Ардчилсан залуучуудын холбооны гишүүн Г.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэ болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нартай холбоотой хэргүүд шалгагдаж байгаа эсэхийг АТГ-аас шаардан суулт зарлаад байсан юм.
-АТГ-аас та бүхэн мэдээлэл шаардаж суулт зарлаад байсан. Чухам юуны учир суулт зарлахаар болсон бэ?
-Суулт зарласан гол шалтгаан бол Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой. Валютын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ард иргэдийн амьдрал доройтсон. Хүчтэй сөрөг хүчин байхгүй байгааг далимдуулан эрх баригчид өөрсдийн дураар төсвийн мөнгийг захиран зарцуулж байна. Сөрөг хүчин нь өөрөө бутарсан ч юм шиг, задарсан ч юм шиг хоёр, гурав хуваагдсан байдалтай харагдаж байгаа. Үүнийг МАН яг бодитойгоор хийсэн гэж залуучуудын байгууллагын зүгээс хардаж байгаа юм. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар С.Эрдэнэ гэдэг хүн Ардчилсан намыг толгойлж, туг нь болоод орсон. АН-ын дүрмийн дагуу УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй бол намын даргын ажлаа өгөх ёстой. Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар нь бүгд ажлаа өгсөн. Гэтэл С.Эрдэнэ гэдэг хүн одоо хүртэл Дээд шүүхэд бичиг хүргүүлээд өөрийгөө даргаар бүртгүүлэхээр оролдоод байна. Энэ удаагийнх нь түүний дөрөв дэх удаагийн оролдлого.
Энэ сарын 27-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ө.Шижирийг тэргүүн дэд дарга, С.Эрдэнэ өөрийгөө намын дарга болгох хүсэлтийг аваад Дээд шүүх алийг нь ч бүртгэж аваагүй. Өнөөдөр сөрөг хүчин байхгүй учраас эрх баригчид төсвийн хөрөнгийг дураараа зарцуулж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудсаар байна гэж харж байгаа. Тиймээс АН-ыг цэгцлэх ёстой.
-АТГ-аас та бүхэн чухам ямар мэдээлэл шаардсан юм бэ?
-АН-ыг толгойлж байсан дарга нарын тухай хэвлэлээр янз бүрийн зүйл явдаг. С.Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотой Дарханы элеваторын хэрэг, Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгийг банкаар дамжуулан идсэн гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс яг ийм хэрэг байдаг юм уу, тэр хүн эдгээр хэргүүддээ шалгагдаж байгаа юу гэдэг дээр албан ёсны мэдээлэл өгөөч гэж АТГ болон Нийслэлийн прокурорын газарт бичиг хүргүүлсэн. Мөн дээрээс нь нэмээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой асуудлууд бий.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хүнийг өчнөөн их наяд төгрөгтэй холбож ярьдаг. Баахан шороо овоолж асгасан ч гэдэг. Гэтэл түүн дээгүүр нь галт тэрэг яваад нээлтээ хийгээд байдаг. Мөн Хөгжлийн банктай холбож ярьж, бичдэг. Нийгэмд ийм ойлгомжгүй асуудлууд байгаа учраас үүн дээр албан ёсны тайлбар өгөөч гэсэн юм. Ингээд бидний суулт гурван шөнө, дөрвөн өдөр үргэлжилсэн. Дөрөв дэх өдрийнх нь үдээс хойш АТГ болон Нийслэлийн прокурорын газраас бидэнд хариу өгсөн. Ингэхдээ С.Эрдэнэ гэдэг хүн дээр хэрэг шалгагдаж байна, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар шалгагдаж байгаа. Харин Х.Баттулга гэдэг хүн дээр шалгагдаж байгаа ямар нэгэн хэрэг алга байна гэсэн нэг утга бүхий мэдээллийг дээрх хоёр байгууллагаас өгсөн.
-Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг нь ямар заалт байдаг вэ?
-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн заалт байдаг юм билээ.
-Та түрүүн намаа цэгцлэх ёстой гэсэн. Ингэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?
-Өнөөдөр Ардчилсан нам эрх баригчдын эсрэг нэн яаралтай нэгдэх хэрэгтэй. Нэгдэхийн тулд АН-ын үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд буюу тус намын үзэл санааны лидерүүдийн 3/1-ийн гарын үсгийг цуглуулна. Ингэсний дараагаар бид ҮБХ-ны хурлыг хийнэ. Энэ хурлаас намын Их хурлыг зарладаг юм. ҮБХ-ны хурал 14 хоногийн өмнө зарлагдсан байх ёстой, наана нь хүмүүсийн гарын үсэг цуглуулна гэхээр сар орчмын хугацаа шаардлагатай.
