Монгол Улс байгалийн баялгаа яавал зөв ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, үнэлгээг ямар зарчмаар хийх вэ гэдэг асуудлын эргэн тойронд судлаач, эдийн засагч Д.Пүрэвжалтай одоогоос хоёр жилийн өмнө ярилцаж байв. Энэ удаа “Бэлтэс мөрөн”-гийн гэх луйврын сүлжээ, санхүүгийн залилангийн гэмт хэрэг, хохирлыг хэрхэн тооцуулах тухайд ямар аргачлал, гарц гаргалгаа байж болох талаар судлаачид юу гэж үзэж байгааг сонирхлоо.
-“Бэлтэс мөрөн”-гийн санхүүгийн залиланд олон хүн мөнгөө алдсан. Хохирогчдын 150 гаруй нь АТГ-т өргөдөл өгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандахдаа “Орон нутгийн цагдаа, прокурорууд ажлаа хийхгүй байсан” гэж мэдүүлжээ. Судлаач, эдийн засагчид санхүүгийн гэмт хэргүүдэд ямар ажиглалт, дүгнэлт хийж байдаг бол?
-"Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай” гэж үгтэй. Боломж бололцоо муухан, ядуу, ажил албагүйн эрхээр багахан олдсон мөнгөө нэмж эргүүлж олохын хүсэлд автан, зарим хүн ингэж олж болдог юм байна гэж бусдыг харж, дуурайн мөнгөө аваачиж өгч, одоо буцааж авч чадахгүй байгаа нь харамсалтай.
Ер нь бол ийм байдалд ортлоо газар авч буйд төрийн болон хүчний байгууллага, цагдаа, захиргааны ажилтнуудын дэмжлэг, туслалцаа их нөлөөтэй байдаг юм билээ. Хохирогчдын тухайд ганц нэгээрээ бол яаж ч хөөцөлдөөд, аль нэг хуулийн ажилтнууд /цагдаа, прокурор, өмгөөлөгч/-ийн дарамтад орж, хууль зүйн мэдлэг дулимаг, танил тал муу, илүү их мөнгө шаардсан туслалцаагүй бол ёстой хий дэмий цаг хугацаа алдсан ажил болдог юм билээ.
Цагдаагийн байгууллага, прокурорын хооронд маш их хүнд суртал мэдрэгддэг. Хуулийнхан бие биеэ өмгөөлж, хохирлыг барагдуулах тал дээр огт ажиллахгүй, харин ч хохирсон хүмүүсийг илүү ихээр ад шоо үзэж, бэлэн мөнгө амар олдохгүй гэх мэтээр даапаалах нь энүүхэнд. Гэтэл өөрсдөө /хууль, хүчний болон захиргааны ажилтнууд, мөн тэдний төрөл садан, үр хүүхэд гэх мэт/ дээрх луйврын сүлжээгээр мөнгөө хэд дахин өсгөөд авчихсан байгаа. Эд луйварчидтай хамтран ашгаа хуваалцсан байхыг ч үгүйсгэхгүй. Учир иймд энэ олон хүний мөнгийг төлүүлэх талаас арга хэмжээ авах ёстой гэж бодож байна.
-Хохирлыг төлүүлэхэд нөхцөл байдал иймэрхүү байдаг юм байж. Иргэдийг хохиролгүй болгохын тулд ямар арга хэмжээ авах нь оновчтой бол?
-Энэ талаар хэдэн зүйлийг хэлье. Уриалж байна гэсэн ч болох юм даа. Тухайлбал, энэ луйврын схемээр мөнгөө 100 хувь эргүүлж авсан бүх хүнийг нарийвчлан судалж, ядаж 50 хувийг нь буцаан төлүүлэх. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрөл дээр бичилт хийсэн захиргааны ажилтан авлига авсан нь тодорхой тул үүрэгт ажлаа хийгээгүй луйварчдад боломж олгосон учир өндөр торгууль ногдуулж, ажлаас нь чөлөөлөх ёстой гэж харж байна. Гуравдугаарт, цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэж буй үед нь таслан зогсоох байсан. Гэтэл дараа нь хохирлыг барагдуулах тал дээр ажиллах үүрэг хүлээсэн ажилтай, албатай тул төрөөс цалинжаад явж байгааг харахад энд огт ажиллахгүй байна гэж ойлгож байна. Арга ч үгүй биз. Дээгүүрээ луйварчидтай нягт холбоотой, их хэмжээний мөнгө өгөлцөж, авалцсан гэдэгт итгэлтэй байна.
Жишээ нь, аймгийн Цагдаагийн газрын дарга нь ер нь л дээрхийн адил залилан луйвраар амьжиргаагаа болгож гаршсан нөхөр ажиллаж байхыг үгүйсгэхгүй байна. Учир иймд Цагдаагийн байгууллага болон хуулийнхныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дээд шатны байгууллагаас Ажлын хэсэг томилж, энэ олон хүн холбогдсон хэргийн хохирлыг барагдуулах тал дээр шуурхай ажиллах хэрэгтэй юм даа. Би ингэж л харж байна, ийм байдлаар иргэдийн хохирлыг барагдуулахыг уриалж байна. Энэ луйврыг ингэж тодорхой үлгэр авахуйцаар зохион байгуулж ажиллахгүй бол иймэрхүү залилан, луйвар газар авч ард иргэдийн ахуй амьдралаар тоглож, олон жилээр чирэгдүүлж, улмаар ингээд болоод байдаг юм гэсэн ойлголтыг луйварчдад ч, хуулийн байгууллагын ажилтнуудад ч өгөөд байна. Гол нь цагдаагийн мөрдөх албаны мөрдөн байцаагч нар, дээр нь прокурор, өмгөөлөгч, шүүгч гээд явна даа. Ард иргэдээ, бүр төрсөн нутаг орныхноо хайрлаж, өрөвдөх сэтгэлгүй “хүн-чононууд” олширчээ.
-Тэр нь юу гэсэн үг билээ. Бид чинь төрдөө л итгэдэг шүү дээ?
-Энд байгууллагын үйл ажиллагаа, хүмүүсийн үлгэр дуурайлал маш их нөлөөтэй нь тодорхой. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэвэл, манай хуулийн чиглэлийн их, дээд сургуулиуд боловсон хүчнийг олноор бэлдэх юм. Энд анхаарал хандуулмаар санагддаг. Оюутан элсүүлж авахдаа гурван үеийн намтар, үүх түүхийг нь сайн судалж баймаар байна. Угаасаа залилан мэхлэгч, буруу гарын нөхдийг мэдлэгжүүлж, төрийн албанд авах нь тэдэнд “зэвсэг бариулсан”-тай адил юм. Ингэснээр буруу гарын, тодруулбал сүлжээний залилан, луйврын гэмт хэрэг өсөхөд нөлөөлөөд байна.
Эцэст нь хэлэхэд, бидний монголчууд, Монгол оронд маань шударга хөдөлмөрийг дээдлэн, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ ёс зүй, хүнлэг иргэний нийгмийг төлөвшүүлэх, ахмад дээдсээ хүндэтгэх, эх орон, байгаль дэлхийгээ дээдлэн хамгаалах үзлээр, өөрийн чинь хэлж байгаачлан төрдөө итгэх итгэл дүүрэн, нийт олноороо жаргалтай, эв найртай сайхан амьдармаар байна шүү дээ. Би ингэж бодож байна, та юу гэж бодож байна?
-Таны хэлдэг үнэн. Ер нь бол “Бэлтэс мөрөн”-гийн сүлжээнд 2500 хүн хамрагдаж, 300 тэрбум төгрөгөөр хохирч, УИХ, Засгийн газарт хүсэлт гаргаад байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах боломжгүй. Таны дүгнэж буйгаар хуулийн байгууллагаар тийм ч хурдан шийдэгдэхгүй бололтой?
