“100 Асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор "Бьюлдингс Текноложи" ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын Дулаан хангамжийн зөвлөх инженер Намсрайн Дорж уригдан оролцлоо.
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Миний хувьд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад Техникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 1987 онд “Улсын барилгын зургийн төв институт”-ийн Үйлдвэрийн барилгын зураг төслийн товчоонд эхлүүлснээр өдийг хүртэл Барилгын зураг төслийн байгууллагад ажиллаж байна. Дулаан хангамжийн зөвлөх инженер зэрэгтэй.
-“Улсын барилгын зургийн төв институт”-ийн байранд олон компани байдаг байсан байх аа?
-Тухайн үед “Улсын барилгын зургийн төв институт”-ийн байранд Монгол Улсад баригдах бүх барилга байгууламжийн зураг төсөл хийгддэг байсан. Тус байгууллага нь 800 гаруй хүнтэй, 13 товчоотой том боловсон хүчний уурхай байлаа. Зах зээлд орж эхэлснээр энэ олон хүн хувийн секторт шилжсэн байдаг. Ийнхүү “Улсын барилгын зургийн төв институт”-ийн өрөө бүрд компани үүссэн гэхэд болно. Зураг төсөл гэдэг бол оюуны үйлдвэрлэл. Бид нарын ажлын багаж, хэрэгсэл бол харандаа, шугам, тархинд буй мэдлэг юм. Одоо харандаа шугамаа компьютерээр сольсон.
-Монгол Улс нүүдэлчин соёл иргэншилтэй гэдгээрээ онцлог. Суурин иргэншил рүү бусад улс орныг бодвол хожуу орсон. Тэгвэл манай улсын зураг төслийн түүхэн хөгжлийн талаар ярихгүй юу?
-Зураг төслийн салбар 1929 онд үүссэн. Хөгжлийн эхэн үед ЗХУ-ын мэргэжилтнүүд их ажиллаж байсан. 1960-1970-аад оны үед үндэсний боловсон хүчин нэлээд бэхэжсэн байдаг. Намайг ажилд орох үед үндэсний боловсон хүчин дийлэнх нь болсон байсан. Тухайн үед барилгын норм, дүрэм, мэргэжлийн ном, сурах бичиг ихэнх нь Орос хэл дээр байдаг байлаа. Манай ахмад үе боловсон хүчний суурийг баттай сайн тавьж чадсан гэж үздэг. Учир нь 1990-ээд онд хувьчлал болоод барилга барих битгий хэл хүнд байдалд байсан шүү дээ. Ийнхүү 10 гаруй жилийн хугацаанд зураг төсөл хийгдээгүй тул мэргэжилтнүүд устаж үгүй болж болохоор цаг хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зураг төслийн мэргэжилтнүүд өөрийгөө хөгжүүлж, компьютер дээр зурдаг болоод, нэг шат ахисан. Харин одоо зураг төслийн байгууллагуудын хөгжил дахин нэг шат ахиж, 3D, гурван хэмжээст программаар зурдаг болсон. Иймд Монголын зураг төслийн салбар дэлхийн түвшинд явж байна гэж хэлнэ.
-Тухайн үед зураг төслийг Орос улсын мэргэжилтнүүд зааж, сургасан гэж та хэллээ. Таны хувьд ХБНГУ-д мэргэжил эзэмшсэн. Өөр улсад сурч боловсрол эзэмшсэний ялгаа хэр гардаг вэ?
-1990-ээд оны үед амьдралын эрхээр маш олон хүн мэргэжлээ сольж, өөр салбар руу орсон. Миний хувьд хүүхэд байхад худалдаа, наймаа хийх нь муу зүйл гэж тархинд суусан байсан. Тиймээс ганзагын наймаанд явъя гэхээр сэтгэл зүйн хувьд боломжгүй байсан. Мөн тодорхой хугацаанд гадаадад мэргэжил эзэмшсэн тул үүнийгээ зүгээр хаяж чадаагүй юм. Ийнхүү мэргэжлээрээ ажиллая гэсэн шийдвэрт хүрч судалгаа, шинжилгээний ажил хийж эхэлсэн. Герман хэл мэддэг тул мэргэжлийн ном, мэдээллийг шууд авах боломжтой болсон. Ингэснээр бусдаас түрүүлж өөрийгөө хөгжүүлэх боломжтой байсан.
