"Өргөө" амаржих газрын талаар ТЭД ЮУ ЯРИВ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Олны хэлж заншснаар I төрөх буюу "Өргөө" амаржих газартай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд анхаарлын төвд байна. Тодруулбал, "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ёс зүйн зөрчил гаргасан гэх шалтгаанаар Эрүүл мэндийн сайд өчигдөр орой /2022.10.13/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Улсын ууган амаржих газарт өрнөөд буй үйл явдалтай холбоотойгоор холбогдох эх сурвалжуудын байр суурийг хүргэж байна.



"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлээс Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн албан бичгийн хүрээнд хийсэн шалгалтын дагуу "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ёс зүйн зургаан төрлийн алдаа гаргасан хэмээн үзэж, салбарын сайд С.Энхболд үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тус ёс зүйн заалтад бусдад ажлын байрны дарамт учруулсан, хэл амаар доромжилсон, ажил үүрэг гүйцэтгэхэд саад учруулсан зэрэг хэд хэдэн зүйлийг тодотгосон байв.

Д.ӨНӨРЖАРГАЛ: АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТААС БОЛЖ 52 ХҮН АЖЛААС ГАРСАН
 

Харин Эрүүл мэндийн яаманд гаргасан хүсэлт шаардлагынхаа тухай өнөөдөр /2022.10.14/ "Өргөө" амаржих газрын Үйлдвэрчний хорооны төлөөллүүд мэдээлэл хийлээ.

"Өргөө" амаржих газрын үйлдвэрчний хороон дарга Д.Өнөржаргал “Ж.Энхцэцэг дарга ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор хамт олны нэр хүндэд халдаж, үйлдвэрчний хороон дарга намайг өчнөөн сая төгрөг идсэн мэтээр нийтийн сүлжээнд цацаж байгаатай холбоотой хариу тайлбар хийж байна. Үйлдвэрчний эвлэлийн татварт ажилтны цалингийн 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авч, 70 хувийг нь ажилчдынхаа тав тухтай байдлыг хангах, ахуйн нөхцөлийг сайжруулах, гачигдалтай ажилтандаа мөнгөн тусламж үзүүлэх зэргээр ашиглаж, 30 хувийг нь Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчдийн холбоонд татвар болгож төлдөг. Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд тайлангаа өгдөг учраас ямар нэг санхүүгийн зөрчил доголдол огт байхгүйг нүүр бардам хэлье.

Манай эмнэлэг 2021 онд 487 ажилтантай байсан. Харин өнөөдрийн байдлаар 162 ажилтан ажлаас гарсан байна. Тэдгээрийн судалгаагаар 10 нь дикритээ авсан, 10 нь тэтгэвэртээ гарсан бол хоёр нь нас барсан байна.

Яг ажлын дарамтаар гарсан 52 хүн байгаа. Гэхдээ өөрийнхөө хүсэлтээр гэж өргөдлөө өгсөн хүмүүс дунд ажлын байрны дарамтаас өөр худлаа шалтгаан бичиж, гарсан гэх хүн ч олон бий. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ байх боломжгүй байдлаар дарамталж, шахсан учраас өөрсдөө өргөдлөө өгсөн тохиолдол байна.

Түүнчлэн манай эмнэлгийн боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотойгоор боловсон хүчний газар буюу хүний нөөцөд ажиллаж байсан ажилчид маань ч дарамтын улмаас гарсан. Оронд нь ирсэн хүмүүс ажлаа мэдэхгүй тул ажилчдын амралт олгох тушаалыг гаргадаггүй. Үүний улмаас эмч, ажилчид цалингаа авч чаддаггүй нөхцөл өнгөрсөн саруудад үүссэн.

Ажлаас гарсан хүмүүсийн тухай жишээ дурдахад манай эмнэлгийн зөвхөн захиргаанд өмнө нь нийт 37 хүн ажиллаж байснаас дөрөв нь л үлдсэн. Бусад нь бүгд солигдсон. Дандаа өөрийнх нь хүсэлтээр гаргасан байгаа юм. Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт ингэж алдагдсантай холбоотой манай тусламж үйлчилгээ доголдож эхэлсэн.