-“Бэлтэс мөрөн”-гийн луйврын сүлжээ нь анхнаасаа л бусад сүлжээний адил шунахайн сэдэл зорилгоор хийгдсэн. Сүүлийн жилүүдэд гарсан ийм том луйвар дээрэм нь төрийн албан хаагч, хуулийн мэдлэгтэй хүмүүстэй ил, далд холбогдсон, хамтын холбоотой хийгдээд байгаагаас хурдан шийдэгдэхгүй, иргэд хөдөлмөрчдийг хуулийн байгууллагуудын үүд сахиулан чирэгдүүлж залхаах байдлаар маш их цаг хугацаа авч, төлбөр төлөгдөхгүй, харин ч хохирсон дээр нь хохироох сонирхолтой байдаг болсон.
Хохирсон өндөр настан, группт байдаг ядарсан иргэдийн мөнгөн төлбөрийг олж өгөх талаас нь ажиллахын оронд нэр хоч өгөх, нэр төрд нь хүртэл халдах байдалтай болжээ. Эндээс дүгнэхэд хүмүүсийн жаахан мөнгийг авч эргэлтэд оруулж, тодорхой бүлэг буюу төр, захиргааны албан хаагч, боломж бүхий иргэдийн мөнгийг эхэн үедээ 100 хувь нэмж өгчихөөд, хүмүүсийг амтшуулж, уриалан дуудаж, гэмт хэрэгт оролцох нөхцөл боломжийг бий болгож өдөөсөн байх үндэслэлтэй.
Ийм учраас мөнгөө эхэн үед өгч, 100 хувь нугалж авсан хүмүүсийг нарийвчлан судалж, тэднээс ядаж 50 хувийг эргүүлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байдлаас өөр ч олон дүгнэлтийг хийж болно. Үүнд, нэгдүгээрт олон хүн хохирсон асуудал үүсэх төдийд аймгийн цагдаа, хуулийн байгууллагын юу хийж байв аа? Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг нь хаачсан бэ? Хэрэгт цагдаагийн байгууллага, хувь хүн холбоотой байх магадлал маш өндөр болж байгааг хаа хаанаа ойлгох нь зүйтэй.
Тиймээс өдий хүртэл тодорхой үр дүнд хүрэхгүй, олон түмнийг хохироосоор байна шүү дээ. Үүнийг ярилцлагын эхэнд би цухас дурдсан. Дахиад хэлэхэд ч ийм байна. Нэг жишээ хэлье, аймгийн Цагдаагийн дарга Төмөрийн Ганхуяг гэгч ер нь л хууийг гууль болгож, өөрт ашигтай байдлаар хэрэгжүүлж, залиланг өөгшүүлж, өөрийн нагац эгч П.Оюунцэцэгтэй хамтран бусдыг залилан дээрэмдэж, эгчийгээ дүүргийн прокурортой үгсэн хуйвалдаж, Эрүүгийн хэргийг өршөөлийн хуульд хамруулан ялаас чөлөөлүүлж, ашгаа хуваалцаж, бусдыг хохироосоор ирсэн, үүндээ гаршсан. Одоо ч 10 гаруй жил хохирол барагдуулахаас зугтаалгасаар байгаа, энэ талын арвин туршлагатай хүн юм.
-Санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг уг нь аймгийн Засаг даргын Тамгын газрынхан шалгах үүрэгтэй. Гэвч тэд ажлаа хийгээгүй гэж хохирогчид мэдүүлж байгаа юм билээ?
-“Бэлтэс мөрөн”-гийн энэ хэрэгт аймгийн Засаг захиргааныхан ч маш буруу оролцоотой явж ирсэн юм билээ. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулдаг чиглэлийг заасан гэрчилгээнд санхүүгийн үйл ажиллагааг нөхөж бөглөж өгсөн нь авлига, албан тушаалын хэрэгтэй шууд холбоотой нь тодорхой. Мөнгө авч, өгч л үүнийг нөхөн бөглүүлж байгаа. Ер нь бол нарийн судалж, мөнгөө 100 хувь өсгөж авсан хүмүүсийг сайн судлахад тодорхой болно. Эдгээр хүмүүс цаагуураа засаг захиргаа, цагдаа, хуулийнхантай холбоотой, тэдний төлөөлөл, ах дүү, хамаатан садан, үр хүүхэд нь байхыг үгүйсгэхгүй.
