Ихэс дээдэс маань түргэн шуурхай байна. Цэцээс гаргасан шийдвэр, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан даруйд хэлэлцүүлэг хийчихлээ. Өчигдрийн байдлаар Удирдах зөвлөл хуралдаж сайд нараа тодруулчихлаа. Ихээхэн яарч байна.
Эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улмаар Засгийн газрын шинэ бүтцэд яарч байгааг юу юунаас илүү ойлгож байна. Өдгөө төлөвлөн ажиллаж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-оос эхлээд олон зүйлийг хөдөлгөх байх хэмээн ард түмэн ч найдаж байгаа. Харин “Адуу үргэхэд илжиг дагаж үргэнэ” гэдэг шиг АН болон улс төрийн бусад жижиг намууд хөөрч гүйгээд байгааг ойлгох юм алга. Тэр тусмаа эрх баригчдаас ямар нэгэн шийдвэр гаргахаар АН дагаад үймэх юм. Дагаад шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй ч нэгнээ хөөхөөс эхлээд “бичиг” үйлдэж сүрийг үзүүлэх болжээ. Хэнд хайртай гэдгээ харуулах гээд байгааг ойлгож ядах юмгүй. Ер нь бол АН болон улс төрийн жижиг хүчнүүд 2016 оноос хойш МАН-ын гаргасан тогтоол шийдвэрийг дагаж “бичиг” үйлдэх болсныг нуух хэрэггүй. Наанаа сүр хүчийг үзүүлдэг ч цаанаа нэг нам шиг л ажиллаж ирсэн гэхэд болно. Тодотговол 2017 онд эрх баригчдын оролцоотой гэж болох “Шударга иргэдийн фронт” байгуулсан даруйд С.Эрдэнэ дарга бичиг үйлдээд Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөх шийдвэр гаргасан.
Үүнээс эхлээд дандаа МАН-ын шийдвэрийг дагасан үйл явц өрнөж байв. Энэ мэтээр өөрийн гэсэн үзэл баримтлалтай, итгэл үнэмшлээ өгсөн олон мянган гишүүнтэй нам нь бусдыг даган, бичиг үйлдэж байгаа нь олны дургуйүцлыг хүргээд удаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд олонхийн бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлэг хийсний шилийг дарж, МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн зарим шийдвэрийг угтуулан нэгэн “бичиг” үйлдлээ. Ингэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ “Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн нь зүгээр хөшиг татсан хэрэг. Үүний цаана өнөөх л олонхоо дагасан “бичиг” үйлдэж, хайр зарласан явдал гэдэг нь ойлгомжтой.
Тэрбээр энэ үеэр АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарын дөрвөн гишүүнийг намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Харин Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, УИХ-д таван гишүүнтэй үйл ажиллагаа явуулахаар боллоо. Ингэхдээ УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж, зөвлөл байгуулан, Д.Ганбат гишүүнийг даргаар нь томилсноо мэдэгдэв. Энэ мэт АН-ын МАН-ыг дагаж гарч байгаа шийдвэр олон байгаагийн цаана томоохон горьдлого нуугдаж буй. Зөвхөн АН ч бус МҮАН, ИЗНН гэх мэт олон жижиг хүчнүүд өөр өөрсдийн хэмжээнд горьдлого тээсээр өчигдрийн нүүр үзэв. Уг нь улс төрийн аливаа намд өөрийн гэх үзэл баримтлал, хувь хүнд үзэл бодол гэж нэг зүйл баймаар сан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч АН-ыг шинэ Засгийн газарт багтана гээд зогсохгүй зарим жижиг улс төрийн хүчнүүдээс төлөөлөл байх тухай эртнээс дурдаад эхэлсэн. Өдгөө ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт орчихсон битүүхэн зөөлөн суудал мөрөөдөж яваа нөхөд байсан ч талаар боллоо. МАН-д тийм хайр бий гэхэд ихээхэн эргэлзээ төрж байсан минь талаар болсонгүй.
Улс орны томоохон эрх ашгийн төлөө АН-тай бүү хэл МҮАН-тай ч нэгдэж болох байх, Л.Гүндалайгийн намтай ч болох байх. Гэхдээ үгүй гэдгээ эрх баригчид харууллаа. Өөрсдийн үзэл баримтлал дагуу босгож бүтээж яваа бүх зүйлээ гудамжны голдуу улстөрч нэртэнтэй хольж хутгаад ажил урагшаа явна гэдэг юу л бол. “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэхэд С.Эрдэнэ тэргүүтэй АН-аар яах юм. Дагуул хот босгоход МҮАН-ын Цогтгэрэлээр яах юм. Ёстой л “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг дээ. Хошуу дүрээд ажил гацаана уу гэхээс хуруу нэмээд ажил урагшлуулах өөдтэй ч хүн байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.
