Н.УУГАНБАЯР: Өнөөдрийн байдлаар 36 улсын 6652 иргэнд цахим виз олголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа.


-Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд танай байгууллага ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд бид Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, мөн гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор цахим виз, хил орчмын аялал жуулчлалын виз, олон улсын хилийн боомт дээр жуулчин ангиллын виз олгох ажлуудыг нэн тэргүүнд хийж байна. Тухайлбал, Өнгөрөгч оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын  улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд  цахим виз мэдүүлэх боломжтой болсон. Манай байгууллага өнөөдрийн байдлаар 36 улсын 6725 иргэнд цахим виз олголоо. Үүнээс хамгийн олон визийг Франц, Солонгос болон Их Британийн иргэд мэдүүлсэн.  

-Манай цахим виз олгоод яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Цахим виз олгосноор ямар үр дүн ажиглагдаж байна вэ? 

-Ер нь дэлхийн улс орнууд цахим виз нэвтрүүлж, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг улам бүр хөнгөвчилсөөр байна. Манай улс ч дэлхий нийтийн энэ хандлагад нийцүүлж, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулж, виз олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран цахим визийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардлыг хэмнэх, мөн энэ хэрээр жуулчдын тоо нэмэгдэх зэрэг бодит үр дүнгүүд харагдаж байна.

Өмнө нь гадаадын иргэд виз мэдүүлэхийн тулд заавал Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газарт очих, цаг авах, дараалал хүлээх зэргээр хүндрэлтэй асуудалтай багагүй тулгардаг байсан. Тэгвэл одоо дээр дурьдсан 36 улсын иргэд дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон гуравхан үйлдлээр цахим визээ мэдүүлэх боломжтой болсон. Тодруулж хэлбэл, www.evisa.mn системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх, төлбөрөө төлөх, виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах 3 гэсэн процесс л явагддаг. Хүсэлтийг хянаж үзээд зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний и-мэйл хаягаар 48 цагийн дотор илгээж байгаа. Зарим тохиолдолд бид таван минут, 1 цагийн дараа гэх мэт харилцан адилгүй хугацаанд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, виз олгодог. Уг олгосон цахим визээ хэвлэх, эсвэл утсан дээрээ хадгалж аваад л Монгол улсад зорчих боломжтой болж байгаа юм.

Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахад таатай нөхцлийг бүрдүүлж байна. Цахим виз авсан иргэд ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Цаашид Монгол Улсад цахим визээр зорчих улсын тоо болон визийн ангиллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Та ярианыхаа эхэнд хил орчмын жуулчинд өдрийн виз олгох асуудлыг цухас дурьдлаа. Энэ нь ямар учиртай вэ?

-Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарна гэж заасан. Энэ дагуу аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хил орчмын аялал жуулчлалд зориулсан хил орчмын аялал жуулчлалын К3 ангиллын 3 хүртэл хоногийн визийг хилийн боомтод шууд олгоно. Өөрөөр хэлбэл, Уг визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэдэд олгож байна. Хил орчмын аялал жуулчлалын визээр зорчих гадаадын иргэд нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, орон нутгийн засаг захиргааны нэгж, аялал жуулчлалын компаниудын гаргасан маршрутын дагуу  хил орчмын бүс нутгаар аялах боломжтой гэсэн үг. Ингэснээрээ хил орчмын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах том хөшүүрэг болж, аялагчдын тоо нэмэгдсэнээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сайжирна гэж үзэж байгаа.

-Аялал жуулчлалын зорилгоор ирэх гадаадын иргэн хилийн боомт дээрээс шууд виз авах боломж байдаг уу? 

-Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/49,А/187-р хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад багтсан 37 улсын иргэд олон улсын хилийн боомт дээр өөрийн бичиг баримттайгаа ирээд, шууд визээ мэдүүлэх боломж бас бий.

-Сүүлийн үед ОХУ-ын иргэд визгүйгээр орж ирээд, визээ сунгуулаад байгаа шүү дээ. Ер нь бусад орны иргэдэд ч дээрх иргэдийн адил визээ сунгуулах боломж байдаг юм уу?

-Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн БҮХ ОРНЫ иргэд Монгол Улсад байх хугацаагаа нэг удаа 30 хүртэл хоногоор боломжтой. Энэ зөвхөн ОХУ-ын иргэдийн тухайд яригдаж буй асуудал биш. Тухайлбал, Монгол улсад визгүй зорчих орнуудын жагсаалтад багтсан АНУ, Япон, Турк, Канад зэрэг аль ч улсын иргэн байсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах эрх зүйн зохицуулалт нь бий. Энэ дагуу бусад орны иргэд ч визээ сунгуулаад явж байгаа.       

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.40) 2022 оны 10 сарын 05

Одоо энэ сэдвийн ярилцлагаа болио,өдөр болгон шахуу л мэдээ нь байх юм ,оросууд визгүй ир, сунгана, байлгана гээд донгодоод байхаа боль, хойно байдал хэцүүдвэл дүрвэгсэд ихэсвэл чи яах юм бэ

0  |  0
Top