УИХ-ын дарга өр тавихгүй байх бодлоготой байгаагаа Дэлхийн банкны төлөөлөгчдөд илэрхийллээ

2022 оны 09 сарын 09

УИХ-ын дарга Г. Занданшатар өнөөдөр /2022.09.09/ Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгосыг хариуцсан захирал Мара Уорвик, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алсариданов нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Хатагтай Уорвикд шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Дэлхийн банк болон Монгол Улсын хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ. Мөн цар тахлын үеэр Монгол Улсад шаардлагатай дэмжлэгийг шуурхай үзүүлж байсанд талархлаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал болон Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, тулгараад байгаа сорилт бэрхшээлүүдийг даван туулах болон эдийн засгийг эрчимжүүлэхэд Дэлхийн банктай нягт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй  байгаагаа УИХ-ын дарга хүрэлцэн ирсэн  зочдод  уламжилж, санал солилцлоо.

Үндэсний үйлдвэрлэл экспортыг дэмжих, халамжийн бодлогыг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийн цогц бодлого хэрэгжүүлэх, залуучуудын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй болгох шаардлагатай байгаа гэж УИХ-ын дарга яриандаа онцолсон. Ингэхдээ Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа учраас  өгөөж багатай зээл авч, өр тавихгүй байх бодлогыг барих нь чухал гэсэн байр суурь баримталж байгаагаа хэлэв.

Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгосыг хариуцсан захирал Мара Уорвик хэлэхдээ, Монгол Улс бол Дэлхийн банкны гол түншүүдийн нэг. Тиймээс ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсад  ирэхэд их зүйл өөрчлөгдсөн байна.

Дэлхийн банкны хувьд Монгол Улсын  нэн шаардлагатай байгаа салбаруудад хамтран ажиллаж, нөлөө бүхий далайцтай ажлыг хамтран хэрэгжүүлэх зорилт  тавьж, энэ хүрээнд Монгол Улсад зочилж байгаа гэлээ. 

Түүнчлэн энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцаж Дэлхийн банк болон Монгол Улс хэрхэн хамтран ажиллах талаар судлах болно гэж Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгосыг хариуцсан захирал Мара Уорвик хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top