Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормоог сонголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2022.08.29/ үргэлжиллээ.

Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ.

Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БУЯНТ(103.242.47.14) 2022 оны 08 сарын 29

Анхны эмэгтэй биш хамгийн эмгэнэлтэй сонгогдсон дарга боллоо Улсын томчуул нь муу Дэлгэрсайханыг хүчээр нэрийн татуулж,Ховдчуудыг мал болголоо Комисст дэлгэм үнэхээр тогтсон бололтой

0  |  0
Уншигч(139.5.216.162) 2022 оны 08 сарын 29

Ардчилсан засаглалын он жилүүдийн анхны эмэгтэй засаг дарга юм шүү, БНМАУ ын үед бол эмэгтэй дарга байсан юм билээ. Тогтвортой сайн ажиллаарай л гэж хэлэх байна, улс төрийн гишгүүр болгоод 2 хон жил ноцолдмор аялчихаад дэвшээд доошлоод алга болоод өгөв. Хойч залгамж эмэгтэйчүүддээ садаа болов гэж анхааруулья. Амжилт хүсье.

0  |  0
zzzzz(192.82.69.249) 2022 оны 08 сарын 29

zuw

2  |  0
Top