Д.Батлут: Иргэд шүгэл үлээж, мөнгө олно гэх ойлголт авах вий

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут "Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ иргэд шүгэл үлээснээрээ мөнгө олж авах боломжтой гэдэг сэтгэлгээ, нөхцөл байдлыг бий болгох вий. Ийм ойлголт авахыг үгүйсгэхгүй. Энэ нь хилсээр хүнийг гүтгэх, дургүй хүнээ матах талтай байна. Энэ байдлаараа 1930-аад оны нөхцөл байдал давтагдах дүр зураг гарна гэж харж байна" гэв.  

Үүнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчилж байгаа нь хоёр үндсэн зорилготой. Нэгт, төрийн албаны хууль бус үйлдлийг олон нийтэд хяналтад оруулах зорилготой. Хоёрт, шүгэл үлээж байгаа иргэдийнхээ эрх зүйн байдлыг хамгаалж өгч байгаа юм. Өмнө нь байнгын хороо дээр хэлэлцэж байхад ч тэр нэг асуудал бий. Ялангуяа 1990-ээд оны үеийн матаасны тогтолцоог сэргээж байна гэх хандлага байгаад байна. Хуучин тийм тогтолцоо байсан. Одоо бол 1992 оны Үндсэн хуулиараа эрх зүйн тогтолцоотой болсон. Тэгэхээр хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top