Зоригтнууд овогт Ай.Төмөр-Очир: Улстөрчдийг урдаг хар “нохой”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одонт яруу найрагч, Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очирыг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Улс төр, иргэний уянгын төмөр мэт найраглалаар нийгэмд шүгэл үлээж байдаг Эх оронч яруу найрагчаар сонин юу байна вэ?

-Аливаа зүйл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр яригддаг. Тэгэхээр өнгөрснөө ярихгүйгээр одоог ярих боломжгүй. Нийгэм гундуу байна, дээр нь их гандуу байна. Оюун санааг дээдлэх, огторгуйд мандуулах асуудал тун хоцрогдонгуй явж байна.

Залуучууд, зохиолч, яруу найрагчид маань зах, худалдааны төвүүдэд лангуу бараадаад сууж байна. Өнөөдөр оюуныг үнэлэхгүй болохоор номын худалдаа гэх мэт үйл ажиллагаа улстөрчдийн рейтингд л хэрэгтэй байдаг байх. Жинхэнэ ном, бүтээлээ үнэлээд гарч байна уу гэвэл байхгүй л байгаа шүү дээ. Аж ахуйн ажил, төмс ногоогоо түшиж хөгжинө гэж зарим нь хэлэх юм. Тэглээ гэхэд Монголыг төмс ногоо аврах уу. Оюун санааг хөгжүүлэх ном бүтээл хийж байгаа хүмүүс уналтад орж, өрөнд баригдчихаад байх юм. Би гэхэд л хэдэн дуу хийсэн, дандаа өрөнд орсон.Тэтгэврээр амьдардаг хүн өөр яах билээ.

Хатуу хэлье, би өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одонт яруу найрагч гээд явж байна. Үнэнийг хэлж яваад гудамжинд турж үхэх юм уу, яах юм. Гэтэл ихэнх нь чихээ бөглөсөн нүдэн балай хүмүүс яваад байх юм. Одоо надаас хүмүүс зугатаадаг болсон байна лээ. Үнэнийг хэлэхээр зугатчихдаг. Ингэж байгаа найз нар ч байна, улстөрчид ч байна. Учиргүй зугатаж гүйгээд дээшээ гарч дарга, сайд болж байгаа нь ч байна. Надаас зугатаж байгаа хүмүүст би шуудхан хэлчихдэг, тэд бол хулгайч руу, шорон руу, биеэ үнэлэгчид рүү явж байгааг Монголын ард түмэн мэдэж аваг. Намайг дээш нь залахгүй ч, хандлага нь зөв байгаа, үнэнийг сонсч, уншиж байгаа хүмүүст баяр хүргэмээр байна.

Цаг хугацаа хүнийг тодруулдаг. 2023 он гараад сонгуулийн уур амьсгал бүрдэнэ. Хүмүүст олон зүйл тодорхой болно. Өнгөрсөн жилийн наадмуудыг хүртэл улстөрчид самарлаа. Томоохон шийдвэр, дүрэм журам гаргаад л. Монголчууд хуулийг дээдэлнэ гэсэн байгаа шүү дээ. Бид хуулиар амьдраад ирсэн. Дүрмээр амьдарна гээгүй. Гэтэл дүрэм гаргаж, эрлийз морьд уралдуулж, монгол адуугаа үгүйсгэлээ. Төрийн сүлдэн дэх монгол морь хаачсан юм, алга болсон. Хазаар нь мултарсан уу, эмээл нь хэлтийсэн юм уу, байхгүй. Эрлийз морины зураг зураад өлгөчихсөн байна лээ.

-Тийм үү, хаана тэр вэ? 

