Гишүүдийн итгэл үнэмшил чухал уу, тамга, тэмдэг чухал уу!

2022 оны 09 сарын 22

АН-ын маргаан олон жил үргэлжилсэн болохоор чухам хаана нь ямар үйл хэрэг үргэлжилж байгааг мэдэх гишүүд ч үгүй болсон байх. Хэн нь дарга юм, хэн нь хуурамч тамгатай юм гэдгийг мэдэх боломжгүй болсон.

Хамгийн ойрын баримт гэвэл өнгөрөгч хавар болж өндөрлөсөн АН-ын даргыг сонгох сонгуульд тус намын данстай 110 гаруй мянган гишүүн нэр дэвшигч Х.Баттулгад итгэл үзүүлж, тэрбээр АН-ын тамгыг гардаж авсан. Гэтэл тус сонгуульд оролцоогүй С.Эрдэнэ “Надад албан ёсны тамга байгаа. Тэр ямар хурал зохион байгуулаад ямар сонгууль хийгээд, ялав. Хүчингүй хурал шүү” гэх мэтээр ярьж суусан. Нэлээд бардам ярьж суугааг бодоход чамгүй зангилааг атгаж байж болох юм гэж л бодож байв

Ингэхээр 200 шахам мянган гишүүнтэй гэх АН-ын Их хурал хуралдаж, дүрмийн шинэчлэл болон бусад асуудлаа хэлэлцсэн төдийгүй даргынхаа сунгааг товлосон. Энэ дагуу даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөх эрхийн мандат авч байв. Ийнхүү нэр дэвшигчид орон даяар АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж, энэ сарын 3-ны өдөр санал хураалт явуулснаар нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 74.9 хувь нь санал өгч оролцсон бөгөөд тэдний 96.3 хувь нь Х.Баттулгад итгэл үзүүлжээ. Өрсөлдөгч Ж.Батсуурь нэрээ татсанаар “Женко” өөрөө өөртэйгөө уралдаад түрүүлчихсэн хэрэг.

Хамгийн гол нь АН-ын данстай нөхөд бултаараа шахам түүнийг “Манай намын дарга мөн” гэж үзсэнд л утга нь оршино. Мунхаглан үзвээс Х.Баттулга намын Их хурлаас сонгуульд нэрээ дэвшүүлэн, гишүүдийн олонхийн саналаар дарга болж, харин С.Эрдэнэ ямар нэг сонгуульд оролцоогүй ч өөрийгөө намын дарга хэвээрээ гэж үзэж байна.

Тэгэхээр энэ нам цаг үеийн нэгэн том сорилттой тулгарч, 30 гаруй жил оршин тогтносон АН байх эсэхийг шийдэх цаг үед ирээд байгаа хэрэг. Үнэхээр гишүүдийн итгэл үнэмшил хэрэгтэй юу, тэр нэг элдэв аргаар гацаагаад байгаа тамга, тэмдэг хэрэгтэй юу гэдэг асуудал бултах аргагүй тулчихаад байна.

АН-ыг нэг мөр дампууруулъя гэвэл С.Эрдэнийн атгаж байгаа тамгыг хараад дуусах нэг зам байна. Хэрвээ энэ намыг аваръя, индэр дээр гаргаж ирье гэж байгаа бол С.Эрдэнийг тамга тэмдэгтэй нь нэг мөр “булшлаад” шинэ гараанаас хөдлөх нэг зам байна. Тэртээ тэргүй “Женко”-г 110 мянган гишүүн дэмжиж байхад АН байж байна гэсэн үг. С.Эрдэнэ гишүүнгүй намын тамга тэмдэг барьж яваад хаанаас, хэнээс дэмжлэг авахыг нь харахгүй юу. Бүхэл бүтэн АН-ын нэр дээрээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд нийт сонгогчдын зургаа хүрэхгүй хувийн санал авсан хүн шүү дээ.

Эцсийн эцэст улс төрийн нам нь гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдог. Өөрөөр шүүхийн шийдвэр, тамга тэмдэг огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Х.Баттулга олны ярьж байгаа шиг муу муухайгийн үүр уурхай байж болно. Төмөр замаас эхлээд олон газраас мөнгө завшсан байж болно. Ямартай ч тэр АН-ын 110 мянган гишүүний итгэл хүлээж чадаж байгаа нь энэ намын оршин тогтнох нөхцөл тэнд л бүрдэж байна гэсэн үг.

АН-ынхны харааж зүхэж байгаагаар С.Эрдэнэ МАН-д барьцаалагдсан. Айсуй 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулах бүх аргаа хэрэглэж байна гэдэг. Тэгэхээр итгэл үнэмшил дээр тогтсон энэ нам ялагдлаа хүлээгээд байх нь яавч зохисгүй зүйл. Хэрвээ С.Эрдэнэ МАН-ын захиалга гүйцэтгэж байгаа бол тамга тэмдэгтэй нь булшилчих хэрэгтэй. Нэг сийлбэртэй модноос болоод Монголын улс төр нэгэн жигүүргүй байж болохгүй. С.Эрдэнэ Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байхдаа Даатгалын санд гар дүрж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Найрамдал зуслангийн орчим газрыг зараад идсэн гэх мэт түүнийг торны цаана суулгах олон шалтгаан байгаа. Ядарсан эр хүн ял зэмээс мултрах гэж бүхэл бүтэн улс төрийн нам тарааж байна гэдэгт итгэх хүн үгүй ч мөр зэрэгцсэн нөхөд нь үүнийг тал талаас барин тавин хэлсэн. Тамганы тухайд бол АН-ын дарга явсан З.Энхболд “Би 2000 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хийлгэсэн тамга бол энэ шүү. Гишүүдээ, би өөрөө хийлгэсэн зүйлээ танина” хэмээн Х.Баттулгадаа гардуулж өгнө лээ. АН бол яах аргагүй 2000 онд таван намын нэгдэл дээр суурилж буй болсон нам гэдгийг мэдэх байх. Гэхдээ таван нам нэгдэх үед С.Эрдэнэ МоАН-ын дарга байсныг мартаж болохгүй. Тухайлбал, Д.Бямбасүрэн даргатай Сэр­гэн мандлын нам, Ц.Баярсүрэн даргатай МШАН, Р.Амаржаргал даргатай МҮАН, Р.Гончигдорж даргатай МСДН, Уламжлалын нэгдсэн нам гэсэн зургаан бүлэглэл дээр нэгдэн суурилж, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулж байсан түүхтэй.

Сайндаа ч биш 2000 оны сонгуульд зургаан тийш харж өрсөлдсөн учраас ялагдал хүлээж, Дундговь аймгаас Ж.Наранцацралт ганцхан суудал авчирч байсан юм. Тиймээс нэгдэж нийлж байж хүчтэй байх юм байна гэдгийг ч ойлгосон хэрэг. Ийнхүү зургаан нам нэгдэн АН бий болсноор 2004 оны сонгуульд амжилттай оролцож, “Их эвслийн” гэх Засгийн газарт хүртэл хамтарч байв. Өнөөдөр АН яг ийм сорилтын өмнө ирсэн болов уу. Уг нь үүнийг 2016 оны их ялагдлын дараа ойлгох байсан ч цаг хугацаа алдсаар өнөөдөрт иржээ гэж ойлгогдохоор. Магадгүй энэ хэвээрээ байх юм бол 2028 оны хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдал ч үүсэж мэдэхээр харагдана. Энд нэг зүйл байгаа нь С.Эрдэнэ хуучин МоАН-ын тамгыг албажуулчихаад өгөхгүй суугаад байж болох юм. Харин З.Энхболд 2000 онд таван намын нэгдэлд суурилсан АН-ыг байгуулахад хийлгэсэн тамгаа Х.Баттулгад өгсөн байж болох юм. Хоёр талтай л асуудал.

Юутай ч АН-ыг тарааж алдсан ч тамгаа өгөхгүй гүрийж байгаа С.Эрдэнийн хувьд “Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй. Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа” гэж хэлнэ лээ. Үүнийг ч харгалзан үзэх хэрэгтэй. Энэ маргаан өнөөдрийнх биш учраас Улсын дээд шүүх хоёр ч удаа АН-ын тамга тэмдэг С.Эрдэнэд байгааг нотолсон шийдвэр гаргасан. Одоо юуг нь хүлээх вэ. Нэгэнт эрх баригчдын барьцаанд орсон нөхрөөс тамга тэмдэг хүлээх хэрэг алга гэдгийг л хэлэх гэсэн юм.

Өнгөрөгч парламентын үед АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Болд, Ж.Батзандан нарт сахилгын арга хэмжээ авсан учраас цаад хоёр нөхөр нь шинээр нам байгуулж явснаас АН-ын хагарал үүсэлтэй гэж үздэг. Тэгэж үзэхээс ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тэд ч яах аргагүй өрсөлдөгч МАН-ын гишүүдтэй нийлэн тугаа мандуулж явсныг хүн бүхэн мэднэ. Гэтэл үүний цаана бас өөр зүйл байсан. Тэд намынхаа даргатай хамтарч ажиллах боломжгүй болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Болд “Би УИХ-ын гишүүн гэж төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй хүн. Тэдний төлөөлөл болж сонгогдсон хүн. Харин үүндээ үнэнч байсныхаа төлөө намаасаа хөөгдсөн. Түүнээс би АН-аас урваагүй. С.Эрдэнэ гэдэг даргатай АН-ыг хүлээн зөвшөөрөөгүй. АН-ыг төдийгүй ардчиллыг ялагдал, сүйрэлд хөтөлж байгаа С.Эрдэнийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр ч тэр хэвээрээ л байна шүү дээ” гэж хүртэл хэлж байв. Мөн Ж.Батзандан “С.Эрдэнэ даргатай байхад АН өөдлөхгүй. Энэ хүн нам тараах зорилготой байна” гэж хэлж байсан.

Аргагүй нөхцөл байдалд тулсан АН одоо чухал шийдвэр гаргаж хөдлөх хэрэгтэй. Чухам гишүүдийн итгэл үнэмшил чухал уу, тамга, тэмдэг чухал уу гэдгийг харуулах цаг нь тулчихсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (150.129.142.235) 2022 оны 09 сарын 24

Энэ бузар байсан цагт МАН үргэлж ялна

1  |  0
магсар(124.158.68.201) 2022 оны 09 сарын 22

Угаас АН-д 20 гаруй мянган хүн гишүүн гэж биетээр бүртгэгдсэн байдгийг Буян-Жагай илчилсэн байдаг бусад гишүүд гэдэг нь Компьютэрт байгаа амьгүй албатуудын бүртгэл юм.С.Эрдэнэ Нийгмийн бүртгэлийг гишүүдээ болгон ашигласан гэдэг.Ихэнх нь өндөр настнууд байсан бөгөөд Тэдний 10000-г сэргээн амьдруулаад тэтгэврийг ньөгүүлсэн Тэр байтугай зээл авахуулсан гэж шалгалтаар илэрсэн ч УИХ-н гишүүн болсноор мартагдсан

0  |  0
нэү(192.82.91.217) 2022 оны 09 сарын 22

ууганбаяр гэгч чи баттулгад 110 мянган АН-гишүүд санал өгсөнийг нүдээр харж тоолсон юмуу!? сэтгүүлч ухаантай юм бол баримттай юм бичмэглэж сур. үнэн тоог чамд хэлчье!!!! 20 гаруй мянган хүн санал өгсөн.үүнийг хамт явсан хүмүүс хэлсэн. зарим мэдээлэлийн хэрэгсэлээр тухайн үед мэдээлж байсан

0  |  0
7(192.82.86.145) 2022 оны 09 сарын 24

Энийг буудчихаач

1  |  0
зочин(202.21.104.2) 2022 оны 09 сарын 22

энэ хүн гишүүн биш биздээ

0  |  0
Эрдэнэ (202.21.104.2) 2022 оны 09 сарын 22

Би гишүүдийн итгэлээ ч алдсан, тамга тэмдэг ч хуурамч, сэрж үз

0  |  0
Top