Ж.Сүхбаатар: Энэ ондоо багтаж нийтийн тээврийн шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ хуралдаанаар Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Өмнө нь Үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажиллаж байсан. Харин хойшид Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тус хороог ахалж ажиллах юм.

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Үндэсний хорооны хуралдааныг зохион байгууллаа. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Үндэсний хороо цаашид анхаарч ажиллах асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, асуудлыг цогцоор нь шийдэхийг даалгав.

Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Засгийн газраас шахуу хугацаанд эрчимтэй ажиллах үүрэг өглөө. Энд онцлон хэлэхэд манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Дараагийн яаравчлан хийх ажил бол нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэх шаардлагатай байна. Түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгөх нь зөв болов уу. Түгжрэлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал учир төр, иргэд, хувийн хэвшлийнхний гурамсан оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” хэмээн өгүүллээ.

Үндэсний хороо цаашид салбар дундын зохицуулалтыг чухалчилна гэдгийг онцлон мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.177) 2022 оны 09 сарын 15

Худалч өвөө

0  |  0
(192.82.82.75) 2022 оны 09 сарын 15

Гол нь жолооч нарынх нь ухамсар сахилга батыг нь сайжруулах шаардлагатай шүү. Өчнөөн хүний амь нас, эрүүл мэндийг тээж хөдөлгөөнд оролцож байж утасаараа байнга яриастай, хараал урсгаж, зорчигчдыг загнаастай. Хөдөлгөөнд оролцож байгаа соёл гэж юу ч байхгүй. Эгнээ байр буруу эзэлж, бусдын хөдөлгөөнд саад учруулж, давхар эргэх гээд бүхэл бүтэн эгнээ хаагаад зогсчихно. Бүтэхгүй гарууд.

0  |  0
Top