-Оюуны хөдөлмөр хэмээн дурдагдлаа. Зураг төслийн ажилтнуудын оюуны өмчийн тухайд хамгаалагдаж чаддаг уу?
-Оюуны өмчийн тухайд хамгаалалт байхгүй гэж үзэж болно. Оюуны өмчийн тухай хууль байдаг ч энэ хуулиар барилгын зураг төслийн оюуны өмчийг хамгаалах зохицуулалт байдаггүй. Инженерийн зураг гэдэг бол тооцоон дээр үндэслээд түүнийгээ цаасан дээр буулгаж буй юм. Тиймээс инженерийн зургийг 100 хувь хуулж зураад ашиглах боломж хязгаарлагдмал байдаг. Харин архитекторын зургийг ашиглах тохиолдол их байдаг. Үүнийг заавал хууль гэхгүйгээр зохицуулж болно. Аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэгч нар чанараар үнэлдэг. Эцсийн бүтээгдэхүүнийг чанараар үнэлдэг тогтолцоонд орох хэрэгтэй байгаа юм. Тооцоогоо өөрөө гаргаж, зургаа зурсан хүн л барилга угсралтад асуудал гарлаа гэхэд шийдэж чадна. Зураг төсөл хийсэн хүн барилгаа дуусгаад, гарын үсгээ зураад, хүлээлгэж өгөөд явах ёстой. Харин одоо барилгын ажлын явцад зохиогчийн хяналт сул байна. Хэрвээ алдаатай зураг байвал барилга угсралтын компани нь цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол хүлээдэг. Иймээс зургийн байгууллага буруутай бол санхүүгийн хохирлыг хариуцах шаардлагатай байна.
-Барилгын компани та бүхнээс зураг захиаллаа гэхэд тэр барилга ашиглалтад орох хүртэл хамт байна гэсэн үг үү?
-Олон улсын жишиг нь тийм. Зураг төслийн анхны зохиогч байшин, барилга баригдаж дуусах, баталгаат хугацаанд хамт хариуцах ёстой юм. Хуулиараа бол ийм тогтолцоотой. Гэвч хэрэгждэггүй.
-Манайхан бол барилгын зургаа зураад л шууд хүлээлгэж өгдөг хэрэг үү?
-Барилгын угсралтын явцад зохиогчийн хяналт хангалтгүй хийгдэж байна. Зохиогч барилга угсралтын явцад байнгын хяналт тавьж, асуудал гарвал шийдэх ёстой. Тэр барилга нь чанартай сайн барилга болсон байвал олон улсад тэр зохиогчийн барьсан барилга гээд нэрийг нь гаргаад явдаг.
-Коронавирусний халдвар танай салбарт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Коронавирусний халдвар улс орон даяар эдийн засаг болон хөгжилд сөргөөр нөлөөлсөн. Зураг төслийн инженер, архитектор хүмүүс өөрийнхөө мэдлэг, чадвараа ашиглаад гэрээсээ ажиллах бүрэн боломжтой. Интернэтээр холбогдож ажлаа ярьж, цахим шуудангаар зургаа солилцоод явдаг тогтолцоо хэдийн бүрдсэн. Манай зураг төслийн компани 20 гаруй ажилтантай. Өглөө бүр 09:00 цагт цахимаар хурлаа хийж ажилласан. Иймд зургийн ажилд бага нөлөөлсөн.
-"Бьюлдингс Текноложи" ХХК байгуулагдаад 20 жил болсон байна. Та компанийнхаа юугаар нь бахархаж явдаг вэ?