Өнөөдөр манай эмнэлэг нэг ч ЭХО-ны эмчгүй, нарийн мэргэжлийн ганцхан дотрын эмчтэй ажиллаж байна. Тэр эмч нь үнэхээр ядартлаа ачаалалтай ажиллаж байгаа. Өмнө нь 4-5 ЭХО-ны эмч байсныг дарамталсаар байгаад гаргачихсан.

Агтлагдсан байсан рентгений аппаратыг манай хуучин инженер харьяа засварын байгууллагад засуулахаар өгснийх нь төлөө нэг ч үг асуулгүйгээр уйлуулж зогсоож байгаад ажлаас нь халж л байсан. Тэр инженер чадвартай учраас одоо өөр газар инженерийн ажлаа хийгээд явж байгаа.

Хувийн эмнэлэгтэй, хувийн эмнэлэг рүүгээ үйлчлүүлэгчийг чирээд явдаг гэж хэлснийг мөн няцааж байна.

Эмч нар харьяаллын бус хүмүүсээс хувьдаа мөнгө авдаг байгаагүй. Өмнө нь харьяаллын бус хүмүүс манайд ирж төрөх хүсэлт гаргавал тэрийг нь бид аваад аж ахуйдаа зарцуулах асуудал байсан. Одоо тийм асуудал байхгүй" гэж ярьсан юм.
 

Ж.ЭНХЦЭЦЭГ: АЛДАА ДУТАГДЛАА АРИЛГАХЫГ ШААРДАЖ, ШАХСАН НЬ ДАРАМТ БОЛСОН БОЛОЛТОЙ

"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгтэй бид холбогдлоо.


-Эрүүл мэндийн салбарын ҮЭ, эмнэлгийн ҮЭХ, сайдын тушаал зэрэгт "Дарамт шахалт үзүүлсэн" гэх гол үндэслэл яригдаад байна. Та яг ямар шахалт үзүүлсэн юм бэ?

-Нэр бүхий хэд хэдэн эмч нарын гомдол гэж харж байгаа. Би хоёр жил Монгол, Японы эмнэлэгт "Эх баригч эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч"-ээр ажиллаж байгаад тус амаржих газрын даргаар ирсэн. Тухайн үед намайг ирэхэд төрөхөөр ирж байгаа жирэмсэн ээжүүдийг коридорт хүлээж аваад, ор гартал шалан дээр хэвтүүлдэг байсан. Үүнийг таслан зогсоож, тухайн үеийн тасгийн эрхлэгч нарт "Эхчүүдийг коридорт, газар хэвтүүлэхгүй шүү" гэх шаардлага тавьсан. Тэр нөхцөл байдлаас болоод жирэмсэн ээж, урагт сөрөг нөлөөлөл гарч болзошгүй шүү дээ. Гэтэл эхчүүдийг коридорт хэвтүүлээд байгаа атлаа нэр бүхий эмчийн хариуцдаг плат хүнгүй байна гэхээр ёсзүйгүй үйлдэл биз дээ. Хамгийн гол нь би муу санаалж бус, эмч эмнэлгийн байгууллагын ажилчдаа олон зүйлээс аврах гэж шаардлага тавьдаг байсан. Түүнийг олон хүн дарамт гэж үздэг байж.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг хүлээн авах "QR" кодыг коридорт нааж, тухайн платыг хариуцаж буй эмч, сувилагчийн нэр, утасны дугаарыг үүдэнд нь байршуулсан. Үүгээр дамжиж эмч нарын тухай маш олон гомдол, санал хүсэлт ирдэг. Тэрхүү санал хүсэлт дээр олон удаа нэр нь дурдагдсан эмчид шаардлага тавьдаг. Энэ бас дарамт болсон юм байна.

