УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2016-2022 он хүртэл гурав дахин нэмэгдлээ. Энэ нь төгрөгийн ханшийг унагаж, валют өсөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулчихлаа л даа. Тэр их мөнгө чухам юунд зарцуулагдаад үнэгүйдээд байгаа юм бэ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэндээ Засгийн газар зүгээр л мөнгө хэвлээд, эсвэл гаднаас зээл аваад улс орныг удирддаг бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад хэлмээр байна. Наадахыг чинь дөрөвдүгээр ангийн хүүхэд ч хийж чадна. Чи бод доо.
-Юуг тэр вэ?
-Зүгээр л гуйлга гуйгаад, зээл аваад хөгжсөн улс орон байдаггүй. Мөнгө хэвлэнэ гэдэг нь ард түмнээ хуурч байгаа л явдал. Тэр тэтгэвэр тавьж байгаа биш өөрийнх нь талхны мөнгөнөөс хулгай хийж өөрт нь буцаагаад өгч байгаатай л адилхан зүйл шүү дээ.
Мөнгөний М2 гэдэг үзүүлэлт байдаг. Үүнд 2016 оны зургаадугаар сард 11.1 их наяд төгрөг хэвлэсэн байна. Харин 2020 оны зургаадугаар сард 21.59 их наяд төгрөг хэвлэсэн бол өнгөрсөн наймдугаар сард 27 их наяд төгрөг хэвлэсэн. Энэ бол зүгээр тэтгэвэр, цалингаа авч байгаа хэн ч байсан бүгдийнх нь мөнгийг үнэгүйдүүлж унагаж байгаа юм. Дээр нь олон хүчин зүйл нөлөөлж байна л даа.
-Тухайлбал, гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?
-Монголбанк, тэр дундаа Засгийн газрын хамтарсан өр гэж хэлнэ. Төрийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барина гэсэн үүрэг бий. Үүнийгээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Монголбанк хоёр хамтраад хийж чадаагүй. Монгол Улсыг дефолт болгочихлоо. Юунаас болж ийм байдалд хүрэв гэхээр Монголын ард түмэн сүүлийн таван жилд 60.2 их наяд төгрөгийг татвараасаа, баялаг бүтээгчдээсээ авсан. Энэ Засгийн газарт татвар төлөгчид тэр их хэмжээний мөнгийг өгсөн байна.
Энэ ямар их мөнгө гэж бодож байна вэ. Наад зах нь гэр хороололд амьдарч байгаа 200 мянган өрхийг орон сууцанд оруулах мөнгө. Улаанбаатарыг гэр хороололгүй болгоход 10-хан их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоо бий. Гэтэл бүхэл бүтэн 60 их наяд төгрөгийг сүүлийн таван жилд зарцуулсан байна. Хамгийн аюултай нь, сүүлийн хоёр жилд МАН, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 24 их наяд төгрөг зарцуулсан байна. Энгийнээр тайлбарлахад, тэр 24 их наяд төгрөгөөр хөдөө, хотгүй бүх айл өрхийг орон сууцтай болгох боломжтой мөнгө юм. Тэгэхээр асар их мөнгө байгаа биз дээ.
ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!
Энэ жил төсвийн зардал 20.5 их наяд төгрөг болсон. Бид энэ хэмжээний их мөнгийг өгөөд МАН-аас юу авсан гэхээр инфляци 16.2 хувь, нэг хүнд ноогдох гадаад өрийн хэмжээ 30 сая төгрөгт хүрлээ.
Өнөөдөр гурван хүүхэдтэй эцэг, эх хоёр 150 сая төгрөгийн гадаад өртэй байна гэсэн үг. Өнөөдөр айл бүрийн амьдарч байгаа орон сууц 150 сая төгрөгөөс доош байх шүү. Айл бүрийн хашаа байшин, орон сууц гаднын банкны өрөнд байна. Энэ байдлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бидэнд авч ирлээ.
Төгрөгийн худалдан авах чадварыг хар. Ам.доллартай харьцуулахад 3500 төгрөг гараад талийчихлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 хувиас дээш нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн авдаг нэг сая төгрөгийн цалингийн 400 мянган төгрөг нь Засгийн газар, Ерөнхий сайдын буруутай үйл ажиллагаанаас болж, хулгайлагдаад алга болчихлоо. Иргэдийн зөвшөөрөлгүй алга болно гэдэг чинь хулгайлагдана гэсэн үг шүү дээ.