Намын Их хурлаа бид С.Эрдэнийх, Х.Баттулгынх, Ц.Элбэгдоржийнх гээд хэн нь байх хамаагүй. Залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадын байгууллагуудтай хамтран Их хурлаа хийгээд намын даргаа сонгох хэрэгтэй байна. Одоо хэн дарга байх нь бүр хамаагүй болсон. Ямар ч байсан энэ намын жирийн гишүүдийн итгэлийг хүлээсэн нэг хүн дарга болж, үзэл санааныхаа туг нь болоод явахгүй бол эрх баригчид өнөөдөр дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Тийм болохоор бид өнөөдөр ардчиллынхаа үзэл санааг тээх, чөлөөт эдийн засаг, шударга ёсны дуу хоолой болох ёстой. АН яаралтай цэгцэрч, нэг талдаа гараад сөрөг хүчнийхээ ажлыг хийх шаардлагатай байна.
-Намын Их хурлаа хийхэд С.Эрдэнэ, Х.Баттулга нар намын даргад нэр дэвших эрх нь бий юу. Эрх нь байгаад намын даргаар сонгогдчихвол яах вэ?
-Ер нь бол нэр дэвших эрх нь АН-ын гишүүн хэн бүрт нээлттэй. Харин ёс суртахууны хувьд С.Эрдэнэ гэдэг хүн одоо боломжгүй байх гэж бодож байна. Нэр дэвшсэн ч ҮБХ-ны нийт гишүүдийн олонхын саналыг авахгүй байх. Яагаад гэхээр энэ хүн чинь ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг холбогдох байгууллагууд нь цагаан дээр хараар бичээд гаргаад ирлээ.
Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөс бууж ирээд намын даргад нэр дэвшсэн. ҮБХ-ны болон жирийн гишүүдээс дэмжих нь дэмжээд, дэмжихгүй нь дэмжихгүй л байгаа. Миний бодлоор энэ хүн намаа цэгцэлье гэсэн бодлоор л өрсөлдсөн байх. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, АН-ын нэр дээр ажиллаж байсан хүмүүс бодлогоор залуучууд, эмэгтэйчүүдээ түлхүү дэмжих чиглэлд ажиллавал зүгээр байх гэж бодож байна. Гэхдээ ҮБХ-ны шийдвэрийг би энд дангаараа төлөөлж ярих ямар ч боломжгүй.
-УИХ дахь АН-ын бүлэг гэж өнөөдөр байна уу. Нэг тал нь тараалаа гэдэг. Нөгөөх нь шинэ дарга томиллоо гэсэн шүү дээ?
-Энэ завхралыг цэгцэлье, АН нэг талдаа гаръя л гээд байгаа юм. Нам нь хүлээн зөвшөөрөгдсөн даргатай болоод нэг үзэл санаатай болчихоор бүлэг ч гэсэн дагаад нэг талдаа гарна. Одоо хоёр хуваагдчихаад байгаа болохоор бүлэг нь ч гэсэн хоёр хуваагдчихсан. Нам нь бүтэн байвал бүлэг нь бүтэн л байна. Нийгмийн шаардлага ч гэсэн АН-ыг хурдан цэгцэр, сөрөг хүчнийхээ ажлыг хий гэж байна шүү дээ.
-АН Их хурлаа хийгээд намын даргаа сонгоод нэг талдаа гарна гэж байна. Гэвч ирэх сонгуульд ард түмнийхээ итгэлийг бүрэн хүлээж амжих уу?
-Хүмүүс бүх зүйлийг сонгуулиар харахаа болих хэрэгтэй гэж би боддог. Ирэх сонгуульд АН ялах, МАН ялах огт хамаагүй. Хамгийн гол нь ардчилсан үзэл санаа байх ёстой. Сүүлд гарсан судалгаагаар судалгаанд оролцогсдын 80 хувь нь эрх чөлөө, шударга ёс, чөлөөт эдийн засагтаа хайртай юм байна гэж гарсан. Үүний үндсэн суурь нь ардчилал. Харин АН бол энэ үзэл санааг тээгээд л явж байгаа хүмүүсийн нэгдэл. Хэн нэг нь ялахдаа бус Монгол Улсын ирээдүй зөв явах ёстой. Зөв явахын тулд ардчилал хэрэгтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн оролцоотой эдийн засаг байна” гэсэн үг хэлж байсан. Хэрэв үүгээр явбал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, социализм руугаа буцна. Ингэхийг хүсэхгүй бол ардчиллаа хайрлах ёстой. Хүн бүр өөрөө, өөртөө ажлын байр бий болгох боломжийг л төр олгох ёстой. Өнгөрсөн сонгуульд ард түмэн АН-д та бүхэн энэ удаад төр удирдаж чадахгүй гэдгээ хэлээд дүнгээ тавьсан. Харин өнөөдөр 65 суудал авсан намынх нь бодлого буруу байсныг ард түмэн амьдралаараа, сард авч байгаа цалингаараа мэдэрч байна.