Нөгөө талд МАН-аар дүүрэн нөхөд эрэмбэ дарааллын дагуу өөрийн тохирох албанд ээлжээ хүлээж суусан шүү дээ. Тэд ч санасандаа хүрлээ. Тэдэнд хүлээх эрх ч бий. Хаа байсан жижиг намууд хүлээж горьдож байхад тэдэнд хүлээлт байх нь зүйн хэрэг. Уг нь АН тэргүүтэй жижиг намуудын хүчээр бус МАН-д зүтгэсэн нөхдийн ачаар олонхийн бүлэг өөрийн засгаа байгуулан ажиллаж байгаа гэдгийг хаа хаанаа саналгүй дээ. Яахав, 2008 онд Ерөнхий сайд асан С.Баяр “Стандарт бус” Засгийн газар гээчийг байгуулж, УИХ-аар Оюутолгойн төслийг хөдөлгөх тогтоолыг батлуулж байсан түүхтэй.
Тухайн үед буюу 2008 оны сонгуулиар МАХН 39, АН 25, ИЗН нэг, бие даагч нэг гэсэн суудал авч байв. Тэгэхээр хүч тэнцүү шахам суудалтай үед хамтарсан Засгийн газар байгуулж, томоохон төслөө урагшлуулах зайлшгүй шаардлага байсан. УИХ-д 25 суудалтай намын бүлэг бол ямар ч хуулийг гацааж, ямар ч төслийг царцааж чадах учраас мухардалд орсон байх. Харин өнөөдөр эрх баригч нам 62 суудалтай жаалж байгаа бол АН ихэнх гишүүдээ намаасаа хөөж, тавхан хүнтэй зөвлөл байгуулж байна. Нөгөө талаас буюу ХҮН-аас Я.Доржханд гэх ганц нөхөр бий. Үүнээс харахад эрх баригчдад төслөө хэрэгжүүлэхэд ямар ч саад алга. Таван хүнтэй зөвлөл гэдэг даанч чамлалттай. Тэгэхээр АН болон жижиг намууд янз бүрийн горьдлого тээж салхилах хэрэг байсангүй л дээ. Нөхцөл байдал, цаг үеийн уур амьсгалаас дүгнэлт хийсэн ч хэрэггүй байсан.
Тэгээд ч эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр доорх таван өөрчлөлтийг хийнэ хэмээн ил ярьж байгаагаас цаанаа ямар төлөвлөгөө боловсруулж суугааг ИЗН бүү хэл МАН-ын зарим гишүүд ч мэдэхгүй байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 105 ба түүнээс дээш болгох, давхар дээлтэй сайд нарын тоог гишүүдийн тоонд үндэслэн нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, Сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрт оруулах, Улаанбаатар хотын статусыг томсгох гэсэн таван зүйл байгаа. Энэ нь тэдний ил төлөвлөн ярьж байгаа зүйл болохоос бус УИХ-ын гишүүдийн тоог лав нэмэхгүй. Яах юм. Нэг сая гаруй сонгогчдод 76 гишүүн ахадна уу гэхээс багадахгүй. МАН ч ард түмний эсэргүүцэл чухам л үүнтэй тулахыг эртнээс мэдэж байгаа биз. МАН сонгууль угтан, ард түмний дунд рейтингээ унагаахгүйгээ сайн мэднэ. Гэтэл жижиг намуудын зарим нөхөд УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл “Би УИХ-д орно” гэсэн мугуйд бодолтой эрх баригчдаа дэмжээд гүйж байна. Олонхийн нэн тэргүүний асуудал бол давхар дээлтэй сайд нарын тоог гишүүдийн тоонд үндэслэн нэмэх явдал юм. Мэдээж хэрэг сонгуулийн тогтолцоог хүссэн хэмжээгээрээ өөрчилнө. АН болон бусад жижгүүдэд тийм ч хүртээлтэй биш. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай ч ташаа зүйл байх.
Харин тодорхой бүлэглэлийн зүгээс Улаанбаатар хотын статусыг томсгох тал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Гэвч хөдөөнөөс Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг зогсоох, түүнийг сааруулах бодлого дор Улаанбаатарыг бус аймаг, орон нутгийг хөгжүүлэх асуудал нь илүү том болж харагдана. Үүгээр дамжуулан юу хэлэх гээд байна вэ гэхээр жижиг ч гэсэн улс төрийн хүчнүүдэд итгэл үнэмшлээ өгсөн гишүүд гэж бий, намын үзэл баримтлал гэж бий. Эцэс төгсгөлгүй энэ албан тушаалын дон, горьдлого нь эцэстээ голдоо ортол гомдох шалтгаан болно.
Өчигдрийн байдлаар бүтэшгүй зүйл мөрөөдөж явсан жижгүүд МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэртэй зэрэгцээд гомдчихсон гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )