Дэлхий даяар ам.долларын саятнуудын эгнээ 2021 онд 5.2 саяар тэлж, нийт 62.5 саяд хүрчээ. Үүнээс гадна өнгөрөгч он дэлхийн нийт баялаг 463.6 их наяд ам.доллар болж, түүхэн дэх дээд үзүүлэлтэд хүрчээ.
Швейцарын “Credit Suisse” банкны тайланд дурдсанаар, 2021 оны сүүл гэхэд дэлхийн баялгийн нийт хэмжээ 463.6 их наяд ам.доллароор үнэлэгдсэн нь 2020 онтой харьцуулахад 9.8 хувиар нэмэгджээ. 2021 оныг хүртэл дэлхийн баялгийн өсөлт дунджаар 6.5 хувь байжээ. 2021 оны байдлаар, насанд хүрсэн нэг хүнд 87 489 ам.доллар ногдож байсан нь 2020 онтой харьцуулахад 8.2 хувиар өссөн байна. Швейцар улс насанд хүрсэн нэг хүнд ногдох баялгийн хэмжээгээр /696.6 мянган ам.доллар/ тэргүүлж, АНУ, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг, Австрали удаалж байна.
Өнгөрсөн оны байдлаар, дэлхийн хүн амын нэг хувьд бүх баялгийн 45.6 хувь төвлөрч байжээ. 2019 онд энэ үзүүлэлт 43.9 хувь байсан аж. Шинжээчид улс доторх тэгш бус байдалд анхаарал хандуулж байна. Дэлхийн нийт саятнуудын ихэнх нь буюу 24 сая 480 мянган саятан АНУ-д амьдарч байна. 12 сарын дотор тэдний эгнээ 2.5 саяар өргөжсөн байна. Долларын саятнуудын тоогоор БНХАУ хоёрт жагсаж байна. Тус улсад зургаан сая 190 мянган долларын саятан амьдарч байгаа бол гуравт Канад оржээ.
Ирэх таван жилд долларын саятнуудын тоо дэлхий даяар 25 саяар нэмэгдэж, 87 саяд хүрэх төлөвтэй байна. Ингэхдээ саятнуудын эгнээ Хятад улсад зургаан сая гаруйгаар тэлэх бол АНУ, Их Британид 3.2 болон 1.8 саяар тус тус нэмэгдэх төлөвтэй байна гэж тайланд онцолжээ. 2026 онд дэлхийд насанд хүрсэн хүн амын 38 хувь 10-100 мянган ам.долларын хөрөнгөтэй болох бол насанд хүрсэн долоо хүн тутмын нэг 100 мянгаас нэг сая ам.долларын хөрөнгийн эзэн болох гэнэ.