ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцэн Москва, Петербург, Екатеринберуг, Красноярск, Иркутск, Улан-Үд, Томск, Новосибирск зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсаалын үеэр хууль хүчнийхэн 1000 гаруй хүнийг саатуулсан байна.
Хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа оросууд бөөнөөрөө хилээр гарч байна. Ялангуяа визгүй зорчдог орнуудыг чиглэсэн нислэгийн тийзүүд даруй борлуулагдаж байна. “Turkish Airlines” компанийн даваа гараг хүртэлх Истанбул чиглэлийн шууд нислэгийн тийз бүрэн зарагджээ.
Есдүгээр сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлах тухай зарлиг гаргасан билээ. Путины хэлснээр, дайчилгаанд ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж байсан, Сири, Кавказ дахь цэргийн ажиллагаанд оролцож байсан туршлагатай нөөцөд байгаа 18-50 насны иргэдийг хамруулахаар болсон. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, нийт 300 мянган хүнийг дайчлахаар төлөвлөж байна. Түүний хэлснээр, нөөцөд буй 25 сая хүнээс нэг гаруй хувь дайчилгаанд хамрагдана. Хэсэгчилсэн дайчилгаа нь Оросын армийн хяналт тогтоосон Украины бүс нутаг болон нэг км үргэлжлэх галын шугамд хяналт тогтоох зорилготой.
2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 137 мянган хүнээр нэмэгдүүлэх шийдвэр мөн гараад байгаа билээ.