-Төрийн ордонд өлгөчихсөн байна лээ, надад зураг нь байна /гар утаснаасаа зураг харуулав/.  За тэгээд, одон тэмдэг нь ч гэсэн хуурамч болсон доо. Уг нь тэр нь байдгаараа байгаад ёс журмаар нь өгдөг баймаар. Гэтэл хувийн дархчуул хийдэг юм уу, нам бүлэглэлүүд хийдэг юм уу, одон тэмдэг нь худал, олгож байгаа нь ч худал. Сум орон нутаг, хөдөө гадаа байгаа хүмүүсийг хуурдаг юм уу, хаашаа юм. Манай сумын нэг номерын хулгайчид “Алтан гадас” одон өгчихөөд байж байна. Сайн хулгай хийлээ гэж шагнасан юм уу, хаашаа юм. Өнөөх нь одонгоо ирж авахгүй байсан, дараа нь наадмаар зүүчихсэн явж байх жишээтэй. Нам, улс төрөөр одон тэмдэг авдаг л биз, үүний чинь цаана төр гэж нэг юм бий биз дээ. Төрийн шагнал гэж бид ярьдаг байх аа. Төрийг муужруулах, төрийг хямдчлах, төрийн нэр төрийг унагах, төрийг жижигхэн болгох, төрийн босгыг намсгах асуудлаар хүмүүс нэлээд ажилласан даа. Дөрвөн Ерөнхийлөгч нь нуух юм байхгүй, Монгол Улсын гавьяат, Тэргүүний гэх одон тэмдгүүд тарааж, гавьяагүй гавьяатууд өдий төдий. Тэр хүмүүс тэтгэвэрт гарч, дээр нь гавьяатын нэмэгдэл авна. Төрийг ядарч байхад гавьяагүй хүмүүс ахиж ядраах алсдаа хортой. Өнөөдөр өнгөц харахад сайхан л харагддаг байх. Ийм зүйлүүд бодогдож байна. Өнөөдөр нийгэм гундуу, гандуу, улс ардын аж ахуйн бүх салбар нурж унасан, байхгүй болсон. Гэтэл аж үйлдвэрийн гавьяатууд үй түмээрээ төрж байна. Аж үйлдвэр нь байхгүй байхад Аж үйлдвэрийн гавьяатууд төрөөд байдаг нь хачин шүү. Энэ салбарт ажиллаж байсан хүмүүс хаана байна гэхээр ундааны лааз түүгээд амьдарч явна. Монголын ажилчин анги гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ жагсч байсан үе өнгөрч, бүгд гудамжинд гарчихсан хог, лааз түүгээд явж байна шүү дээ. Төр тэднийг хардаггүй юм уу, ганц би олж хараад байгаа юм уу. Ганц хоёр үйлдвэр байгуулж, улс орноо аврах болохоос үй түмээрээ лааз түүж, доод анги бий болоод хөгжих үү.

-Саяхан “Ул” бүлгийнхэн гээд хэлж байна лээ?

-“Ул”-ныхан олшроод улс хөгжихгүй л дээ. “Ул”-ныхнаа цөөрүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл  биеэ үнэлэгчид олшроод байгаа нь эмгэнэлтэй. Удахгүй “алныхан” гэж мэдээлэх юм байна л даа. Би ингэж хэлэхээс ичихгүй байна. “Ал” гэдэг монгол үг шүү. Хийх ажилгүй хүн юугаараа оролдоно гэдэг билээ. Түүн шиг ажилгүй байвал Монголын нийгэм сөнөх, сүйрэх тал руугаа явж байгаа юм биш үү.

Би мэргэн, түргэн болоод үүнийг харчихсан юм биш, дээр байгаа дээдэс, гадаадын тусламж дэмжлэг авдаг төр, засгийн удирдлага, Засгийн газрын төлөөллүүд хардаг л байлгүй. Бидний амьдарч байгаа өнөөдрийн нөхцөл байдал маш муу байна. Үүнд санаа зовж бухимдаж явна даа. Нийгмийн халамж өгөөд байна л гэх юм. Гар хөдлөхгүй гашуун ундаа ууж, хөлсөө урсгахгүйгээр хөгжинө гэж үү.

