Нефть үү, адуу юу!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Хүн амынх нь 60 хувь нь араб үндэстэн оршдог Кувейт улсад Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэн суухаар болов. Түүнтэй хамт Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Э.Сарантогос, Швейцарь улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томилсон нь П.Сэргэлэнгийн дүрийг баахан бүдгэрүүлэв.

Арга ч үгүй. Хамт нэр дэвшсэн хоёр бүсгүйн хувьд яах аргагүй мэргэшсэн диполматч, зангарагтай хүмүүс аж. Гэхдээ П.Сэргэлэнд давуу тал бий. Тэр Монгол Улсын Алдарт уяач төдийгүй хурдан морь, адууны төлөө амьдралаа зориулж ирсэн моринд дуртай Монгол эр хүн. Цагтаа түүний тэргүүлдэг “Мон хангай” групп хурдан морины уралдааныг хөхүүлэн дэмжиж, Монгол Улсад хамгийн том бай шагналыг өгч байв. Тэр өөрөө ч Монголын Морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гээд түүний амьдрал тэр чигтээ адуутай холбогдоно. Үүгээр ч зогсохгүй Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан гээд бод. Адуу, хурдан морь, түүнийг уядаг нөхөд бол монгол үндэстний өв соёлыг олон мянган жил тээж өнөөдөрт ирсэн гавьяатай. Тэр тусмаа даяаршлын шуурга үй зайгүй нүдэж байгаа энэ цагт П.Сэргэлэн бол маш том гавьяа байгуулсан гэхэд болно.

Адуу дагасан маш том соёл бий. Тиймдээ ч уламжлалт өв соёлыг тээгчид өдрөөс өдөрт үнэд орж байгаагийн нэгэн жишээ бол П.Сэргэлэн. Төрд ажиллаж байгаагүй тэрбээр 2016 онд гэнэт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тодорч, Элчин сайдад нэрээ тамгалах хүртэл  Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байсан төрийн албаны намтар нимгэнтэй нөхөр. Хамгийн гол нь тэр төрд ажилласан гэх мэт яах вэ.

Ерөнхийлөгч маань өөрөө үндэсний үзэлтэй, уламжлалтай хайртай хүн учраас адуу дагасан соёлоо бодож П.Сэргэлэнг Элчин сайдад санал болгосон байх. Тэр тусмаа Кувейт улс руу санал болгосон байх. Манай уяачдад ч том боломж нээгдэж байна. Тэдний хувьд Кувейтээс адуу экспортлох том боломж нээгдэж байна гэсэн үг. Гэхдээ бизнесийн салбарын хүн, нефтийн оронд нэгэнт очсон адуугаа мартах вий.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.35) 2022 оны 09 сарын 21

Уяач хүнийг элчингээр томилдог улс манайхаас өөр байдаг болов уу тэр тусмаа хөрөнгө оруулалт татах боломжтой баян оронд

0  |  0
нарангэрэл(66.181.160.83) 2022 оны 09 сарын 21

тэр кувейтийн баяжууд чинь бас л хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг юм шүү тэрийг мэдэж байгаа байлгүй дээ

0  |  0
нарангэрэл(66.181.160.83) 2022 оны 09 сарын 21

улс оронд улстөрийн эдийн засгийн ур ухаан хэрэгтэй болохоос адуу мал үржүүлээд улсаа хөгжүүлэх гэж байвал хүний доог болно шүү арай ч тийм гоомоо зүйл хийхгүй байлгүй

0  |  0
Top