Эмч нарын дугаарыг плат бүрийн үүдэнд тавьсан нь дарамт болохын сацуу алдаа дутагдлаа арилгахыг шаардаж, шахсан нь дарамт болсон юм байна гэж харж байгаа.

Гэхдээ ажлаас чөлөөлөх, гомдол гаргах зэрэг асуудлыг зохион байгуулаад байгаа хүмүүс нь олон жил бусдыг өөрийн далбаан дор захирч яваа цөөн тооны нэр бүхий хүмүүс байна. Тиймээс бүх эмнэлгийн ажилчид үүнд хамаарахгүй гэдгийг онцлон хэлмээр байна.

-Таныг 138 хүнийг ажлаас халсан гээд байгаа. Үнэн үү. Ямар шалтгаантай байв?

-Өчигдөр надад гаргаж өгсөн мэдээллээр 123 хүн ажлаас гарсан байна. Гэхдээ тэр хүмүүс ажлаас халагдсан бус эрүүл мэндийн асуудал, гадаад дотоодод суралцах, хүүхэд харах хүнгүй болсон гэх мэт шалтгааныг дурдаж, өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгсөн байгаа. Өөрсдөө өргөдлөө өгсөн хүмүүсийн асуудлыг намайг "Ажлаас халсан" гэж үзэж болохгүй. Би тун цөөн хүнийг тодорхой шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн. Хулгай хийдэг, архи уудаг хүмүүстэй ажиллах гэж жил гаруйн хугацаанд оролдсон. Ковидын онцгой нөхцөл байдалтай, ажиллах боловсон хүчин дутагдалтай гэх шалтгаанаар ойлголцож ажиллах гэж үзсэн. Гэхдээ үнэхээр болохгүй, ажилдаа сэтгэлгүй хандаж байгаа хүмүүстэй яаж үргэлжлүүлж ажиллах вэ. Тиймээс ажлаас чөлөөлсөн.

Мөн Ажлын байрны гэрээгээ шинэчлээд "Ашиг сонирхолын зөрчилтэй буюу хувийн эмнэлэг ажлуулдаг хүмүүстэй ажлын гэрээ байгуулахгүй" гэх зүйл заалтыг оруулсан. Энэ нь маш олон хувийн эмнэлэгтэй эмч нарын ашиг сонирхолд нөлөөлж байгаа. Ажлаас халах, өргөдөл бичих зэрэг асуудлыг зохион байгуулж байгаа нэр бүхий эмч нар бүгд орлогынх нь эх үүсвэрийг хаасан учраас уурлаж, бухимдаж байна. Эрүүл мэндийн байгууллага тэр дундаа эх, нярайтай ажилладаг хүмүүс өвчтөнөө мөнгө гэж харж болохгүй.

 


"Өргөө" амаржих газартай холбоотой эх сурвалжууд дээрх тайлбарыг өгсөн бол олон нийтийн сүлжээнд тавигдаад буй бичлэгтэй холбоотойгоор тус бичлэгт гарч буй эмэгтэй хэвлэлд тайлбар өгсөн юм.

Тэрбээр "Ж.Энхцэцэг эмчийг зүй бус шаардлага тавьсан гэж үзэхгүй байна. Тухайн үед бусад эхчүүддээ саад болохгүй гэж шатан дээр сууж хоносон. Тэр хугацаанд нэг ч эмч, сувилагч надад анхаарал тавиагүй. Харин өглөө нь Ж.Энхцэцэг эмч платуудаар орж яваад манай платад орж ирэнгүүтээ "Чиний бие яасан бэ. Хаана чинь зовиурлаж байна" гэж асуусан. Ингээд л асуудал сөхөгдөж, эмч нарыг цуглуулсан. Яг бодит байдал дээр уур бухимдал, дарамт шахалт гэхээс илүүтэй зүй ёсны шаардлагатай зүйлсийг ярьсан. Харин монтажлаж, засаад яг чанга дугарч байгаа хэсгийг нь сошиалд тавьсан байна билээ" гэжээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: АЖИЛЧДАДАА ЗӨВ ШААРДЛАГА ТАВЬСАН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН БОЛ ЭРГЭЖ ХАРАХ ЁСТОЙ

