Н.Энхболд & М.Энхболд

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Хамтрагчаа жийчихээд хар амиа хоохойлж үлдсэнээс хойш бас чиг чамгүй хугацаа өнгөрчихөж. Би үүнийг хэлээгүй. Улс төрийн хүрээнд ч тэр, ард түмний дунд ч ярьдаг зүйлийн нэг болжээ. Энэ утгаараа маргааш ч яригдаж үлдэх дүр бол Нямаагийн Энхболд мөн. Уг нь хуучин цагт төрж өсөж, сурсан, ажилласан хүний хувьд ханилж яваа нөхрөө түлхэхгүй байх гэж бодсон ч тэр эсрэгээрээ ажилласан. Улс төр хойно доо.

Тодотгож хэлбэл, 2017 онд парламентад дахь МАН-ын бүлэг 33:32-оороо хуваагдаж, эрх мэдлийн төлөө үзэж тарав даа. Ингэхэд тэр хамтрагч М.Энхболдынхоо фракцид данстай байв. Энэ үед МАН УИХ-д 65 суудалтай, М.Энхболд парламентын түвшинд 33 гишүүнтэй, У.Хүрэлсүх 32 гишүүнтэй үзэж тарж байв даа.

Харин У.Хүрэлсүхчүүд Н.Энхболдод сайдын суудал амласан учраас урваж, улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, удалгүй хамтрагч нь ч УИХ-ын даргын суудлаас буусан гэж улс төрийн хүрээнд үздэг. Үүнээс харахад тэр зөвхөн хамтрагчаа бус нэг фракцид данстай байсан 32 хүний хувь заяаг өөр тийш эргүүлж өгсөн хүн. Тэгэхээр зөвхөн М.Энхболд ч бус 32 хүн түүнд өс өвөртлөн явж байж болох юм. Нөгөө талаар У.Хүрэлсүх болон түүний нөхдөд томоохон буян үйлдсэн. Тэр үед хэрвээ Н.Энхболд урваагүй бол У.Хүрэлсүх гэх Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнэ гэх Ерөнхий сайд, Г.Занданшатар гэх УИХ-ын дарга байхгүй ч байж болох талтай. Өдгөө сайдын алба залгуулж байгаа олон нөхөд ч байхгүй байв.

Улс төрийн өрөг дээрх нүүдэл Н.Энхболд гэх ганцхан нөхрөөс үүдэж ийнхүү 360 градус эргэсэн учиртай. Магадгүй Монгол Улсын энэ дампуурал, нийгмийн ядуурал гэх мэт олон сөрөг зүйл өөрөөр эргэх байсныг ч үгүйсгэх аргагүй. Ийн хэлэх нөхцөл ч бий. Өнгөрөгч 2016 он гэхэд Монгол Улсын эдийн засаг хоёр хувьд хүрэхээ больж, олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэл буурчихсан, саарал жагсаалтад нэр бичигдээд байсан үе. Гадна дотны хөрөнгө оруулалтын урсгал нэгэнт татарчихсан, бүтээн байгуулалтын чиглэлд ямар ч хөдөлгөөнгүй байлаа.

Энэ үед Ж.Эрдэнэбат нарын залуус засгийн эрхийг авсан даруйд Олон улсын валютын сангийн хөтөлбөр оруулж ирснээр нөхцөл байдлыг тогтворжуулж улмаар хоёр хувьд хүрэхгүй байсан эдийн засгийг нэг жил гаруйхан хугацаанд зургаан хувьд өсгөөд байтал эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаад авсан. Энэхүү эрх мэдлийн төлөөх тэмцэл нь өнөөх л Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тонохоос эхлээд олон сөрөг зүйлийг бий болгосон.

Өөрөөр хэлбэл, олон бусармаг зүйлээр байгуулсан ялалт гэхэд болно. Үүгээр ч зогсохгүй 2017 оны Ерөнхийлөгчийн, 2020 оны УИХ-ын сонгууль угтсан баривчилгаа, хорих ял нь М.Энхболдын бүлэгт багтаж байсан олон ч залуусын хулхийг буулгаж авсан даа. Энэ “дайн” 2020 оны сонгууль хүртэл үргэлжилсэн. Одоо ч дайтахад бэлэн байгааг нуух хэрэггүй.

