УИХ-ын АБГББХ-ны гишүүдийг Лаос Улсад зочлохыг урилаа

2022 оны 09 сарын 07

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр /2022.09.07/ БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга, Генерал Вонсаг Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэв. Мөн цаашид харилцаа хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, улам бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлээд Монгол Улсад тавтай морилохыг хүслээ. Тэрбээр “Лаос, Монгол Улсууд олон жилийн найрсаг сайхан харилцаатай. Манай хоёр улсын харилцааны гэгээлэг түүх цаашдаа энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Мөн далайд гарцгүй манай хоёр улсын хувьд харилцаагаа улам бэхжүүлж олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал гэдгийг уулзалтын үеэр онцолж байв. 

Ноён Вонсаг Пантавонг “Хоёр орны хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү хөгжсөнийг дурдаад, цаашдаа харилцаагаа улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь нэн чухал байна” гэв. Түүнчлэн Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн даргын хувьд хоёр улсын харилцаа өргөжүүлэхийн тулд өөрийн бололцоогоо бүрэн дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд ноён Вонсаг Пантавонг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад зочлохыг урилаа.

Уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Чимгээ, БНАЛАУ-ын Луангнамта мужийн Иргэдийн Хурлын дарга, Лаос-Монголын бүлгийн гишүүн Камфон Инмани, Салаван мужийн Иргэдийн Хурлын дарга, Лаос-Монголын бүлгийн гишүүн Сихэн Хомсумбад болон бусад төлөөлөгчид байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top