"Өргөө амаржих" газартай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр "Энэ асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шалгалт оруулна. Үүнийг шалгах ажлын хэсэг яаралтайгаар байгуулах чиглэлийг өнөөдөр өгсөн. Үнэхээр ажлаа явуулахын тулд ажилчдадаа зөв шаардлага тавьж, ажиллаж байсан захирлыг ажлаас нь чөлөөлсөн байвал бид эргэж харах ёстой. Төрийн аливаа түвшинд хариуцлагын тогтолцоо маш суларсан байна" гэлээ. 

Манай редакц дээрх үйл явдалтай холбогдуулан "Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгийн дэлгэрэнгүй ярилцлагыг Даваа гаригт хүргэх болно.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариуна(124.158.67.169) 2022 оны 10 сарын 18

Мэрэгжлийн сайд нь халж байхад хажуугаас нь Амарбаясгалан сайд юу ч билээ., хувийн сонирхолоо илэрхийллээ. Битгий ингэж жонхуураад байл даа. ЗГ -ын нэр хүнд унах юм биш үү?

0  |  0
Нэргүй(66.181.176.124) 2022 оны 10 сарын 18

Аль ч төрөх мөнгө авдаг нь бичигдээгүй хууль шүү..мөнгө өгөөгүй нь төрөх болоогүй гэсэн шалтгаанаар уйлаад л явж байдаг.

0  |  0
Эмч(192.82.87.213) 2022 оны 10 сарын 16

Энхцэцэг багш аа, одоо больчих. Энэ салбарт өас энэ байшин дотор 30аад жил явчихаад одоо нээх идээ бээр арилгагч энхийн тагтаа болж жүжиглэхээ боль. Зүгээр л яв. Төрөхөд цагдаа авч ирж мэргэжил нэгт нөхдөө дарамтлуулдаг хэн бэ. Солиорлоо л байна. Сүүлийн үeийн дарганцрууд сайданцрууд нэг л их илээ бээр арилгагч дүртэй. Үнэндээ өөрсдөө авилгалч хулгайч . мөнхсайхан гэж гэмтлийн жаал бас идээ бээр арилгах гэж үзсэн гээд солиороод байсан.

0  |  0
alimaa(103.14.37.126) 2022 оны 10 сарын 15

1 toroh unendee hetsuu aimshgiin emch nar ni golduu l arhi unertuulchihsen bdag iim baidaltai udaa daraa taarch bsan bas hulgai hiideg gej darga ni hellee ingetlee doroitson gazriig harin sain darga zohion baiguulagch ood ni tatah geed barsanguidee haramsaltai bna said nertei sadaa bologch ni ooroo ogtsroh estoi

0  |  0
Зочин(103.212.119.146) 2022 оны 10 сарын 15

ҮЭ гэж хуучирсан үзэлтэй,авлигачин эмч нарын эрх ашгийг хамгаалахаас үйлчлүүлэгчдийн эрх ашигийг бодохоо байсан өөрсдөө авлигачин болсон гарууд бна гэж харагдаж бна.Энн ҮН-ийн авгайг зайлуулах хэрэгтэй юм бна.Олон жил болсон,намайг хэн яахав нохойг хэн саахав гэсэн ийм юмнууд л байгууллага \nүймүүлж байгаа.