Хятадад өнөөдөр нуруугаа үүрсэн хүн харагдахгүй байна. Бүгд гар хумхихгүй ажиллаж байна. Гэтэл Монголд өнөөдөр нуруугаа үүрээгүй хүн алга. Баян тарган юм шиг, байгаа байдал нь омголон, амгалан юм шиг. Үйлдвэрлэл явуулж, ажил хийж, хөдөлж байж Монгол хөгжих юм байгаа биз дээ. Товчхондоо байдал ийм л байна. 

-“Төмөр нүүртэй төрдөө нөмөр болохын хүслэн байна” гэсэн таны шүлгийн мөр санаанд орж байна. “Хар тугалга” найраглалаас хойш нийгэмд хандсан том хэмжээний  бүтээл туурвисан уу?

-“Хар тугалга” найраглалыг 2008 онд бичиж, “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан. “Морь хасдаг азарга” гээд бичсэн, нийгэм сайн, мууг ялгадаг болмоор байна гэсэн утгатай. Өнөөдөр ч байдал хэвээр байна. Саяхны нэг өдөр хоёр найраглал бичлээ. Уйлж байгаа усаа хараад “Уранхай найраглал”, ухуулж байгаа уулсаа хараад  “Туранхай найраглал” гэж бичсэн. Нийгмийнхээ бухимдлыг гаргалаа.

Сая БОАЖЯ-наас над руу утасдаж, усны тухай найраглалаа бүрэн эхээр нь өгөөч, ирж уулзаач гэж байна. Уг нь уулын тухай найраглалыг өмнө нь бичсэн, тэр хүмүүс дараагийнхыг нь олж үзсэн юм билээ. Хэрэв би улс орныг гүтгэсэн, уул, ус уйлж байна гэж буруу ойлгосон байваас буруугаа хүлээнэ. Монголчууд хэлдэг дээ, болохгүй бүтэхгүйг ярьж суугаад яах вэ.

Удам сайтын үр урагшаа гэлцдэг. Би удамтай хүн. Халх голын 23 дугаар  морьт хорооны нэгдүгээр сумангийн дарга Гончигийн Санж­мятав гэж миний өвгөн аав, хошой “Алтангадас”-тай, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-той хүн байсан. Би тэр хүний гар дээр хүн болсон. Өвөөг дагаад Сүхбаатар аймгийн Гүндэвийн Шагдар, Өндөр Аюуш, Өөшгөө Батсүх гээд өвгөчүүл ирдэг. Чойн Дугаржав гуай 1969 онд Улсын баатар болчихоод өвөө дээр минь ирж байлаа. Халхын гол үерлэж суман гарч чадахгүй байхад энэ хүн “Суман миний хойноос” гээд үхэл рүүгээ орчихоод, алдар нэрээ дуурсгаж баатар болчихлоо доо. Уг нь Улсын баатар болох ёстой гэж ярьдаг хүмүүс одоо ч амьд сэрүүн байгаа. Тухайлбал, Монгол Ардын намд насаараа ня-бо хийсэн Ядамсүрэнгийн Тэрбиш гэж хүн сууж байна. Тэгэхээр тэр үед хүн чанар байсан байгаа биз. Би гол ус руу, үхэл зовлон руугаа хальт орчихоод шагнал руу орчихлоо гэсэн байна шүү дээ. Яагаад миний өвгөн эцэгт шагнал өгөөгүй юм бэ гэвэл эхнэрээсээ салсан, хоёрдугаарт Монгол Ардын намын гишүүн биш гэсэн байгаа юм. Суугаагүй авгайгаас хүүхэд гарч, өөрөө цэрэгт явсан. Энэ нь эхнэрээс салсан болж таарч байгаа юм. Таван жил цэргийн алба хаагаад ирэхэд 5-6 настай хүүхэд гүйж ирсэн. Тэр нь Гончигийн Айлтгүй гэж миний аав. Манай өвгөн аав Монгол Ардын намын гишүүн байсан. Жалан-Аажив гэж Намын Төв Хорооны даргатай ямаа идчихдэг учраас  модыг хавар тариад яах вэ гэж маргаад, батлахаа хураалгаж. Сүүлд Жалан-Ааживтайгаа  ойлголцоод “Батлахаа аваарай” гэхэд нь аваагүй юм гэнэ лээ. 1969 онд нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ойгоор Чойн Дугаржав баатар болоод очиход би хүүхэд байсан. Тэр хэд “Талын манханд давшиж явсан Тасаг цэрэг байсан юм шүү” гэж дуулж шөнөжин хөл тавьж пэжигнэсэн. Тэгээд би өөрийгөө ядаж баатруудын гутлын тоосыг үнэрлэсэн хүн шүү, Монгол Улсын төлөө эцсээ хүртэл явна, дуугарна гэж боддог. Тиймээс хайр дурлал, янаг амраг, нөгөө миний дуртай морь хар бүх юмыг орхисон. Зөвхөн Монголын тухай, эх орны тухай сэдвээр бичиж байна.

-Өнөөдөр төрд хаяглах өөр ямар үг, санал танд байна?

-Монголын төр манараад, энэ олон авлигачдын хоол нь төр өөрөө болоод байж байна. Яланд явах ёстой улстөрчид сайд болоод байж байна. Үүнийг хэлэх л ёстой. Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд байгаад баахан мөнгө идсэн гээд яригдаж, бичигдсэн. Сая ам алдаад уначихлаа. Улстөрч хүний нэр хүнд унах нь уушги муутай хүний цэр ховхрохоос амархан гэж би бичиж байсан. Цэр ховхрохгүй тэр хүн бүгшүүлээд байж байхад улстөрчийн нэр хүнд түүнээс амархан унадаг. “Ул айл” гэж хэлээд уналаа. “Ул” гэдэг хоёр үсэгний төлөө монголчууд ял нэхэж, улмаар огцрууллаа. Хэрэв огцруулаагүй бол 2024 онд Ардын нам долоох юмгүй хоцорч, “ул” болох байлаа. Тэгээд Д.Сарангэрэлээсээ салж амарч байх шиг байна.

Саяхан би нүүр номдоо “Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг би Монгол Улсын Ерөнхий сайдын чинь хувьд тоож байна. Чи ажлаа хийж чадаж байна. Харин намын даргын хувьд огт ажлаа хийж чадахгүй байна” гэж бичсэн. Өнөөдөр МАН эрх барьж байна. 76 гишүүнээс 62 суудал авсан. АН тэртэй тэргүй дампуурч, улдсан галуу шиг болж татан буугдаж, сүүлдээ юу ч болоод байгаа юм. Намаа устгаж, өөрсдөө идчихлээ. Ардын нам 62 хүн сонгогд­сон юм бол хүчтэй байгаач дээ. Энэ чинь миний, манай нам шүү дээ. Тиймээс намдаа хэлэхэд, нэг номерт цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Тэгээгүй цагт монгол орныг ухах төнхөх, хулгай дээрмийн хэрэг цэцэглэнэ. Энэ бол хар буруу санаатай хүмүүсийн хийсэн зүйл. Цаазын ялаа өнөөдөр нээгээд, маргааш хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Улс өнөөдөр 33 тэрбум ам.долларын өртэй гэж байна, тэр бараг нэг хүний халаасанд байгаа мөнгө. Ядуус бидэнд ахадсан их мөнгө. Хөрөнгийг нь хураавал ганцхан  хулгайчийн хармаанаас гарах мөнгө. Ерөнхий сайд автобусаар яв, хөрөнгө хураана гэж олон удаа ярьсан. Огт хэрэгжээгүй. Л.Оюун-Эрдэнэ жагсаал цуглаан хийж ташуур далайж явахдаа миний дүү байсан. Ах аа, та ирээч гэсэн. Би дүүтэйгээ, дүүрэгтэйгээ нийлж, ахтайгаа, намтайгаа нийлж Монгол Улсаа дуусга гэж хэлээгүй. Алдарт жанжнуудын түүхийг уншихад Сталин хүүгээ генералаар солих уу гэхэд солихгүй гэсэн байдаг. Тэр зөвхөн улс орныхоо хувь заяаг бодсон. Өнөөдөр Монгол Улсын төлөө Хүрэлсүхийгээ гэх үү, Занданшатарыгаа гэх үү, Оюун-Эрдэнийгээ гэх үү. Монгол Улс тусгаар тогтнолынхоо тугийг гозойл­гож дэлхийн өнцөг буланд зог­­сож байгаа цагт улсаа л бодох ёстой.

-Тэр нь...?

-Хулгайч нарынхаа хөрөнгийг хурааж, бариад ирвэл уучлаад урагшлах ёстой гэж байгаа юм л даа. Засгийн газар нэг номерт улсаа өрнөөс гаргамаар байна. Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь унагахгүйн тулд сая хоёрдугаар ээлж нь “хоолондоо орлоо”. Тэгэх­гүй бол Ерөнхий сайд унах гээд байдаг. Хоёрдугаар ээлж нь “хоолондоо” орчихоод байтал сая Д.Сарангэрэлийн асуудал босч ирлээ. Д.Сарангэрэлийн эрх ашгийг бодохоос илүүтэй сайхан монгол орныхоо эрх ашгийг бодмоор байна шүү дээ. Сайд нар нь туршлагагүй, мэдлэггүй, худал данхалзсан баячууд л байна даг. Тэд улсаа ухах, гүрнээ тонох ажлаа л үргэлжлүүлнэ.

2024 оны сонгууль болоход Монгол орон ер нь дуусна шүү. Дуусаж ч байна. Тэгэхээр хатуу арга замаар үзэх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс сэхнэ. Ингэж чадвал Ардын намыг 2024 онд ахиад сонгох хэрэгтэй. Улсаа өрнөөс гаргаж чадахгүй найзан дундаа найрлаж, хамраа сөхөх юм бол улс төрийн тавцангаас арчиж цэвэрлэх ёстой. Хулгайчаасаа салахгүй байж хэмнэнэ гээд байгааг би ойлгохгүй байгаа. Хулгай­луулсан юмаа авахгүй байж идэхээ хасах юм уу, турж үхэж байгаа улсаа яах юм бэ. Тиймээс Хэмнэлтийн хууль гэдэг буруу.

У.Хүрэлсүх нь тэр дээр бэлгэ тэмдэг болоод сууж байна. Дор нь Г.Занданшатар, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ гээд байцгааж байна. Наадмаар морь түрүүлбэл, заавал Хэнтийнх байх албатай юу. Энэ чинь Монгол Улсыг удирдаж байгаа дарга нар биз дээ. Яагаад Монголоо аврахгүй, яагаад нэг аймгаас дарга төрүүлээд сууж байдаг юм бэ. Өнгөрсөн наадмын хурдан морины уралдаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатараас нэг ч адуу айрагдаагүй. Ганц нэг эрлийз даага, сарваа айрагдсан. Гэтэл буруу юм булхайтай гэгчээр тэр нь Ховд, Увс руу тараад явчихлаа. Монголын үндэсний морин спорт, уяачдын холбоо гэж Ц.Дуламсүрэн тэргүүтэй байгууллага бий. Энэ холбоог тордож, ирэх жил Алтан-Овооны их тахилгаар монгол адуугаа уралдуулж, монгол адуу, монгол наадмаа аврахгүй бол Монгол Улс ялагдана. Эрлийз адуу нь Төрийн сүлдэнд ороод ирсэн. Төр, улс ингэж эрлийзэд эзлэгдэж  байна. 2024 онд төрийн сонгуульд нэр дэвшигчдээс таван үеийнх нь намтрыг авах хэрэгтэй. Улс орноо тонож байгаа хулгайч нар хэрээс хэтэрлээ. Аймаг орноо идээд цадаагүй хүмүүс улсыг идээд ч цадахгүй. Ирэх жилээс би гар утсаа бариад бичлэг хийгээд явна, хулгайч нартай тэмцэнэ.

