Төрийн албаны зөвлөл олон улсын шинжээчидтэй зөвлөлдлөө

2022 оны 09 сарын 07

Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр Төрийн албаны зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй ”Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” Төслийн үйл явцад үнэлгээ хийх олон улсын багийн гишүүд Төрийн албаны зөвлөлд ажлын уулзалт хийлээ.

Хөгжлийн өргөн хүрээтэй зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн албаны суурь зарчмуудад тулгуурлан явуулж буй шинэтгэлийн гүйцэтгэх үүрэг, энэхүү үйл явцад дэмжлэг үзүүлж буй дээрх Төслийн ач холбогдлыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг өндөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тохиолдож буй урьдчилан төсөөлөх боломжгүй сорилтууд, ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд бодлого, арга зүйн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байгаа оролцогч талуудын үйл ажиллагаанд Монголын тал сэтгэл хангалуун байдгийг илэрхийллээ.  

Төслийн үнэлгээний багийн олон улсын шинжээч, ноён Херардо Санчиз Мюнез “Адил төстэй шинэтгэл хийж буй улс орнуудад төрийн албыг улс төрөөс ангид, тогтвортой, чадахуйн зарчимд суурилсан байдлаар хөгжүүлэхэд байнгын сорилт бэрхшээл тулгарсаар байдаг нийтлэг жишиг бий. Улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, боловсролын түвшин төрийн албаны шинэтгэлийн үр дүнд ихээхэн хамааралтай” гэсэн бол төрийн албаны шинэтгэлийн цаашдын үйл явц дахь оролцогч талуудын үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлоход үнэлгээний энэхүү ажил дэмжлэг үзүүлэх учиртайг үнэлгээний багийн гишүүн С.Баттулга хэллээ.

Уулзалтын үеэр төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн, хараат бус, тогтвортой, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, төрийн албан дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зорилго бүхий Төслийн олон талт үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов.

Төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх үйл явц нь суурь зарчмуудаа чанд баримтлахын зэрэгцээ хэрэгжүүлэх үйл явц, шийдвэрлэх арга зам, арга ажиллагаанд уян хатан хандахаас ихээхэн хамааралтай байдгийг уулзалтад оролцогчид онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top