-Шинэ үйлдвэрийн шавыг тавьж, төслийн ажлыг эхлүүллээ-
Хотжилт, хүн амын төвлөрөл, дэлхийн дулаарлын нөлөөгөөр цэвэр усны хомсдол хэмээх аюул хүн төрөлхтөнд нүүрлэсэн. Үүнд дасан зохицох замаар урагш явах гарц бий гэж судлаачид үздэг. Манай улсын хувьд хүн амын 50-иас илүү хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын усны хэрэглээ бидний санааг зовоосоор ирсэн.
Тэгвэл АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Компакт гэрээний хүрээнд өчигдөр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн шавыг Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд тавьж, төслийн ажлыг эхлүүллээ. Энэ нь тус төслийн хүрээнд байгуулах хоёр дахь томоохон үйлдвэр болж байна. Үүний өмнө өнгөрсөн онд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Компакт гэрээий хувьд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед хийсэн яриа хэлэлцээний дүнд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулж байв.
Үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж. Критенбринк, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны бусад төлөөлөл, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, хамтран ажиллагч агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
“Усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ”
Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх үйл явдлын гэрч болж байна. Энэ бол Монгол Улсын хувьд анхны том хэмжээний Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж буй явдал юм. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд одоогоос нэг жилийн өмнө бид ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Сонгинохайрхан уулын бэлд эхлүүлсэн. Харин өнөөдөр Та бидний хуран цуглаад буй энэ талбайд Компакт гэрээний санхүүжилтээр барих хоёр дахь бүтээн байгуулалт болох Ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох болно” гэв.
Мөн үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ гэдгийг тодотгов. Төрийн тэргүүн цааш хэлэхдээ “Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн бас нэг ач тус, онцлог чанар нь бидний олон жил буруу ярьж хэвшсэн “саарал ус” буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бид байгаль эхийн өөрийгөө нөхөн сэргээх үйл явцыг тэтгэж, усны ухамсартай хэрэглээг хэвшүүлж байна. Нэг талаар бид байгальд ээлтэй, хариуцлагатай амьдрах, нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэгэнт үүссэн нөлөөлөлд дасан зохицож амьдрах шинэ соёл, шинэ хандлагад суралцах юм. Бидний санаачилж, Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын индрээс тунхагласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилго ч үүнтэй уялдаж байна” гэсэн юм. Тиймээс Компакт гэрээг саадгүй хэрэгжүүлэх, санхүүжилт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын бүх талын идэвхтэй оролцоо чухал болохыг тэмдэглэв.
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ”
АНУ-ын МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд энэ үеэр АНУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны чухал илэрхийлэл болсон Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дахин нэг шинэ хуудсыг нээж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар бол дэлхийн хамгийн их усны хомстол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй хотуудын нэг. Өнөөдөр шавыг нь тавьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангахын зэрэгцээ нийслэл хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв. АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн Дарга Даниел Ж. Критенбринк хэлсэн үгэндээ “462 сая ам.долларын энэхүү хөрөнгө оруулалт бол манай хоёр ард түмний бат бэх түншлэлийн жинхэнэ бэлгэ тэмдэг юм” хэмээн онцолсон юм.
Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний компани “М-Си-Эс Проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг салбартаа дэлхийд тэргүүлэгч Франц улсын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хийж гүйцэтгэх юм.
Б.Даваа-Очир: Монгол компани дэлхийд өрсөлдөж чадаж байна
Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “М-Си-Эс Проперти” компани нь Шангри-Ла цогцолбор, Кока-Кола үйлдвэрийн барилга, Скай Резорт гольф, цанын бааз, Интермед эмнэлэг, шинэ нисэх онгоцны буудлын онгоцны засвар үйлчилгээний байгууламж, Оюу Толгойн гүний уурхайн барилга байгууламжууд болон Ухаа худаг уурхайн бүтээн байгуулалт зэрэг дотоодын 60 гаруй томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн барилга угсралт, төслийн менежмент, инженеринг чиглэлд арвин туршлагатай компани юм. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир “М-Си-Эс Проперти компани нь Мянганы Сорилтын Корпорацын шалгуураар олон улсын байгууллагуудтай өрсөлдөн тус төслийн гүйцэтгэгчээр шалгараад байна. Үндэсний компани Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилга байгууламж, технологийн угсралтын ажлыг дотоодын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх болсон нь Монгол компани дэлхийд өрсөлдөж чадаж буйн нэг илрэл. Манай компани энэ чиглэлд дэлхийд тэргүүлэгч Францын компаниудтай хамтарч байна. Одоогоор зураг төслийн ажил эхэлсэн. 2024 онд бүтээн байгуулалтыг дуусгаж, 2025 онд бүрэн ашиглалтад өгнө” хэмээн тэмдэглэв.
Жилд 18 сая гаруй метр куб цэнгэг усыг хэмнэнэ
Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ямар ач холбогдолтой талаар Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигтээс тодруулсан юм. Тэрбээр “Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг авч дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ.
Үүний дүнд жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн 2021 оны жилийн усны хэрэглээний 50 хувьтай (орон сууцад амьдарч буй нийт 102.247 айл өрхийн усны жилийн хэрэглээ) тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага бөгөөд цаашдаа аж үйлдвэрлэлийн бусад олон салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, Улаанбаатар хотын усны хязгаарлагдмал нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд чухал хувь нэмэр оруулна” гэв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Нийслэл өргөжих нь сайн зүйл биш шүү дээ!!!\nОрон нутаг улам эзгүйрнэ