-Д.Мөнх-Эрдэнэ шиг үү?

-“Лайвчин” чинь хамгийн сүүлийн мэргэжил юм. Цаг эргэж байна. Тэр залууг хүмүүс ад үзэж байна. Уг нь тэр залуугийн зорилго нь зөв, арга нь буруу байгаа юм. Авлигачидтай тэмцэх зорилго нь зөв. Өөртөө халтай, аагтай, омогтой, хурц түргэн байгаа нь эрсдэлтэй. Зарим сэтгүүлч мөн адил. Бусдын гар хөл болох, хаалттай гэрээний эзэн болсон сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми байна. Орд харштай болчихсон, орон гүрэн тойрсон сэтгүүлчид цаагуур чинь байна шүү дээ. Дөрөв дэх засаглал тийм байж болохгүй. Би ч гэсэн сэтгүүлч хүн, дөрөв дэх засаглалын нэг гишүүн. Бид болж байгаагаа ч, болохгүй бүтэхгүй асуудлаа ч ярьдаг, болохгүйгээ засдаг залруулдаг байх ёстой. Тэгэхгүйгээр дөрөв дэх засаглал гэх хэцүү. Монголчууд цахимжиж, сүүлийн үед цахим сэтгүүлзүй эрчтэй хөгжиж байгаа ч, баримтыг эрхэмлэдэг уншигчид уламжлалт хэвлэл сонинг чухал гэж үздэг хэвээр байна. Дээхнэ үед “Сайд, дарга нарыг сониноор алдаг” гэж ярьдаг байлаа. Одоо сайт нь сайдыг “алж” чаддаг юм уу, сайд “алж” чадахгүй байгаа сайтыг яах юм бэ. Тэгэхээр сонингоо тордох, уламжлалт хэвлэлээ амилуулах хэрэгтэй.

Өнөөдөр хотод шаваад суучихсан хүмүүсийг ард түмэн гэж хардаг болж. Энэ чинь ард түмний нэг хэсэг болохоос нийт ард түмэн биш. Цаана чинь жалгын нэг тарсан малчид, хөдөө нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд, уншигч, сонсогчид сонинг л хүлээж байна. Баримтыг барьж үзэхийг хүсч байна. 2024 оны сонгуулийн өмнө луйварчингуудын үнэн төрхийг илчилж сонинд бичээд хөдөөгүүр тараах хэрэгтэй. Хулгайчийн тоог нэмж, 115, 150 болгоё гэж байгааг болиулах хэрэгтэй. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй. Толгой нь томроод байдаг намууд нь дотроо хоёр гурав хуваагдаад байж байхад доор байгаа ард түмэн яах юм бэ. Толгой эрүүл байж хүн явдаг, алхдаг, ажил хийдэг. Төрийн толгой болсон ҮАБЗ, Засгийн газар, УИХ эрүүл байх ёстой.

-Та намаа ч шүүмжиллээ, иргэ­­ний хувьд эр зориг гаргаж үгээ хэллээ. Дээр байгаа хүмүүс даанч  авч хэрэгжүүлэхгүй байх даа?

