Шинжлэх ухаанчид олширч, уншигчид дэлгэрсэн сайхан цаг ч...

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Хэдэн жилийн өмнө нэг танил маань номын үзэсгэлэн худалдаанаас нэрт физикч, дэлхийн хэмжээний эрдэмтэн Х.Намсрайн ном авснаа цахим орчинд байрлуулсан байв. Ингэхдээ “Номын үзэсгэлэн дээр очлоо. Хэрэгтэй хэрэггүй уран зохиолын ном их гүйлгээтэй байна. Харин шинжлэх ухааны номууд гүйлгээгүй, хуучин номын хэсэгт тоосонд дарагдан хэвтэж байх юм. Тэгээд үүнийг авлаа” хэмээн жиргэсэн байхыг хараад учиргүй инээд хүрч билээ. Инээхийн учир нь мань эр Х.Намсрайн ном бүү хэл уран зохиолоо ч ойлгохгүй хүн учраас тэр.

Өчүүхэн төдий зүйлд шинжлэх ухаан хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Бүр аугаа том зүйлд ч шинжлэх ухаан хэрэггүй байх тохиолдол бий. Үүнийг л ялгаж салгаад сурчихвал ядахад “Шинжлэх ухаанчаар” гэж ярихад бас учир бий. Шинжлэх ухаан гэдэг өөрөө аугаа том ойлголт учраас жижүүрийн нэг үг болгож хэрэглээд байгааг гайхах юм. 

Мөн ойрын нэг нөхөр маань цахим орчинд номын зураг тавиад “Уншихгүй бол сэтгэхгүй” гэх мэтээр номлож, сүүлдээ бараа таваархан хураадаг өрөөгөө суллаад номын сайхан өргөөтэй болсныг сонслоо. Урьж байна, очлоо.

Тэдэн шиг уншаад сүйд болоогүй ч бага залуудаа харж байсан хэдэн сайхан зохиол салхи ороогүй, уншигчаа хүлээн байгаа нь нүднээ тусахаар нь хорхой хүрч, зохиолын утга санаа, эхлэл өрнөл гээд дүрүүд хүртэл ярилцахыг хичээсэн ч мань эр нэг ч номыг нь сөхөж хараагүй байж билээ. Аргагүй шүү дээ. Бага байхын л номноос зугтаж явсан хүн 40 насны босго эрт давчихаад гэгээрнэ гэдэг худлаа. Уншаад ч ойлгож догдлох нь бүү хэл ухаарах нь өнгөрсөн толгой л доо. Ямар ч номыг ухаж ойлгож, өөрөө хөдөлгөж хөтөлж уншихгүй бол явдаггүй л дээ.

Түүнээс Монголын уранзохиолчдын бүтээл бүхэн хичнээн энгийн ч бай, үнэхээр уншиж чадаж байгаа бол ямар нэг зүйлийг агуулж байдагтаа л оршдог юм шүү дээ. Хүний сэтгэлийн дотоод ертөнц юунд ч болов хөдөлж байдаг хөндөж болохгүй агуулгатай. Хүнийг ингэж ч бүтээсэн байх. Аугаа болох гэж яараад яахав. Үүнийг л олоод харчихвал болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд “Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй”, “Ном унших хэрэгтэй” гэх хоёр зүйлийг их ярьж, болсон болоогүй ном хураах болж дээ. Миний сүүлийн 20 жил үзэж харж сонсож байгаа зүйл бол энэ юм. Ойлгож байгаагаар Монгол Улс өнөөдөр маш олон шинжлэх ухааны эрдэмтэд энэ хугацаанд төрж, мөн хугацаанд олон мянган уншигч бий болсон байх ёстой. Гэтэл нөхцөл байдал дээрдсэнгүй. Шинжлэх ухаанчид маань ч шинжлэх ухаанаа ойлгож амжсангүй. Номчид маань ч номынхоо тоог нэмсэнээс огт уншаагүй гэдгийг батлан хэлэх байна дээ. 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top