0  |  0
Зочин(66.181.189.201) 2022 оны 10 сарын 15

Ажил хийдэг хүнийг хэдхэн амиа бодсон хүн хогнуудын үгээр халж хэрхэвч болохгүй, үйлдвэрчний байгууллага ажилчдын эрх ашгийг хамгаалдаг болохоос биш тэдний нэрээр барьцаалан хувийн тооцоо бодох хандлага сүүийн жилүүдэд эрүүл мэнд, боловсролын салбарт газар авч байгааг хаана хаанаа бодох цаг болсон баймаар

0  |  0
хүн(122.201.31.108) 2022 оны 10 сарын 15

Сайд нь социалаар явж байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хараад халчихдаг нээрээ юу ч гэхэв дээ

0  |  0
Irgen(64.119.20.24) 2022 оны 10 сарын 15

Enkhtsetseg dargyn shaardlaga zuv yum bishuu.turuhuud mungugui hund hoirgo handdag ni unen shdee

0  |  0
Top(75.80.53.182) 2022 оны 10 сарын 15

Ene darga avgai uuruu xuviin emnlgtei!!! Busdiig darmtlaad yos zuigui avirlxiig tevchixgui!!! Zailaad Ter xuviin emnlgtee ajilaaa!!!

0  |  0
Зочин(66.181.160.23) 2022 оны 10 сарын 14

Зөв шаардлага хатуу гар хэрэгтэй шүү. Харин зөв хүнийг шахаж бүлэг хэсэг хүмүүсийн үгээр ингэж бүр болохгүй!!!!!! Харин зөв хатуу хүнээр замбараагүй болсон эмнэлэгээ бариулах хэрэгтэй. Хувийн эмнэлэгтэй эмч нэртэнгүүд больж үзээээ

0  |  0
Сэтгэгдэл(59.153.115.96) 2022 оны 10 сарын 14

Үгүй одоо хувийн эмнэлэггүй эмч гэж байхгүй шүү дэ, гол нь цалинг нь хангалттай өгдөг бол яасан ч гэж хахуул аьах билээ, нохойноос ч дор амьдруулж бгаа төр засаг-н бодлогын алдаа

0  |  0
Монгол(192.82.91.58) 2022 оны 10 сарын 14

Тэтгэвэр авч бас ажил хийж цалин авч байгаа хүнийг ажлаас нь гаргаж байгаа бол хувийн эмнэлэгтэй бас давхар ажиллаж байгаа хүнийг төрийн эмнэлгээс хөө

0  |  0
зочин-0(192.82.88.174) 2022 оны 10 сарын 14

Мөнгө хөөсөн эмч нар ажлаа хагас дутуу хийгээд, хувийн эмнэлэг рүүгээ явцгаадаг нь үнэн. Ажил тарах цаг болоогүй байхад л ажлын байран дээрээ байдаггүй, асуухаар гадагшаа дуудлагаар явсан нтр гээд аргалдаг байсныг мэднэ. Энэ байдал удаан үргэлжилж байгаа байх шүү. Харин шаардлага тавихаар эргээд ноцоод бдаг хүмүүс өөрсдийгөө өмөөрөөд сүйд болж бна , аяа яа яа ккк.

0  |  1
Зочин(103.229.123.209) 2022 оны 10 сарын 14

”Дандаа өөрийнх нь хүсэлтээр гаргасан байгаа юм. Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт ингэж алдагдсантай холбоотой манай тусламж үйлчилгээ доголдож эхэлсэн.”- танайх чинь Энхцэцэгийг дарга болохоос өмнө өвөл шинэ төрсөн ээжийг коронатай байна гээд таавчигтай гаргаад байсан биз дээ. Тэр үед яаж байсан юм бол???

0  |  0
ТАНИЛ ДҮР БАЙНА(103.212.116.119) 2022 оны 10 сарын 15

байгууллагын үндсэн үзүүлэлтүүд сайжирсан байна билээ. Энэ л гол шүүдээ. ҮЭХ нь 360 сая төгрөгийнхөө тайланг үнэн зөв гөргаарай. Хувийн эмнэлэгтэй бузарууд энэ даргыг дарамталжээ. боль. Хувийн эмнэлэгтэй тэдгээрийг шууд хал. Энэ хүнийг ажлыг нь хийлгэ

1  |  1
Паа(202.9.46.189) 2022 оны 10 сарын 14

Хувийн эмнэлэгтэй 30 гаруй хулгайч эмч нарын хөөж явуул

2  |  0
Top