-Намайг зарим хүн нам дамжсан гэдэг гэнэ лээ. Би нам дамжаагүй, тэгж намба алддаг хүн биш. Би 1989 онд Намын дээд сургууль төгсч, 1981 онд МАХН-д элссэн. Өнөөдөр 41 жил болж байна. 2016 оны тавдугаар сарын 18-нд би өөрийнхөө төрсөн өдрөөр энэ нам болохгүй байна гэж Сүхбаатар аймгийн Намын хороог шүүмжлээд өргөдлөө өгөөд гарсан. 2019 оны гуравдугаар сарын 18-нд Ж.Батзанданг дагаад жагсаал цуглаанд нь очсон. Монгол Улсын төлөө чөтгөртэй ч гэсэн нөхц гэж байгаа биз дээ. Гэтэл намайг Ж.Батзанданг дагаж явсан, өөр намынх гэж байгаа юм. Ж.Батзандангийн нам гэж юу ч байгаагүй, надад өгчихсөн батлах тэмдэг ч байхгүй. Харин би нутгийн хүн, О.Дашбалбар шиг тэмцэгч гарч ирлээ гэж андуурсан тал бий. Үүгээрээ би уучлал гуйсан, шүлэг найргаараа ч “зодсон”. 2020 оны сонгуулийн өмнө би өргөдлөө өгч буцаад Ардын намдаа орсон. Сүхбаатар аймгийн намын хорооны гишүүдийн зургийг доош харуулж тавиад тайлбар тавиад нийтлэл бичиж байсан. Намыг устгалаа гэж шүүмжилсэн. Сүхбаатар аймагт нэр хүндтэй хүн нэр дэвшиж очихгүй бол нам нь нэмэр болохгүй. Одоо намаа алж идээд, “арьс” нь хатаж шир болоод байж байна. Тэнд Ардчилсан намын хулгайч нар цадахаа мэдэхгүй өдөр болгон  аймгаа талж идэж байна. Би өнөөдөр, эсвэл маргааш үхэж болно. Би үхэвч үр хүүхэд минь үлдэнэ шүү дээ. Авлигачдын үр удам ч бас үлдэнэ. Бид бууж өгч цагаан туг өргөвөл хэн болох вэ. Авлигачид хэн болох вэ. Улсаараа сүйрвэл, энэ нь “ул”, тэр нь орой гэж хэн ялгах юм бэ. Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхгүй гэдгээ тод хэллээ. Тусгаар тогтнолоо тод томруун зарлалаа гэж би баяр хүргэсэн. Тусгаар улс байгаа цагт цаазын ялаа сэргээх, намаас хөөх, хулгайч нарын хөрөнгийг хураах, хариуцлага тооцох ажлаа хийгээсэй. Миний үг иргэний байр суурь боловч би цагтаа дотор нь орж, үг хэлээрээ үзэж тараад Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол аваад 10 жил болж байгаа шүү. Саяхан “Сүхбаатарын одон”-гоор шагнууллаа. Улс орон, ард түмнийхээ төлөө үнэн үгээ хэлж, ачийг нь хариулъя гэж бодож байна. Би Монгол адуугаа аварна, Монгол орноо аварна. Үнэний мөр дээр ясаа тавина. Тамга ямар байх нь хамаагүй ээ, морь хурдан л байх ёстой шиг эр, эм ямар байх нь хамаагүй  яруу найрагч бол эх оронч л байдаг юм. Надад намаас өмнө эх орон минь л хэрэгтэй байна даа. Тиймээс улстөрчдийг урдаг  “хар нохой”, “хуцах”-ын учир энэ бөлгөө.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Золиг(192.82.69.49) 2022 оны 10 сарын 06

Зоригтон биш Золигтон овгийн нөхөр байх шүү. Батзанданг дагаж навсганасан гэхээр ямар олигтой амьтан байх вээ, хөөрхийс.

0  |  0
зочин-2(192.82.88.174) 2022 оны 10 сарын 06

Өнөөгийн нам төр нь үнэхээр авилгалчидтайгаа тэмцэж чадахгүй үхээнц бна. Харин зарим нэг шударга сэтгүүлчид бодит байдлыг бичээд, сурвалжлаад байхад л чимээгүй таг дүлий мэт байх нь гайхмаар... Яг ийм үед төрийн шагналтнууд зоригтой үгээ хэлээсэй билээ гэж хүлээж бсан.Аливаад тухайн нийгмийн толь, үзэл бодлыг түрүүлж харж хүргэдэг нь с этгүүлч, яруу найрагч нар л бдаг шүү дээ. Зөв бна, дэмжиж бна.

0  |  0
Top