Сайд, гишүүдэд  хүний эрхийн хичээл заая

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Засгийн газар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр замдаа гараад сар ч болоогүй байхад нэг сайд нь  хүний эрхийг ноцтой  зөрчиж тойрохоо зурууллаа. “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн энэ сайд эмэгтэй хүн,  сэтгүүлч  байсан нь бүр ч  харамсалтай.

Ер нь бол Төрийн сайд, Улсын Их хурлын гишүүн, жирийн иргэн хэнбугай ч хүний эрхийг хүндэлж, байнга санаж явах ёстой. Гэтэл сүүлийн үед алба тушаал, эрх барьж буй намаараа хэтэрхий эрдэх, төрд ажил алба хашиж,  хөрөнгө мөнгөний бараа  харчихвал бусдыг  яаж ч дорд үзэж, дооглож, доромжилж болох юм шигээр ойлгодог болчихсон. Иймэрхүү явдал ч мэр сэр гарах болсон.

Сая л гэхэд сайд асангийн үйлдэлтэй  зэрэгцээд  Сангийн яамнаас гаргасан гэх телевизийн шторк мөн л хүний эрхийн мэдрэмжгүй, “өлөн” гэх  үг хэллэг ашигласан нь шүүмжлэлд өртөөд байна. Парламентын түүхэнд гарсан ёс зүйгүй үйлдлүүдээс  сөхвөл чуулганы танхимд бие биеэ гөлөг, нохой, тарган, туранхайгаар нь доромжилсон, хулгайч, луйварчин хэмээсэн, салаавч гаргасан, барилцаж авсан, нэгнээ шанаадсан,  зангиагаар нь боож унагасан  гэх мэт явдлууд гарч байсан удаа бий.

Тэдгээрийг  “УИХ-ын гишүүн чуулганы танхимд  хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн цагаатгаж ирсэн. Энэ удаа иргэдээ “Ул”-ныхан хэмээн ангилж, доромжилсон сайдын үйлдлээс улбаалан цаашид хүний эрх зөрчсөн хэнбугай ч хариуцлагаас бултах боломж олгохгүй юм байна  гэсэн ойлголт нийгэмд бий боллоо. Гэхдээ л УИХ, Засгийн газрын гишүүдэд хүний эрхийн хичээл заахгүй л бол горьгүй.  Нэг үхрийн эвэр доргивол юу гэдэг билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.50) 2022 оны 09 сарын 30

Хичээл заахынхаа өмнө шар хадны эмнэлэгт хэдэн сар эмчлүүлэх хэрэгтэй байх.

0  |  0
Top