Энэ үеэс У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж, эдийн засаг ч тэгтлээ өссөнгүй, цар тахалтай залгасан. Одоо энэ төр улс, нийгмийн амьдрал ямар байгааг надаар хэлүүлэх юун. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөн ч цалин тэтгэвэр огт нэмсэнгүй. Ажилгүйдэл, ядуурал газар авсаар байна.

Өнгөрөгч хугацаанд ажилласан Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын Ерөнхий сайдууд болон тэдний танхим муу сайн ажилласан гэж шууд дүгнэх аргагүй. Аль аль нь цаг үеийн нөхцөл байдалд уялдуулсан арга хэмжээ авч ирсэн. Түүнээс гавьяа байгуулсан нь нэгээхэн ч үгүй л болов уу.

Үүнийг дурдахын шалтгаан байгаа болоод дурдсан хэрэг. Шуудхан хэлэхэд Н.Энхболд гэх УИХ-ын гишүүн 2017 онд урваж шарваагүй бол нийгмийн байдал ямар байх байв гэдэг бодол хэнд ч орж ирнэ.

Улс орны хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдрал сайн байна. Эсвэл Н.Энхболд гэх хүн урваж шарвасан учраас нөхцөл байдал арай дээр байна гэх мэт ямар нэгэн дүгнэлт өнөөдөр эс ч маргааш гарч таарах учраас дурдаад байгаа хэрэг. Энэ утгаараа Н.Энхболд гишүүн улс төр, цаг үеийн маш эгзэгтэй цагт сонголтоо хийсэн учраас хэтдээ нэг түүхэн дүрээр ч тодрохыг үгүйсгэхгүй. Тус сонголтынхоо араас тэрбээр Батлан хамгаалахын сайдаар заларсан учраас хувийн өчүүхэн эрх ашгийн үүднээс гэж харж болно. Нөгөө талаар төрийн бага дунд шатнаас Төрийн эрх барих дээд байгууллага хүртэл олон жил ажилласан хашир туршлагатай хүн нэгийг бодож хоёрыг тунгаасан биз хэмээн хүчээр ч болтугай цагаатгаж бас болно. Зөв буруу байсан эсэхийг өнөөдөр шууд дүгнэх ямар ч боломжгүй учраас ирээдүйн эздэд үлдээе.

Харин Н.Энхболд 1974 онд аравдугаар анги дүүргэж байсан бол хамтрагч М.Энхболд нь 1982 онд аравдугаар анги төгсөж байсан гэхээр бага зэрэг насны ялгаа байгаа ч 2000 оны эхнээс л улс төрд хөтөлцөх болсон хоёр. Н.Энхболд 2000 оны сонгуулиар УИХ-д орж ирж байсан бол М.Энхболд 2005 оны нөхөн сонгуулиар 65 дугаар тойргоос сонгогдож байв. Үүний дараа 2008, 2012, 2016 оны сонгуульд Н.Энхболд, М.Энхболд хоёр Төв аймгаас хөтөлцөөд гарч ирж байв.

Улс төрийн ээдрээ бүхий замд арай ч нэгнээ нударчихалгүй хориод жилийг хамтдаа үдсэн хоёр. Эрхэм хоёр нөхөр улс төрд зүгээр ч нэг сул гишүүн байсангүй. М.Энхболдын хувьд 1987 онд Улаанбаатар хотын захиргаанд эдийн засагчаар ажлын гараагаа эхлүүлж, хоёр удаа Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дэд дарга, дарга гэх мэт алба хашиж байв.

Харин Н.Энхболд нь 1979 оноос Соёлын яаманд эдийн засагчаар ажлынхаа гарааг эхлүүлж, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, УИХын дэд дарга, Батлан хамгаалахын сайдаар тус тус ажилласан өндөр карьертай нөхөд. Ийн өндөр авахад хамтын зүтгэл байсныг үгүйсгэхгүй. Н.Энхболд гишүүний хувьд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн англи, орос хэлтэй гэх боловсролын намтартай. Өндөр боловсрол байж таарна.

Хилийн чанад өндөр боловсрол эзэмшсэн тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцад эдийн засагчаар ажлынхаа гарааг эхэлж, 1980 оноос Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн болж дэвшсэн. Тухайн үеийн жишгээр л шат шат дамжин ажилласан хэрэг. Ийнхүү 1986 оноос Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга, 1990 оноос Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993 оноос Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр их улс төрд хөл тавьсан хүн.

Харин 1997 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргаар ажиллаж байгаад 2000 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж ялалт байгуулснаар өндөр авсан хүн. Тэрбээр зургаан удаа УИХ-д сонгогдохдоо Засгийн газарт гурван удаа сайдын алба залгуулж, нэг удаа УИХ-ын дэд дарга, мөн нэг удаа МАН-ын бүлгийн даргаар ажилласан улс төрийн арвин намтартай нөхөр. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төв аймаг (66.181.160.127) 2024 оны 02 сарын 09

Н.ЭНХБОЛД НӨХРӨӨСӨӨ НАМААСАА УРВАСАН БОЛ ЭХ ОРНООСОО БАС Л УРВАНА ДАА

0  |  0
Zochin(202.126.90.153) 2022 оны 11 сарын 07

Olon jiliin ujgirsan mafia hulgaig zogsooh shine salhi oruulah uud haalga neegdjee. Harin ch N.Enhkbold gishuund ard tumen talarhaj Mie uuruu horsoh ni oilgomjtoi

0  |  0
Иргэн(172.105.73.139) 2024 оны 02 сарын 09

Ухаантай, чадалтайдаа биш, арга зальтай хамелон маягийн л хүн юмаа даа.

1  |  0
Хуягаа(66.181.191.104) 2022 оны 10 сарын 11

Москвагаас хөөгдсөн муу сурлагатан урд зүгийн зээ мөнгөөр бүхнийг хийдэг АВИЛГАЧ, ХОР НАЙРУУЛАГЧ, ГАЗРЫН НАЙМААЧИН гахай М.Энхболдыг шүүх цаг ирнээээ....

0  |  0
Мон(202.126.88.134) 2022 оны 10 сарын 11

Элбэгдорж, Ми. Энхболд, Ж. Эрдэнэбат нар хуйвалдаад улс орноо сорчлон хуу дээрэмдэж байгаад Хүрэлсүхэд хоншоороо тас цохиулсан даа

0  |  0
Мэлгэр(202.126.88.134) 2022 оны 11 сарын 07

Улс орноо дээрэмчидтэй хуйвадан луйвардаж байхад уравдаггүй хүн болох гээд хамтраад дээрэмдээд явж байх уу, горьд !!!!

1  |  0
ЗОЧИН(66.181.179.15) 2022 оны 11 сарын 07

Ж.ЭНХБАТЫН ЗАСГИЙН ГАЗАР МАШ САЙН АЖИЛЛАСАН. МИЕЭГОМБЫН \n ЭНХБОЛД ЁСТОЙ \n ТУЛХТАЙ, ЖУДАГТАЙ,МАШ НЯХУУР ЯМАР Ч УНАСАН ЭДИЙН ЗАСГИЙГ БОСГОДОГ ААВЫН ХҮҮ ШҮҮ ИЛ БАЙГАА НАРЫГ АЛГААР ХААЖ БОЛОХГҮЙ ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ Л САЙХАН. ХАРИН НЯМААГИЙН ЭНХБОЛД ХЭЗЭЭ Ч ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХУУЛЬ САНААЧИЛЖ ҮЗЭЭГҮЙ БУГ ШҮҮДЭЭ

0  |  2
иргэн(192.82.66.11) 2022 оны 10 сарын 11

Хамгийн зөв , хамгийн сайн ажилласан засгийн газар бол Ж .ЭРДЭНЭБАТЫНХ байсан нь ҮНЭН шүү.

0  |  1
Top