Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид энэ есдүгээр сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцлоо.
Ерөнхий санал шүүмжлэлийн энэ өдрийн хуралдаанд Бразил, БНСУ, Катар, ӨАБНУ, Словак, Турк, Чили, Франц, Швейцар зэрэг улсын төр, засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлогыг танилцуулан, олон улсын тавцанд тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлсэн үгэндээ дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс тусламж, итгэл найдварыг эрэлхийлэн цөхрөнгөө барж байхад уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөн, тогтвортой хөгжил зэрэг томоохон сорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа геополитикийн сөргөлдөөнд саажин чадваргүй болоод байгааг тэмдэглэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаанд тулгуурласан шийдлүүдийг гарган ажиллах шаардлагатайг онцлон, олон гэрээ хэлэлцээр байгуулж, сайхан зорилгуудыг тодорхойлсон ч чамлахаар үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүмжлэв.
КОВИД-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр, 76 дугаар чуулган 2021 онд хязгаарлагдмал хэлбэрээр болсон бол энэ удаагийн чуулганд 82 улсын Ерөнхийлөгч, 51 улсын Ерөнхий сайд биечлэн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.
Энэ есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн есдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.
Сэтгэгдэл ( 0 )