Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.05/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хүнсний асуудлууд эцсийн дүндээ “стандарт” гэдэг нэг үгэн дээр төвлөрч байна. Нярай хүүхдийн хэрэглэлээс эхлээд эм, эмийн хэрэгсэл, сурагчдын үдийн хоол гээд олон зүйл дэлхийн стандартад хүрч чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6524 стандарт бий. Эдгээрийг цаашид дэлхийн жишигт хүргэж, зарим салбарт цаг үеэ дагасан шинэ стандартуудыг бий болгох үүрэгтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх Ажлын хэсэг байгууллаа.
Тухайлбал, аялал жуулчлалын салбараа тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилготой манай улсад энэ салбарын 15 стандарт л мөрдөгдөж байгаа бол нийт хүнс үйлдвэрлэгчдийн 10 хувьд нь Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулалт хийжээ. Үүнээс харахад хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хамгаалж, хангахад төр стандарт, баталгаажуулалтын тогтолцоогоо шинэчлэн сайжруулах шаардлага аль хэдийнэ тулгарчээ. Цаашид төр тооноос чанар руу шилжих зарчмыг баримтлан ажиллана. Төр бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх, бүтээн байгуулалтын ажлуудыг хүлээн авахдаа насжилт өндөр, чанартай байдлыг харгалзан үздэг байхыг чухалчилж байна.
Ингэснээр дэлхийн жишигт хүрэхүйц стандартууд мөрдөгдөж, иргэдийн амьдралын чанар дээшлэх бүрэн боломж бүрдэх учиртай. Засгийн газрын хуралдаанаар “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын нэг чиглэл болох Боомтын сэргэлтийн хүрээнд Хилийн боомтын захиргааны бүтцийг шийдвэрлэж, боомтын захиргаа нь Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймагт салбар нэгжтэйгээр ажиллахаар боллоо. Тус захиргаа нь төрийн нэгдсэн удирдлагаар ажиллаж, БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудтай харилцана. Үүний үр дүнд хил гаалийн нөхцөл байдал сайжирч, ачаа тээврийн асуудал цэгцрэх боломжтой юм" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )