Д.Амарбаясгалан: ЗГ 286 мянган иргэнээс ирсэн гомдлын 95 хувийг нь шийдвэрлэсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын Боомтын асуудал эрхэлсэн сайд, захиргаа байна. Захиргаа нь Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймгт салбар байгуулах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар 6324 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Засгийн газрын бодлогоор аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд хөгжүүлэх салбар гэж үзэж байгаа ч 15 стандарт мөрдөгдөж байх жишээний. Энэ нь маш хангалтгүй. Тиймээс тодорхой үүрэг чиглэл өглөө" гэв. 

Түүнчлэн "Хүнсний үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 10 хувьд нь баталгаажуулалт хийгдсэн байгаа нь хангалтгүй юм. Үйлчилгээний салбарын 70 хувьд нь баталгаажуулалт хийгдсэн гэх мэдээлэл хуралдаанд танилцуулагдлаа. Стандарт гэдэг зүйл бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлно. Суурь ойлголт гэж ойлгох хэрэгтэй. Стандарт хангагдаагүйгээр олон зүйл хангагдаж чаддаггүй. Наад зах нь унадаг, явган хүний зам нь стандартын шаардлага хангаж чадахгүй байна. Стандарт хангахгүй байгаагаас эрсдлийг бий болгож байна" хэмээн ярилаа. 

Үүнээс гадна "Энэ оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газарт 286 мянган иргэнээс гомдол мэдээлэл ирсэн. Үүний 95 хувийг нь цаг хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Цаашид МХЕГ-ын үйл ажиллагааг өөрчлөх зорилгоор 87 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Иргэдийнхээ гомдлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллах болно" гэлээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top