-Хамт олон, нэг баг бүрдүүлснээрээ бахархдаг. Зураг төслийн компанийн баялаг юу вэ гэвэл хамт олны оюуны чадавхи юм. Хүний амьдралын ихэнх цаг ажил дээр өнгөрдөг. Ажилдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Аз жаргалтай хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл өглөө ажилдаа яардаг, орой гэр лүүгээ яардаг хүнийг хэлнэ гэж Удвал гуай оновчтой хэлсэн байдаг.
-Танай компанийн үндсэн чиглэл үйл ажиллагаа юу вэ?
-Бид “Тогтвортой хөгжлийн төлөө” уриатай ажилладаг. Манай компани барилгын зураг төсөл хийхээс гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэдэг. Үүнээс барилгын автомат систем, агааржуулалт, хөргөлтийн системийн угсралт дээр түлхүү ажиллаж байна.
-Олон жил компани удирдсан хүний хувьд чухалчилж үздэг зүйл юу вэ?
-Хүн бол амьдралдаа сэтгэл хангалуун байх ёстой. Ингэхийн тулд ажилдаа дуртай байх хэрэгтэй.
-Таны удирдаж байсан өөр ямар томоохон төсөл байна вэ?
-30 гаруй жилийн хугацаанд маш олон төсөл дээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд “Галлериа Улаанбаатар” хэмээх Монголын анхны хэвлэх үйлдвэр байсан барилгыг “Таван богд” ХХК шинэчлэх төсөлд оролцсон. Энэхүү төсөл дээр инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил, барилгын халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн системийн угсралтын ажлыг гүйцэтгээд сервисийн гэрээтэй ажиллаж байна. Энэ төслийн өмнө Хаан банкны төв оффисын инженерийн системийн зураг төслийн ажлыг хийсэн. Мөн агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсарсан. Монголын хамгийн том хөргөлтийн системтэй барилга гэж үзэж болно.
-Цаашдаа танай компани ногоон барилга тал руугаа үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж байсан. Яагаад ногоон барилга гэж, ногоон барилга гэж юуг хэлж байна вэ?
-Орон сууцны ногоон байрилгын зураг төслөө хийгээд, уг барилгыг бариад дуусах шатандаа орж байна. Энэ ондоо багтаж ашиглалтад орно. Онцлог нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулааны асуудлыг шийдсэн. Ашиглалтын зардалгүй байшин гэж хэлж болно. Энэ өвөл системийн ажиллагаанд хэмжилт, тохируулга хийнэ. Тоног төхөөрөмжүүд 25 жилийн баталгаатай. Ногоон барилга, байгууламж олон болсноор агаарын бохирдол, эрчим хүчний асуудал шийдэгдэх гарц гэж харж байгаа.
-Ногоон барилгаар баригдсан байгууламж манай улсад өөр байдаг уу?
-Олон улсын хэмжээнд LEED үнэлгээтэй “MMS” компанийн оффисийн барилга, Edge үнэлгээтэй “Пассив хаус” гэсэн хоёр барилга байна.
-Ногоон барилга төсөл нэвтрэхийн давуу талуудыг нэрлэнэ үү?
-Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй, эрчим хүчний хэмнэлттэй учир байгаль орчин бохирдуулах нь бага. Мөн нүүрсний хэрэглээ багасвал агаарын бохирдол буурах юм. Тиймээс ногоон барилгыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Дэлхийн хөгжлийн хандлага ч ногоон шийдэл рүү явж байна.
-Монгол Улсын зөвлөх инженерээс асуухад цаашдаа бид нүүрсээ түлсээр байх уу?
-Цаашдаа нүүрсээ түлэхэд байгаль орчны байдал хэцүү болж байна. Дэлхий нийтийн хөгжлийг байгаль орчин даахаа больсон. Хүссэн хүсээгүй өөр шийдэл рүү явахаас өөр аргагүй. Энэ бол сэргээгдэх эрчим хүч. Улаанбаатар хот орчимд найман сар халаалт ашигладаг тул дулаан хангамж хамгийн чухал шийдвэрлэх асуудал болоод байна.
