Д.Амарбаясгалан: Залуусынхаа нөмөр нөөлөг болсон ахмадууддаа эрүүл энхийг хүсье

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 01

Монгол Улс ахмадын баярын өдрийг 1992 оноос хойш тэмдэглэж ирсэн. Тэгвэл өнөөдөр /2022.10.01/ ахмадын баярын өдөр тохиож байна.

Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийт ахмадууддаа хандаж өөрийн цахим хуудсаараа мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр "Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр зориулж, нийгэм, эдийн засгийн бүх салбарт их бүтээн байгуулалтыг өрнүүлж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлье.

Анх 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон зарлаж, нийгмийн бүрэн эрхт гишүүний хувьд ахмад настны эрх, эрх чөлөөг бүрэн эдлүүлэх, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, нийгэмд хүргэх дуу хоолойг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Монгол Улс 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Ахмадын баярын өдөр” болгон тэмдэглэж, гавьяаны амралтаа эдэлж байгаа эрхэм хүндэт азай буурлууд, ахмад настнуудаа хүндэтгэж, үнэт сургаалийг нь сонсож ирсэн уламжлалтай билээ.

Эрхэм ахмад гишүүд та бүхэн минь Монгол Ардын нам, Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засгийн шижилтийн он цагийн гэрч, үнэ цэнтэй хүмүүн капитал, үе хойчийнхоо үлгэр жишээ болсон ахмад буурлууд билээ. Цаашид МАН-ын хөгжил дэвшлийн бодлогод хувь нэмэр оруулан байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа намын ажлын арга барилтай хөл нийлүүлэн алхаж, залуучууддаа түшиг тулгуур нь болж, залгамж хойч үедээ ажил амьдралын арвин туршлага, алтан сургаалаа үргэлж өвлүүлж явна гэдэгт итгэлтэй байна.

Идэр залуу насныхаа эрч хүч, цог золбоогоор эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн Та бүхэндээ гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэ цаг үед улс орноо, Монгол нутгаа дэлхийд танигдсан хүмүүнлэг, иргэний ардчилсан, аз жаргалтай орон болгохын төлөө хамтран зүтгэхээ Монгол Ардын намын нийт гишүүд болон Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс илэрхийлье. Төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон нийт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top