Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2022.09.21/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Ерөнхийлөгч нийт 22 минутын турш үг хэлсэн бөгөөд үгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.
Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган нь цар тахлын дараах дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
Өнгөрсөн 2021 онд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ой тохиож байна.
Энэхүү түүхийн 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн улс байж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт хамтын ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө манай улс өөрийн бодит хувь нэмрээ оруулж ирснийг НҮБ-ын энэхүү эрхэм хүндэт индэр дээрээс эх орон, ард түмнээ төлөөлөн хэлэхэд бахдам сайхан байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, түүнээс улбаалсан хил гааль, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт-инфляц болон геостратеги, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй амаргүй хүнд цаг үеийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна.
Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан цар тахлын хүнд цаг үед харин дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол?
Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймээс өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг ямагт зорьж ажиллах ёстой юм.
Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн, мөнх хөх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евразийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоосон түүхтэй билээ.
“Монголын их амар амгалан” тогтсон нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж, улс хоорондын худалдаа арилжаа чөлөөтэй болж, элч солилцох ёсон тогтож, бусад ард түмэнд өөрийн соёл, шашныг тулгалгүй шашны эрх чөлөө, хууль дээдлэх ёсны үзэл санааг тунхагласан зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр байсныг дэлхийн эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэдэг юм.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Монголчууд бол Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
“Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг ийнхүү тод илтгэж байна.
Иймээс дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн онцлон хэлсэн явдал юм.
Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал билээ.
Өнгөрсөн 08 дугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээн сануулсныг Та бид мэдэж байгаа.
Иймээс энэхүү гэрээнд нэгдэн орсон улс орнуудаас гадна НҮБ-ын нийт гишүүн орнууд цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө улс төрийн хүсэл эрмэлзэл, эр зориг гаргаж, эх дэлхий, энх тайван, ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, хамтран зүтгэхийг уриалж байна.
Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэг.
Иймээс Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэж үзэж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор манай улсын 20 мянга орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсээр ирлээ.
Монгол Улс 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй энхийг сахиулагчийг илгээж байснаас хойш эдүгээ энэхүү ажиллагаанд цэрэг, цагдаагийн хүчин хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо тэргүүлэгч эхний 20 улсын нэг болжээ.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоол, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас гаргасан “үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 2027 он хүртэл 15 хувьд хүргэх тухай” зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын санаачилгаар “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо энэ оны 06 дугаар сард амжилттай зохион байгуулсан бөгөөд дэлхийн 30 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Монгол Улс цаашид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг дэвшүүлээд байна.
Бидний энэхүү санаачилгыг НҮБ-ын холбогдох алба болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч улс орнууд талархан дэмжинэ гэдэгт итгэл төгс байна.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх ариун үйл хэрэгт энхийг эрхэмлэгч Монгол Улсын оруулж ирсэн бодит хувь нэмэр, санал, санаачилгыг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд хувь нэмэр оруулахын тулд Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн.
Энэ хүрээнд 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг санаачилсан билээ.
Өнгөрсөн 06 дугаар сард Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурлыг зохион байгуулж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүчний сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг сэдвүүдээр өргөн хүрээний яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг бага хурлын үр дүнгээс харахад “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын нэр хүнд улам өсөж, бүс нутгийн улс орнуудын оролцоог хангасан, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, бүс нутгийн яриа хэлэлцээний нээлттэй механизм болон төлөвшиж байна.
Байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэлийн үед бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн дэд бүтэцтэй болох нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймээс Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн бөгөөд өдгөө Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.
Эдгээр санаачилгыг бүс нутгийн бусад улс орнууд болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Гурав дахь жилдээ үргэлжилж буй КОВИД-19 цар тахал болон геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн эдийн засгийн өргөн хүрээтэй хориг саад, хязгаарлалт нь улс орнуудын эдийн засагт хүнд цохилт болж, хүнс, шатахуун, хөдөө аж ахуйн болон эрчим хүчний гол түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хэлбэлзүүлж, томоохон эрсдэл үүсгээд байна.
КОВИД-19 цар тахлын эсрэг хүчин чармайлтад НҮБ, түүний системийн байгууллагууд, хөгжлийн түнш орнууд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлсний хүчинд эдүгээ манай улс иргэдийнхээ 70 хувийг вакцины бүрэн тунд хамруулж, цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалтаа бүрэн цуцалж, хил хязгаараа бүрэн нээгээд байна.
Амаргүй цаг үе байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” батлан хэрэгжүүлж, энэ хүрээнд авто зам, төмөр зам, боомтын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийг эрчимжүүлэх болон төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээмжийг сайжруулах зэрэг асуудлуудад онцгой анхааран ажиллаж байна.
Түүнчлэн цар тахлын хүнд цаг үе, шинэ нөхцөл байдалд Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг баталж, цахим “E-Mongolia” системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашлаад олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.
НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дэвшүүлсэн хөгжлийн суурь асуудлуудыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд өөрийн улсын “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг болон “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хэрэгжүүлж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг зэрэг асуудал хүн төрөлхтний өмнө хүнд сорилт болж, шийдлээ хүлээсэн хэвээр байгааг бид бүхэн огт мартаж болохгүй.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг юм.
Тиймээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах, хамгаалах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.
Манай ард түмэн, Засгийн газар, хөгжлийн түншүүд уг санаачилгыг талархан хүлээж авч, өдгөө “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай өрнөж байгаагийн зэрэгцээ тус хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр нэгдэн, дэмжин оролцсоныг дуулгахад таатай байна.
Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийлж байна.
Энэ ажлын хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа Та бүхэнд дуулгая.
Мөн дэлхий нийтийн анхаарлыг хандуулах асуудлын нэг бол бэлчээр хомсдож, нүүдлийн мал аж ахуйн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, нүүдлийн соёл иргэншил устах аюулд орж байгаа явдал юм.
Монголчууд бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин удамтай ард түмэн билээ. Бидэн шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг дэлхийн улс орны 200 гаруй сая хүний аж амьдрал уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, ган зудаас шалтгаалан эрсдэлд ороод байна.
Тэдний эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулаад байна.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зэрэгцээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэхүү ажил, арга хэмжээнүүдэд олон улсын байгууллагууд бүс нутгийн улс орнууд хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Ийм ч учраас НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, тус байгууллагын байр суурь, үүргийг бататган бэхжүүлэхэд гишүүн улс бүр идэвхтэй оролцох нь нэн чухал гэж үзэж байна.
НҮБ-ын шинэчлэлийн суурь асуудал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой эрх, үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл гэж Монгол Улс үздэг.
Манай улс 2009 оноос эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд тогтмол оролцож, зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжлийн асуудлыг хэлэлцэх хамгийн чухал индэр гэдгийг сүүлийн жилүүдийн үйл явдлууд улам бүр нотлон харуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үүргийг бататган бэхжүүлэх нь улс орнуудын хүчний тэнцвэрийг хангах, жижиг болон хөгжиж буй улс орнуудын байр суурь, дуу хоолойг илүү тод гаргаж ирэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Иймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд дэвшүүлсэн “Өөрчлөлтийн таван чиглэл” хэмээх шинэчлэлийн зорилтуудыг гишүүн орон болгон дэмжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхийг Та бүхэнд уриалж байна.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Баярлалаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
ДАЖГҮЙ ҮГ ХЭЛЖЭЭ.
Цагаа олсон үг хэлжээ