-Хохирол барагдуулах тухайд ямар аргачлал байж болох вэ?
-“Эрсдэлийн сан” байгуулах хэрэгтэй гэсэн санааг би түрүүнд хэлсэн. Ерөнхийдөө сүүлийн үеийн шинэлэг хэлбэр болох койн, криптовалютыг сайтар судалж, ажиллах зарчим, технологийг сайн нутагшуулж байж олон түмний хүртээл болгох тал дээр Санхүүгийн Зохицуулах хороо буюу мөнгө-санхүүгийн байгууллага, хувь хүмүүс анхаарах нь зүйтэй. Олсон багахан мөнгөө өсгөөд авахыг хэн хүнгүй хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэвч болгоомж, сэрэмж чухал. Мэдлэг, мэдээллээ зөв зүйтэй ашиглах, хэрэглэх нь чухал байна.
-Койн, криптовалют гэх нэртэй л болохоос “Бэлтэс мөрөн”-гийн хэрэгтэй адил луйвар гэж зарим хүн ярьж, бичиж байна?
-Койн, криптовалюттай холбоотой схем нь манай орны нөхцөлд арай л эртдээд байна. Гадаадын улс орнуудад хуулиа сайн мөрддөг, хүмүүсийнх нь ихэнх хэсэг нь ёс зүйтэй, тогтсон дэг журмаа чанд баримталдаг, өндөр хөгжилтэй ийм улс орнуудад интернэт болон түүнийг дагасан хяналт шалгалтын тогтолцоо, үр дүнг нарийн тооцож ажиллаж байна.
Манай орны хувьд шинэлэг, дээр нь нарийн мэддэг, мэддэггүй нь ялгаагүй тогтсон мөнгөтэй харилцах хүмүүжил төлөвшөөгүй, ёс зүй, ёс суртахуун нь арай л хүлээн авах болоогүй, ашиг олж л байвал хүнлэг ёс дутагдалтай санагдаад байдаг юм. Койн, криптовалют уул нь сүүлийн үеийн, цаг хугацаа хэмнэсэн, өндөр технологи ашигладаг ч дутагдалтай тал нь барьцаа хөрөнгө байхгүй, барьц муутай, мэдлэг шаардсан гүйлгээ, шийдвэр гаргалт шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
Хөвсгөлиынхөн гэж яачихсан илүүдээ гарсан их мөнгөтэй улс вэ? Зүгээр захын банди очиж /Нямаагийн Баярэрдэнэ гэгч/ 5-6 тэрбумаар нь луйвардаад зугатчихдаг,
300 тэрбумын хохиролтой гэдэг бол ядарсан ардуудын өгөх хэмжээний мөнгөн дүн биш шүү.Яалт ч үгүй шунал нь хүзүүг нь ороосон бололтой
гол асуудал бол хэн ч албадаагүй шүү дээ
АРД ИРГЭДЭЭ ГЭМТ ХЭРГЭЭС ХАМГААЛДАГ ШУДРАГА ШҮҮХ, ШУДРАГА ЗГ, ШУДРАГА ТӨР ГЭЖ БАЙНА УУ.
sda gej naad humuusiig chini hen ch albadaagui durandaa uursduu mungu avaachij uguu biz de erguu dagz nar odoo matriin nulims unagaagaad hohi chini sda
гэхдээ хамгийн их буруутай хүмүүс нь өөрсдөө шүүдээ!!!!! хэнч албадаагүй дарамтлаагүй. шуналаасаа болсон.
Зөв л асуудал ярьж байна.