Боломжийн үнэтэй даавуун уутыг хэрэглээнд нэвтрүүлье

2022 оны 10 сарын 04

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог тухай та улиг болтол сонссон байх.

Манай улсад гялгар уутыг халж, цаасан уут хэрэглэх санаачилга нэг биш гарсан. Төрийн бус байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, цаасан уут үнэгүй тараадаг шоу хүртэл зохиосон. Гэвч төдийлөн амжилтад хүрээгүй.

Ерөнхийдөө 10 гаруй жилийн өмнөөс буюу 2005-2006 оноос эхлэн дэлхий дахин гялгар уутыг хэрэглээнээс халж, нэхээсгүй даавуун материалаар супермаркетын тор үйлдвэрлэх болсон. Ази, Америк, Европын олон орон даавуун болон цаасан торыг хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

Тухайлбал, Энэтхэгт л гэхэд нэг удаагийн гялгар уутыг албан ёсоор хэрэглээнээс хассан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн 2017 онд 116 сая хүн амтай буюу Японы хүн амаас ч их хүн амтай “Maharashtra” мужид гялгар уут хэрэглэхийг хориглосон. Түүнчлэн Энэтхэгийн томоохонд тооцогдох бүхий л супермаркет нь даавуун уутыг хэрэглэдэг. Даавуун уут хэмжээнээсээ шалтгаалаад 5-10 рупигийн ханштай.

Харин жижигхэн мухлаг, эмийн сангаас бараа бүтээгдэхүүн авсан тохиолдолд сонинд нямбайлан гэгч нь ороогоод скочоор наагаад эсвэл жижигхэн цаасан уутанд хийгээд өгчихдөг. Энэтхэгийн супермаркетуудын хэрэглэдэг даавуун уут нь тийм ч чанартай, удаан эдэлгээтэй биш. Гэхдээ үнэндээ таарсан боломжийн эдэлгээтэй.

Заавал удаан эдэлгээтэй, чанартайг үйлдвэрлэж, өндөр үнээр зарах биш дэлхий улс орнуудын жишгийг дагаж, ядаж томоохон супермаркетууд нь гялгар уутаа боломжийн үнэтэй даавуун уутаар сольчихвол...

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top