Тэтгэврийн 40-50 хувь нь алга болчихлоо. Жирийн иргэдийн орлогын 40 хувь нь Засгийн газар, МАН-ын буруутай үйл ажиллагаанаас болж алга болчихлоо. Өнөөдөр нэг сая төгрөгийн цалинтай хүн жилийн өмнөх 600 мянган төгрөгийн цалинтайгаа адилхан болчихлоо гэсэн үг. Жилийн өмнө 600 мянган төгрөгөөр гурван сагс зүйл авч байсан өнөөдөр нэг сая төгрөгөөр гурван сагс зүйл авч байгаагаас өөрцгүй. Цаад утгаараа өдөрт хоёр талх иддэг байсан бол нэгийг идэхээс өөр аргагүй.
-Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас асууж байгаа таны асуулт тодорхой байх нь ээ?
-Тийм ээ, маш тодорхой. Иргэдийн олж байгаа орлогын 40 хувь нь та нарын буруутай үйл ажиллагаанаас болж алга болчихлоо. Энэ үед би цалин нэм гэхгүй. Орлого, тэтгэвэр нэм гэж хэлэхгүй. Гагцхүү жилийн өмнөх байсан түвшинд нь л болгоод өгөөч ээ. Та нараас болж алдагдсан тэр 40 хувийг нэмэгдэл болгож, жилийн өмнөх цалинтайгаа адилхан цалин авмаар байна. Алдагдсан боломжоо л буцаагаад авмаар байна гэдгийг асууж байгаа юм. Энэ талаар төсөвт юу байна гэхээр юу ч байхгүй. Тэд Монголын ард түмнийг улам л ядуу болгож байна.
-МОНГОЛ УЛС ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛЧИХСОН-
-Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан нар АНУ-ыг зорьж Олон улсын валютын сангийнхантай уулзсан гэх мэдээлэл бий. Танд тодорхой мэдээлэл байна уу. Дээр нь Монгол Улс дээрх хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болчихсон гэх мэдээлэл яваад эхэллээ шүү дээ?
-Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд орчихсон. Бид дефолтод орчихоод байна шүү дээ.
Чи бод доо, валютын нөөц байхгүй. Гаднаас орж ирж байгаа орлого байхгүй. Ажилгүйдэл маш өндөр түвшинд байна. Хоёр хүний нэг нь ядуу байна. Монгол Улс өнөөдөр дефолтод орчихлоо, муу амалж байгаа юм биш.
-Таныхаар энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд яах ёстой вэ. Ямар нэгэн гарц, шийдэл харж байна уу?
-Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй. Тэдэнтэй ажиллаач ээ, ойлголцооч ээ. Тэдэндээ ярилцаж, хамтраач ээ. Ерөнхий сайд нь гадаад хуралдаагаа эдийн засагжуулаач ээ. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаач ээ. Монголын бизнес эрхлэгчдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зэс эд ангиа яаж гадаадад гаргах вэ гэдгийг бодож олооч ээ. Гадаад зах зээлд, гадаадын тендерт оролцуулах тал дээр Засгийн газар нь ажиллах ёстой, олигтой ажиллаач ээ. Тэгэхгүйгээр зээл хөөцөлдөж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэдэг нь улс орныхоо газар нутаг, тусгаар тогтнолыг барьцаанд тавьж, амь гарах гэж оролдож байгаа барьцаа гэж ойлгох хэрэгтэй.
Монгол Улсын өр 33.2 хувь, хоёр тэрбум ам.доллар болчихлоо. Энэ Оюутолгойн гэрээн өр зэргийг Засгийн газрын өрөнд оруулахгүй байгаа шүү дээ. Энэ бол зүгээр л том луйвар явж байгаад л маш том өрөнд орчихлоо. Би муу амалж байгаа юм биш. Үүнээс гарахын тулд арай илүү өөр сэтгэлгээгээр, Монгол иргэд Монгол бизнес эрхлэгчидтэйгээ ярилцаач ээ л гэж хүсэж байна. Энэ л миний үндсэн ажил, зорилго юм.
Би 20 жил Рио Тинтог шүүмжилж, шударгаар ажиллаач ээ гэж тэмцсэн, ажилласан. Тэдний захиалгын алуурчин, нийтлэлчид нь юу гэж хэлдэг гэхээр С.Ганбаатар бизнес эрхлэгчдийн эсрэг юм шиг зүйлийг бичдэг. Би үндэсний бизнес эрхлэгчдээ нэг ч удаа шүүмжилж байгаагүй. Тэднийг дэмжиж, алдаа байвал тусалж, яаж ажиллах вэ гэдэг дээр улстөрч, нийгмийн зүтгэлтэн бүр анхаарах ёстой. Үүнийг л Засгийн газарт хэлээд байгаа юм.
