Цахим гэмт хэргийн нэр төрөл олширч, арга хэлбэр нь улам нарийссаар байна. Үүний хэрээр хохирогчдын тоо олширч, хууль шүүхийн байгууллагаар зарга үүсгэж буй иргэд нэмэгджээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор хуульч, өмгөөлөгч Т.Хонгорыг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Сүүлийн үед цахимаар мөрийтэй тоглох, улмаар их, бага хэмжээгээр хөрөнгө мөнгөөрөө хохирсон гэх иргэд олширч байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Цахим хэлбэрээр мөрийтэй тоглох тохиолдол өссөөр байна. Энэ гэмт хэрэгт хохирсон олон иргэн надаас өмгөөлөл, хуульзүйн зөвлөгөө авах гэж ирдэг. Одоогийн байдлаар найман хүн манай өмгөөллийн газар ирээд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл, туслалцаа аваад байж байна. Хүмүүсийг харж байхад эхлээд багахан мөнгөөр тоглож эхэлдэг. Эхний удаа хожно. Дараагийн удаа алдана. Ганц, хоёр удаа дарааллаж ч хожно. Түүндээ урамшаад үргэлжлүүлээд тоглодог.
Ингээд зарим нь энэ мэтээр хожоод болоод байх юм байна гэж бодоод өөрт байгаа өнгөтэй, өөдтэй юмаа ломбарданд тавиад ч юм уу зараад тэр мөнгөөрөө тоглож эхэлдэг. Сүүлдээ найз нөхөд, хамаатан саднаасаа, ойр тойрныхноосоо мөнгө авдаг. Ингэж явсаар мөрийтэй тоглоом ажиллуулдаг нөхдүүдийн атганд орж эхэлдэг. Цаашлаад маш их хэмжээний өрөнд ордог. Тэрбум төгрөгийн өрөнд орчихсон хүн ч байна.
-Тийм их хэмжээгээр үү?
-Тэгэлгүй яахав. Бүр сүүлдээ мөрийтэй тоглоомын аппликейшн ажиллуулдаг нөхөд гэр орныхныгоо хүртэл айлган сүрдүүлдэг. Сүүлдээ өрөнд орсон этгээд ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэдэг. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна. Хулгай, дээрэм гээд давхар, давхар гэмт хэрэгт ороогддог.
-Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон байдаг биз дээ?
-Мэдээж хориглолгүй яахав. Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, болон зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, болон нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байдаг.
-Та түрүүн дурдсан. Өрөнд орсон хүн мөнгө олохын тулд өөр гэмт хэрэг үйлддэг гэж. Мөрийтэй тоглоомноос үүдэлтэй гэмт хэрэг үйлддэг олон хүн байдаг байх нь ээ?
-Тийм. Ер нь мөрийтэй тоглоомонд насны хувьд 20-45 насныхан ихэвчлэн орчихсон байдаг. Тэдний дунд том, жижиг гарын нөхөд ч бий. Зарим нөлөө бүхийн этгээдүүд нь их хэмжээний мөнгөөр тоглодог. Түүнийг нь судлаад үзэхээр мөнгө угаах төрлийн гэмт хэрэгт ч багтаж болохоор байгаа юм.
-Энэ төрлийн гэмт хэргийг манай хууль хүчний байгууллагынхан хэр сайн илрүүлдэг юм бол?
-Энд маш их хэмжээний мөнгө эргэлддэг. Нөлөө бүхий этгээдүүд, манай бөхчүүд ч бий. Өнөөдөр тэрбум төгрөг, 800 сая төгрөгийн бодит хохирол амсчихсан хүн байна. Байр, машин, байгаа бүхнээ алдчихаад сууж байгаа хүн байна шүү дээ. Үүнээс үүдээд амиа хорлох тохиолдол ч бүртгэгдээд байна.
-Ихэвчлэн ямар хүмүүс тоглож байна вэ?
-Янз бүр. Эмэгтэй хүмүүс сүүлийн үед их тоглож байна. Хэд хоногийн өмнө нөхөр нь надад ярьж байна. “Эхнэр нь гэр орныхоо юмыг хүртэл ломбарданд тавиад тоглочихдог. Нөхөр нь өр, зээлийг нь төлөөд сүүлдээ барахаа байгаад эхнэрээсээ салж байгаа” гэдгээ учирлаж байна. Ийм асуудлууд гадуур олон байна. Олон нийтэд анхааруулж хэлэхэд, өнөөдөр покер, мөрийтэй тоглоом тоглоод амьдрал ахуй нь сайжирсан хүн байхгүй. Тоглуулж байгаа нөхөд л дундаас нь бусдыг мөлждөг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
ОНЛАЙНААР ЗАХИАЛГА ХИЙГЭЭД ХОХИРСОН 1233 ИРГЭН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
-Танаас хууль эрх зүйн зөвлөгөө авч, өмгөөлөл хүссэн хүмүүсийн дунд цахим худалдаа, сугалааны хохирогчид хэр олон байна?
-Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогчид олширч багтаж байна. Тэр хэрээрээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өмгөөлөл авахаар их ирж байгаа. Онлайн захиалгын залилан нь 2020 оны хөл хорионы үеэс огцом нэмэгдсэн. 2022 он гарсаар онлайнаар захиалга хийгээд хохирсон 1233 иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Судлаад үзэхээр үүнд 100 мянгаас дээш хохирол амссан хүмүүсийн байгаа юм. Харин бага хэмжээний мөнгөөр захиалга хийгээд залилуулсан олон мянган хүн байна. Тэд адгийн зарга арав хоног гээд цагдаад хандахгүй хаях жишээтэй.
Бодит байдал дээр онлайн худалдан авалтын хохирогчид маш их ирж байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эх сурвалжаа сайн судлахгүйгээр дансаар гүйлгээгээ хийчихдэг. Гэтэл захиалсан бараа нь цаг хугацаандаа ирдэггүй, улмаар эргээд холбогдох хаяг, утас нь тодорхойгүй байх жишээтэй. Мөн онлайнаар олон төрлийн хонжвор зохион байгуулж, сугалаа нэрийн дор залилан хийсээр байгаа. Үүнийг үйлдэхдээ ямар нэг бараа бүтээгдэхүүн сугалааны хонжвор болгон тавиад олон хүнээс мөнгө хураачихдаг. Өөрөөр хэлбэл, сугалаанд тавьсан тухайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс хэд дахин их мөнгө гаргуулж авдаг. Энэ байдал сүүлдээ хүндрэх хэлбэр рүүгээ орж, мөрийтэй покер тоглоомын хэлбэрт шилждэг болсон байна. Тэдний арга заль маш нарийссан. Тусгай кодоор тоглодог. Тоглуулдаг газар нь нэг газраа байнга тоглохгүй. Нүүгээд явдаг. Нөгөө кодоо уншуулж л нэвтэрч ордог. Хэрвээ хэн нэгэн нь энэ талаар гадагшаа мэдээлэл өгөх, ам алдах л юм бол тоглоом тоглуулдаг хүнийхээ атганд ордог. Ар гэрийнхнийг нь дарамталдаг.
-Энэ төрлийн гэмт хэрэг бүр газар авчихжээ?
-Нийгэмд үнэхээр газар авсан. Үр хүүхэд нь гэр орондоо ирдэггүй. Ирэхээрээ хамаг юмаа аваад явчихдаг. Ийм байдалд орсон нэг ээж “Амиа хорломоор байна” гээд аргаа бараад явж байсантай ч таарч байлаа. Бодит байдал дээрээ үнэхээр хүндэрсэн. Өнөөдөр цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоомын эсрэг хууль хяналтын байгууллага хүчтэй ажилламаар байна. Зүгээр илрүүлээд торгоод орхих биш. Урьдчилан сэргийлж, таслан зогсоомоор байна. Жишээ нь, мөрийтэй тоглоомын хамгийн дээд ял нь таван жил. Яг үнэндээ гэмт этгээдүүдэд таван жил сонин биш. Ялын санкц бага байна. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль бодит байдал дээр үр дүнд хүрэхгүй байна.
-Түрүүн та хэлсэн. Цахим сугалаа даамжирч явсаар онлайн покер, шоо зэрэг тоглоомын үндэс болж байна гэж. Ер нь хэн хүссэн нь сугалааг явуулах боломжтой байдаг юм уу?
-Хуулийн зохицуулалтаараа бол сугалааг тусгай зөвшөөрөл авч байж явуулах ёстой. Гэтэл цахим орчинд ямар ч зөвшөөрөлгүйгээр сугалааг хэн дуртай нь явуулж байна. Тэд ганц, нэгээрээ бус хоёр гурваараа нийлж, нэг нь дансаа шалгадаг, нөгөө нь фэйсбүүк хуудасныхаа хандалтыг өсгөх зэргээр ажиллаж, маш олон хүнийг хамруулж, их хэмжээний мөнгө цуглуулдаг.
Жишээ нь, 500 мянган төгрөгийн үнэтэй гар утсыг хонжворт тавиад хэд дахин нугалсан үнийн дүнд хүргэдэг. Тэр цуглуулсан мөнгөө хуваагаад авчихдаг. Улмаар ийм байдлаар хуучин, хэрэглэж байсан эд зүйлийг хүртэл худалдан борлуулж, дундаас нь өчнөөн мөнгө завшдаг жишиг их болсон байна.
-Цахим гэмт хэргийн хохирогч болж, танаас өмгөөлөл авахаар ирсэн хүмүүсийн жишээнээс дурдаад сэрэмжлүүлбэл?
-Онлайнаар захиалга хийгээд залилуулсан олон жишээ байна. Тэр дундаас манай нэг үйлчлүүлэгчид тохиолдсон хэргийг дурдъя. Түүний хувьд Туркэд байгаа худалдааны төлөөлөгч хүн рүү хэд, хэдэн удаа захиалга хийсэн байдаг. Эхний нэг, хоёр удаа барааг нь явуулсан байдаг. Ингээд итгэлтэй санагдахаар нь хажуу талынхаа лангууны хэдэн хүнтэй нийлээд 500 сая төгрөг босгоод их хэмжээний бараа захиалга хийсэн байгаа юм. Эцэст нь мөнгө ч үгүй, бараа ч үгүй болсон хэрэг бүртгэгдээд шалгагдаж байна. Дүнжингарав, Сандэй-2 гэх мэт худалдааны төвийн наймаачид хохирсон хэрэг гарсан. Гадаадаас залилсан энэ төрлийн хэрэг хил гаалийн асуудлаас болоод хэрэг нь түдгэлздэг, таван жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг. Тиймээс иргэд онлайн захиалга хийхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг дахин, дахин хэлмээр байна.
Сүүлийн үед банкны картны нууц дугаар, интернэт банкны нууц кодоо алдсанаас үүдэж, мөнгөө алдсан иргэд хууль зүйн зөвлөгөө авахаар их хандаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, цагдаагийн байгууллага дээр гомдол гаргаад шалгуулж байгаа нэгэн иргэн над дээр ирсэн. Түүний хувьд пин кодоо бусдад алдсан байгаа юм. Иргэд яг юунаас болж, кодоо алдсанаа мэддэггүй. Анзаарч ажигласнаар дэлгүүр, худалдааны төвүүдэд хүмүүсийн картаар тооцоо хийхдээ “Пин кодоо хэлээрэй” гээд шууд олны дунд дөрвөн оронтой тоог нь хэлүүлчихдэг. Түүнчлэн тооцооны хэвлэгдсэн баримтыг нь өгдөггүй. Наад захын жишээ дурдахад л ийм байна. Хайнга, назгай байдлаасаа болж, иргэд өөрсдөө гэмт хэргийн хохирогч болдог.
Дээрх бүх гэмт үйлдэл нь цахимаар үйлдэгддэг. Ийм төрлийн хэргээс болж, таван сая төгрөгөөрөө хохирсон нэгэн иргэн надаас хууль зүйн өмгөөлөл аваад явж байсан. Уг нь банкны кодоо хувь хүн өөрсдөө л мэдэх ёстой. Гэтэл картаа бусдад дамжуулах, төрөл бүрийн худалдан авалт хийхдээ худалдагч нарт кодоо хэлдэг зэрэг иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдал нь гэмт этгээдүүдийн өгөөш болоод байгаа юм.
-Цахим гэмт хэрэг сүүлийн хоёр жил огцом нэмэгдсэн албан мэдээ байна. Энэ талаар?
-Хууль зүйн фермерүүд, өмгөөллийн товчоогоор үйлчлүүлэгчдийн дунд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нэмэгдсэн нь үнэн. Энэ бүхэн нь “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хөл хориотой холбоотой болов уу. Иргэдийн дунд ихэвчлэн онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авч, дандаа л утас, компьютерийн цаанаас аливаа ажлаа амжуулдаг болсон. Энэ байдлаас болж, цахим залилан нэмэгдсэн. Нөгөө талаар цахим гэмт хэргийг илрүүлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа дутмаг байна. Дүүргийн цагдаагийн хэлтэс дээр цахим гэмт хэргийг шалгах ажиллагаа үнэхээр хангалтгүй.
ЦЕГ-ын “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба” нь арай илүү мэргэжлийн түвшинд ажилладаг. Харин дүүрэг, хорооны цагдаа дээр цахим төрлийн гэмт хэргийг “Энэ чинь эх сурвалж нь тодорхойгүй. Илрүүлэх боломжгүй. Эзэн холбогдогч нь байхгүй. Тогтоогдохгүй юм байна” гээд л хэргийг нь хаачихдаг. Ингээд гэмт этгээдүүдийг ял завшуулдаг тохиолдол олон байна. Цагдаагийн байгууллагын энэ байдлаас үүдэж, гэмт этгээдүүд улам амтшиж, дахиад л шинэ хаяг нээгээд бусдыг залилаад явдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Үхэхүү 80359345 залгаарай
Амиа хоролмоор байна яавал хурдан үнэхүү 80359345
”Хууль зүйн фермерүүд” гэж бас юуны новшийн хэллэг гараа вэ Zindaa минь
Хуульч өмгөөлөгчид нь энэ хүн шиг нийгмийн сайн сайхны төлөө дуугарч иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгч баймаар байнааа