-Сонгуульд АН амжилттай оролцож, үгүй ядахдаа хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэдгийг хүмүүс яриад байгаа юм л даа?
-МАН дангаар эрх бариад зургаан жил болж байна. Нийтдээ найман жил барина. Гэтэл өнөөдөр үнийн хөөрөгдлөөс гадна авлига, хээл хахууль замбараагаа алдсан гэдгийг хүн болгон л ярьж байна. Энэ аалзны шүлснээс бид яаж гарах вэ гэхээр ард түмэн ардчиллаа сонгож байж л гарна гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ биднийг сонгоод өгөөч гэхээс илүүтэй үзэл санаагаа ойлгуулах нь чухал. Ойлгочих юм бол АН-ыг хүссэн хүсээгүй сонгоно. Харин сонгогдсоны эцэст ялгарах юм байхгүй бол шууд ажлаа өгөөд, зайгаа тавьчихдаг байх хэрэгтэй.
-АН-ын өнөөгийн байдлыг бий болгоход танай намын толгойд байсан хүмүүс эрх барьж байгаа намтай нийлж чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг хүмүүс байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн сонгуульд МАН олонх болсныхоо дараа бүх төрийн албаны дарга нарыг халж, өөрсдийн хүнээ томилсон. Тийм болохоор өөрсдийн үгээр ажил хийлгэдэг болсон. Үүний үр нөлөө нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр гарсан. С.Эрдэнэ гэж хүн ажлаа өгчихсөн гэж байснаа гэнэт гарч ирээд, намын дарга гээд өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшүүлсэн. Түүнтэй цуг Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар сунгаанд оролцсон. Үүнийгээ цахимаар явуулж, хойно нь програмистууд ажиллуулсан. Хэзээ ч С.Эрдэнэ гэж хүн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нараас илүү санал авч чадахгүй. Тийм хэмжээний үзэл санааны манлайлагч ч биш. Түүнийг нь бараг цагаан хуудаснаас дор шахуу санал авсан нь нотлон харуулсан. АН-ын 200 мянган гишүүн түүнд саналаа өгөөгүй. Тэгэхээр АН-ыг нухчин дарах ажилд МАН, С.Эрдэнэ нарын оролцоо 100 хувь бий.
-АН-ын залуучууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой чуулга уулзалт хийж байсан. Энэ юу болж байгаа вэ?
-Нэг нам хэтэрхий дангаараа эрх бариад ирэхээр Үндсэн хуулиар тоглож эхэлж байна. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн байдаг. Тэдгээрийг УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгчөөс тус бүр гурвыг томилдог. Эдгээр хүмүүс Үндсэн хуулийн манаач байх ёстой. Эцэг хууль бол Монголын нийт ард түмний зөвшилцлийн гэрээ. Хэрвээ үнэхээр өөрчлөхөөр бол бүх нийтийн санал, асуулга хийе л гээд байгаа юм. Тэгэхгүй бол өнөө есөн нөхрийн шийдвэрээр “Давхар дээл”-ийн асуудлыг буцаагаад оруулаад ирлээ. Уг нь өнөөгийн эрх баригчид чинь ам.долларыг мянга хэдэн зуутай байхад нэгтийн дэвсгэрт барьж жагсаад, талбай дээр давхар дээл өмсөж сүржигнээд байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ам.доллар 3500 гараад явчихлаа. Ингэж есхөн хүнд захиалга өгч Үндсэн хуулиар тоглоод байж болохгүй.
-Ёс зүйн хариуцлага, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэдэг асуудлыг нийгэм даяараа ярьж байна. Ийм ч шалтгаанаар Ерөнхий сайд нэг сайдаа чөлөөллөө. Тэгвэл өнөөгийн нийгэмд ёс зүй, хүний эрхийг дээдлэх нь хэр байгаа гэж бодож байна вэ?