Монгол орон жилд 300 гаруй хоног нартай байдаг тул энэ боломжийг түлхүү ашиглах шаардлагатай. Үүнд, нэгдүгээрт, архитектур төлөвлөлтийн оновчтой шийдлээр нарны дулаан, гэрлийг ашиглах, хоёрдугаарт, дулаан хангамжид ашиглах, гуравдугаарт, цахилгаан хангамжид ашиглах юм. Нарны цахилгааныг малчид хэдийн ашиглаад сурсан байна. Мөн нар, салхины олон төсөл хэрэгжлээ. Бидний төлөвлөсөн барилгад нарны дулаан, нарны цахилгаан, дулааны насос, дулаан нөөцлүүр ашиглан өөрийн цахилгаан дулааныг бүрэн шийдсэн. Эдгээр технологийг зөвхөн ухаалаг системээр удирдах боломжтой. Үүнийг бид хэрэгжүүлж байна.
-“Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”-ны ерөнхийлөгчөөр та ажилладаг. Холбооныхоо үйл ажиллагааг танилцуулна уу?
-Зах зээлд шилжсэнээр “Улсын барилгын зургийн төв институт” олон жижиг компани болсон гэж хэлсэн. Эдгээр компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд асуудал тулгарсан. Тиймээс 2007 онд 17 компанийн захирал цугларч, үүсгэн байгуулагчдын хурал хийсэн. Мэргэжлийн асуудлаа нийлж шийдье гэсэн зорилгоор анх нэгдэж байсан.15 жилийн хугацаанд 140 гишүүн компани нэгдсэн байна. Байгууллагын үндсэн зорилго зураг төслийн компаниудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөгжих үйл ажиллагааг дэмжих юм. Монголд зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 800 гаруй компани байдаг.
-Улаанбаатар хот цаашдаа ингэж хөгжинө гэсэн төлөвлөлт байдаг байх. Хотын төв рүү барилга их баригдаж байна. Энэ нь төлөвлөгдсөн байсан зурагтайгаа хэр уялддаг вэ?
-Огт уялдахгүй байна гэж баттай хэлнэ. Яагаад вэ гэхээр 2000-2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2000-2020 оны ерөнхий төлөвлөгөөнд манай компани цахилгаан, дулаан хангамжийн хэсгийг хариуцаж хийсэн. Би энэ ерөнхий төлөвлөгөөг сайн болсон гэж үздэг. Харамсалтай нь хэрэгжилт эсрэгээрээ явсан гэж хэлэхэд болно. Тухайлбал, сургууль барих газар оффис бариад, цэцэрлэг барих газар нь орон сууц бариад, зам байх газар нь байшин барьсан байна. Үүний хэрэгжилтийг Улаанбаатар хотын захиргаа хариуцан ажиллаж, газрын захирамж гаргадаг. Хэрэгжилт муу байгаа учраас бид нарын хийсэн ерөнхий төлөвлөгөө хэрэггүй болчихож байгаа юм. Яг тэр төлөвлөгөөний дагуу явсан бол хотын төв ийм байхгүй байсан юм. Мэргэжлийн хүмүүс бүгдийг тооцоолж, ерөнхий төлөвлөгөө гаргасныг тэс хөндлөнгөөр нь газар олголт хийсэн. Засгаас аргаа бараад ерөнхий төлөвлөгөөг хууль болгосон. Гэвч энэ хуулийг зөрчсөн ямарч хүн, байгууллага хариуцлага хүлээгээгүй. Өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатар хотод цугласан. 2002 онд бид нар Улаанбаатар хот 2015 онд нэг сая хүн амтай болно гэж төлөвлөж байсан боловч 2006-2007 онд нэг сая хүн амтай болсон байдаг. Ийнхүү хэрэгжилт эсрэгээрээ эргэж, ерөнхий төлөвлөгөө цаас болсны уршгаар өнөөдөр түгжрэл үүсэж, агаарын бохирдлын асуудалтай тулгарч байна. Иймээс юуны түрүүнд 2002 онд УИХ-аас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу бүсийн хотуудыг хөгжүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ачааллыг эдгээр хотуудад тараах хэрэгтэй. Тэнд ажиллаж, амьдрах орчныг нь сайжруулж, шилжин суурьших таатай нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй.
-Тусгай зөвшөөрлийг хаанаас олгодог вэ?
-Тусгай зөвшөөрлийг барилгын хөгжлийн төвөөс авдаг байсан бол сүүлийн жилүүдэд “Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ” толгойлж, зургаан ТББ нэгдэж, тусгай зөвшөөрлийг олгодог болсон. Үүнд манай “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” байдаг. Бид төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд ажилладаг.
-Төрийн зарим чиг үүргийн ажлуудыг мэргэжлийн холбоодод нь өгнө гэдэг зүйл яригдаж байна. Та үүнтэй хэр санал нэгдэж байна вэ?
-Санал нэг байгаа. Яагаад гэвэл энэ ажил барилгын салбарт хэрэгжээд 3-4 жил болж байна. Өмнө нь тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой маш их хэл ам гардаг байсан нь багассан. Цахим руу шилжсэнээр тусгай зөвшөөрлөөр бизнес хийдэг асуудал огт байхгүй болсон. Барилга хот байгуулалтын яамнаас барилгын зургаан ТББ-ын түншлэл нэгдэж, Барилгын салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг авсан. Тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн байгууллагаас шилжүүлэх нэг чухал ажил “чанарын хяналт”. Нэг зэрэг 300, 400 барилга баригдаж байхад Мэргэжлийн хяналтын байгууллага бүгдийг хянана гэж байхгүй. Барилгын чанарыг хэн хянадаг вэ гэхээр захиалагч мэргэжлийн баг гаргаж хянана. Гэвч энэ манайд хэрэгждэггүй. Мөн зураг төслийн компани хянадаг ч чанарын хувьд дутагдалтай. Дараа нь гүйцэтгэгч байгууллагын дотоод хяналт гэж байдаг. Энэ бүхэн нийлж ажиллаж байж чанартай барилга баригдана. Эрх зүйн орчин нь байгаа боловч уялдаа холбоотой ажиллаж чаддаггүйгээс болоод чанаргүй барилга гараад байгаа юм. Тогтолцоог зөв байлгах, хянах үүднээс салбарын яамтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Нийгмийн хариуцлагыг хэрхэн юу гэж үздэг вэ?
-Мэдээж компани ашигтай ажиллах ёстой. Үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хэрэгтэй байх ёстой. Бидний үйл ажиллагаа энэ шаардлагуудыг бүрэн хангаж байгаа. Жишээ нь анх 1994 онд ус, дулааны тоолуур, 1996 оноос ялтсан бойлер бүхий дулааны зангилаа, 1998 онд уурын электрон тоолуур, 2002 оноос эрчим хүчний хэмнэлттэй агааржуулалт, хөргөлтийн систем зэргийг барилгын салбарт анхлан нэвтрүүлж байсан. Одоо ийм төрлийн олон компани бий болж, олон ажлын байр үүссэн. Энэ бүхнийг бидний нийгэмд үзүүлж буй сайн нөлөөлөл гэж үздэг. Одоо хэрэгжүүлж буй орон сууцны төслөөр бид байгаль орчинд ээлтэй барилгын иж бүрэн загвар бий болгож байна. Ирэх гуравдугаар сард бид энэ төслийг олон нийтэд танилцуулна. Ойрын ирээдүйд барилгын салбарт энэ шийдэл өргөнөөр нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 1 )
Ajliin amjilt!