-МОНГОЛЫН БАНКНЫ ЭЗЭД ГАДААДЫН БАНКНЫ ЭЗДЭЭС ДОЛООН ДОР ЭХ ОРОНЧ БУС БАЙНА-
-Гаднын банк, санхүүгийн байгууллагыг оруулж ирэх ёстой, ёсгүй гэх маргаан улстөрчдийн дунд байх шиг байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Би банкны салбарт ажиллаж байсан. Банкны салбарын зовлон, жаргалыг мэднэ. Энэ салбарт ажиллаж байгаа шударга, үнэнч хүмүүсийг хүндэлдэг. Тэд нойр хоолгүй ажиллаж байгаа. Харин манай үндэсний банкны эзэд нь даанч гадаадын банкны эздээс долоон дор эх оронч бус байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Гэхдээ гадаад банкыг орж ирнэ гэсэн санааг хэлэхийг хүсэхгүй байна. Нарийн ярих юм бол банк гэдэг нь улс орны стратегийн хамгийн том салбар.
Жишээ нь, банк орж ирээд үхэр, хонинд зээл өгөхгүйгээр зөвхөн ямаанд өгөөд байвал бэлчээр даац байхгүй болно. Энд зөвхөн бизнесийн ашиг гэхээсээ илүү салбарыг дэмждэг, салбарын бодлого байх ёстой. Ямар сайндаа, Монголбанканд ганцхан зүйл хэлдэг. Энэ банк таван зорилгынхоо дотроо ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдгийг оруулаад өгөөч ээ. Ажлын байр нэмэгдүүлсэн зээл ахиухан өгөөч ээ гэдгийг шаардах ёстой. Банк гэдэг бол Монгол Улсын бодлогыг тодорхойлдог гол институци шүү.
Энэ утгаараа гаднын Засгийн газрын, төрийн өмчийн банкууд орж ирэх юм бол шууд утгаараа гаднын төрийн бодлого орж ирдэг. Гаднын банкуудаас долоон дор сэтгэлтэй үндэсний банкны эзэд ичээч ээ. Ард түмэн үндэсний банкуудаа дэмжихийг хүсэж байгаа ч ийм сэтгэлгүй байх нь хэцүү байна. Төв таван банк нь эх оронч байгаач ээ. Нөгөө талаараа УИХ нь банкуудын барьцаанаас гараач ээ. Өнөөдөр энэ асуудалд Монголбанк шаардлага тавьж, стандартаа тогтоох ёстой.
Английн эдийн засагч хэлж байсан юм билээ. Банк ухах, банк ажиллуулах хоёр чинь адилхан юм биш үү гэж. Яг үүн шиг өнөөдөр Монголын ард түмэнд нэг ширхэг тоосго өрж өгөхгүй атлаа нийт иргэдийг дэндүү үнэтэй худалдаж байгаагаа бодох цаг нь болсон л гэж хэлэх байна.
-Хөгжлийн банкны үлдсэн зарим чанаргүй зээлийг төр батлан дааж, төлөх тогтоолын төсөл орж ирсэн гэх. Дэмжиж байгаа гишүүд ч байна, дэмжихгүй байгаа нь ч байх шиг байна. Энэ яг ямар учир, утгатай тогтоолын төсөл юм бэ?
-Дагаж байгаа хуулиуд дотор хоёрхон зүйл бий. Нэг нь газрыг үнэгүй өмчлүүлнэ, өгнө гэсэн утгатай заалттай Газрын тухай хууль орж ирсэн. Газар гэдэг бол тусгаар тогтнол. Үндсэн хуультай ижил том хууль юм. Тэгэхээр энэ хуулийг дагалдах хэлбэрээр хулгай, нуувчаар оруулж ирж болохгүй.
Хоёрт, Хөгжлийн банк гэдэг нь цаад утгаараа баялаг бүтээгч болон Монголын ард түмнээс авсан мөнгийг шууд улстөрчид идэж чадахгүй, идэхэд арай халуун байгаа болохоор нийтийн төлөө, томоохон бүтээн байгуулалтуудад бодлогоор дэмжлэг үзүүлж, зээл өгдөг. Тэр Хөгжлийн банкнаас улс төрийн бүлэглэлүүд өөрсдөө зээл авч байгаа. Өнгөц харахад банкнаас зээл авч байгаа мэт ч татварын мөнгийг улс төрийн бүлэглэлүүд авч байна гэсэн үг. Энэ мөнгөө тэд буцааж төлөхгүй, төлж чадахаа байлаа гээд татварын мөнгөөр зээлээ хаана гэж байгаа утга санаатай хууль дагалдах хуульд орж ирсэн. Дээр нь улаан цагаандаа гарлаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр энэ асуудлуулаа таслан зогсоохгүй бол Монголын ард түмэн бүгдийг нь уншиж байгаа. Маш ухаалаг, хэрсүү болсон шүү. Энэ асуудлыг дагалдах хуулиудаас хасагдана гэж бодож байна. Тэр тал дээр ч анхаарч ажиллаж, саналаа өгнө.
Сэтгэгдэл ( 1 )
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]