-Сүүлийн үед ардчиллын арьс нөмөрсөн коммунистууд олон болчихсон байна. Нүүрэн дээрээ хүний эрх, эрх чөлөө яриад байдаг. Начир дээрээ талбай дээр үзэл бодлоо илэрхийлэхээр барьж хориод байдаг. Ард түмэн чинь тань руу өндөг шидвэл шидэг л дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа болохоор л тэгж байгаа юм. Харин ажлаа хийж чадаж байгаад, ард түмнийхээ амьдралыг өнгөтэй өөдтэй байлгаад байвал насан туршид чинь алган дээрээ бөөцийлнө. Насаар чинь төрийн эрхэд суулгана. Англи үг орчуулаад хэрэглэчихэж чадахгүй сайд нар тавьчихсан. Ёс суртахууны хувьд энэ хүн бол ажлаа өгөх л ёстой. Энэ бол зөв шийдвэр. Дараагийн залуучуудад ч сургамж болно. Харин залуучууд маань өөрийгөө хамгаалалгүйгээр буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад ажлаа өгч чаддаг байх хэрэгтэй. Монголын төрийн босго өндөр шүү дээ. Ард түмэн бүгдээрээ төрийнхөө сүлдэнд залбирдаг. Би ядуу байж болно. Гэвч намайг ядуугаар минь далимдуулан элдэв хочоор дуудах эрх тэдэнд байхгүй.
-Ирэх оны төсөв одоо ид яригдаж байна. Тэгэхээр улс орны ирэх жилийн байдал, төсөв дээр та ямар бодолтой байна вэ?
-Яагаад дандаа алдагдалтай төсөв батлаад, түүнийгээ нөхөх гэж энд тэндээс зээл аваад байдгийг би гайхаад байдаг юм. Уг нь нэг гэрийн төсөвтэй л адилхан шүү дээ. Өнөөдөр би олж байгаа орлогодоо тааруулаад зарлага гаргана. Гэтэл ирээдүйд олох орлого энээ тэрээ гэж байгаад алдагдалтай төсөв баталдаг. Түүнийхээ хажуугаар авлига хээл хахуулийнхаа юмыг хийдэг гэж л хардаг. Нийтдээ 17500 аж ахуйн нэгж дампуурчихсан, дахиад ч дампуурах газруудын дараалал үүсчихсэн байхад өнөөдөр хэн татвар төлөх юм бэ. Татвар төлөхгүй болохоор төр төсөвгүй л болно. Хувь хүн орлогоосоо хамаараад татвар төлөх тухай Сангийн сайд ярьж байна лээ.
Энэ бол хамгийн арга ядсан хэлбэр. Гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой бол 25 хувийн татвар авахаар болсон чинь бүх том кампаниуд задарсан. Олон жижиг компани болж хувираад орлого нь 25 хувийн татвар авах хэмжээнээс багассан шүү дээ. НӨАТ-ын үндсэн зорилго бол далд эдийн засгийг ил болгох. Үүнийгээ ард түмнээр шахуулсан. Харамсалтай нь ард түмнийхээ халааснаас найман хувийг нь аваад байгаа юм. Үүн шиг л завхарсан юм болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
МАН ч монголыг сэгсэрч дуусгалаа даа.АН их тавьжээ гэж тодорч засаг барихдаа уул уурхай түүхий эдийн үнэ түүхэн дээд хэмжээнд байхад ашиглаж чадахгүй ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЖ НЭМЖ ӨР ТАВИАД АНаас даруй 3 дахин их өр тавьчихсан байх юм.Болоогүй ЖДҮХС гаас УИХын 49 МАНын гишүүн хуруу гараа дүрсэн байх юм.Хөгжлийн банкинд 20 хүний нэр гарахад 17 нь МАНын ГИШҮҮД байх юм.Капитал банк , ЖДҮХС, НДС,ЭМДС , ГТЭС Сангийн ихэнхийг МАНгарууд хуваагаад идчихсэн байх юм.АНын үед 103 д бичигдэж байсан авилгалыг бууруулж 80 хавьд оруулж байв.Гэтэл авилгал цэцэглэн хөгжиж 111 -р байранд орох болов.
shono nuuts hurim boloson nogoo alt uurhai hubaj gej nair hurim higel. medej hruim ogloo 5 tsagt tarla. bur arim 5 gehd ulam dahij yabj shou hine uuna gej. tegl river beach der zoodn bolod.
shono hurmi bolod oo. tegl nogoo hujin galin darga bos n gerite ochod ugal suujila tgel abgaiga hardal naiziga oodl alchih shahlaa.
uuchlaarai mgl d ter ardchilal chini bhgvi ee novshirson feodalizm bol jinheneeree bii bolson shvv
Коммунист ч гэж юу байдгийн ардчилагч гэж ч хэн байгаан бүгд ямар нэг тодорхой изм байхгүй зүгээр л ташраараа луйварчин дээрэмчин залилан хулгайч нар болчихсон юм бишүү?
Элий балай юм ярьсан гарууд байх юм даа
mongolin eruugin elment buleg bas mafai buelg 5 buleg horond dain hilee.
mongolin mafia 4 buleg hoorndon ihel hatuu dain yabulad.harjinu end yu bolbo jag yu bolsin. 2 mafia abaildal.