Д.Амарбаясгалан: Хариуцлагагүй, мэдрэмжгүй, чадваргүй гэсэн соёл мэт жишгээс ТӨР САЛАХ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2022.10.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжлээ. Тус хуулийн төсөл батлагдснаар Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтыг өөрчилж, хяналт шалгалтыг салбар бүрт нь шилжүүлэх ажлууд шат дараатай хийгдэх юм. Мөн гүйцэтгэх засаглалд дотоод хяналт шалгалт, үнэлгээ хийх нэгж шинээр байгуулна.

Гүйцэтгэх засаглал дотоод хяналт шалгалтын функцтэй болсноор олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжилдэг авлига, хүнд суртлыг цэгцлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл хариуцлагагүй, мэдрэмжгүй, чадваргүй гэсэн соёл мэт болсон жишгээс төр салах болно. Ингэснээр төр давхардсан хяналт шалгалтаар иргэн, аж ахуй нэгжид дарамт учруулдаг байдал арилж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх юм. Үүний үр дүнд иргэн, хувийн хэвшлийн байгууллагад тавьж буй төрийн хяналт шалгалтын чанар дээшилж, төрийн байгууллагын хариуцлага сайжирна гэж үзэж байна" хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top