Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд түвшний 6 дугаар уулзалт энэ сарын 12-13-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдах юм.
Энэхүү өндөр дээд түвшний уулзалтад Монгол Улсыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан оролцох бөгөөд тус уулзалтын талаар өнөөдөр Бүгд Найрамдах Касахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Габит Бейбутович Койшибаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол, Казахстаны ард түмэн түүх, соёл иргэншил, зан заншил зэрэг гүнзгий хэлхээ холбоотой. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа. Мөн энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдааныг 2022 оны IV улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй. Ээлжит хуралдааны үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх нь харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад тус дөхөм болно гэдгийг цохон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Касахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Габит Бейбутович Койшибаев уулзалтын үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, энэ үеэр Монгол Улсын Шадар сайд албан айлчлал хийх гэж буйд талархсанаа илэрхийлээд “Манай хоёр улс түүх, соёл иргэншил, зан заншлаараа гүнзгий холбоотой улс гэдэгтэй санал нэг байна. Үүнийг бэхжүүлж, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд өндөр дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлж, уул уурхай, тээвэр ложистик, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Манай улсын зүгээс энэ чиглэлд хамтран ажиллахад бүх талаасаа дэмжихэд бэлэн байна” хэмээгээд Шадар сайдын энэ удаагийн айлчлалд амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )