуусаж ажил төрөл эхэлсэн зэрэг нь түгжрэлд шууд нөлөөгөө үзүүлж байна. Ямар сайндаа л “Баянзүрхийн товчоогоор нэг машин орохоор 22-ын товчоогоор нэг нь бүлтэрч гараад байна” гэсэн явган яриа хүртэл бий болохов дээ.
Нийт барилгых нь 70 хувь нь ашиглалтад ороогүй гэгдэж байгаа Яармаг, Нисэх орчимд түгжрэл дээд цэгтээ хүрлээ. Засаг төрийн удирдлагууд жилийн жилд л түгжрэл бууруулна гэж ярьдаг ч ямар ч үр дүн гарсангүй. Дүүжин тээвэр, метро, давхар зам гээд олон төсөл хөтөлбөр яригдсаар ирсэн ч нүдэнд үзэгдэж, гарт баригдчихаар зүйл өнөөг хүртэл бий болсонгүй.
Тиймээс энэ жил ч гэсэн түгжрэлд уураа барж, төр засгаа зүхсээр өвөл, хаврыг бараад зуны амралтаа авцгаах нь ээ. Харин тэр хоорондоо утаа униараа марталгүйхэн шиг, улстөрчдөө загнахаа орхилгүйхэн байхыгаа мэдэх байлгүй дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )