Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Энэ дагуу өнөөдөр /2022.10.24/ УИХ дахь МАН-ын бүлэг 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Хүн ам цөөтэй Монгол улсын хувьд хүүхэд бүрийнхээ авьяас чадварыг дээд зэргээр хөгжүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгэмдээ үнэлүүлж амьдрах боломжийг өгөх нь хөгжлийн том зорилт байх ёстой.
Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсрол бизнес болон хувирч, чанартай боловсрол олж авах боломж тухайн суралцагчийн эцэг эхийн орлогоос хамаарахаас гадна тухайн суралцагч төв суурин газар амьдарч байна уу, хөдөө орон нутаг байна уу гэдгээс хамаараад ялгаатай байдаг болсон. Өөрөөр хэлбэл, боловсролыг ашиг олох байдлаар хөгжүүлсэн хандлагаас болж тэгш бус байдал газар авлаа.
Тэгвэл бид үүнийг өөрчлөх ёстой. Учир нь боловсрол бол хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх. Боловсролтой болсноор тухайн иргэн нийгмийн гарал байдал, эцэг эхийн орлогоос үл хамаараад нийгэмд нэр төртэй иргэн болох, нийгмийн харилцаанд амжилттай явах боломжтой болдог. Тийм учраас анхнаас нь боловсролыг хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай олгоход төр анхаарах ёстой. Ингэж байж бид ядуурлыг, хүний эрхийн зөрчлийг, нийгмийн тэгш ба бус байдлыг даван туулна.
Цаашид Монголын төр Олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудад хүлээсэн үүргүүдээ сайн биелүүлэх, нийгмийн бүлгүүдийн боловсрол эзэмших боломжийн ялгаатай байдлыг багасгах, бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгох тал дээр илүү анхаарч, боловсролыг арилжаа, бизнесийн зорилгоор ашиглахгүй зорих ёстой. Боловсрол дахь тэгш бус байдлыг арилгахын тулд тэгш хүртээмжтэй санхүүжилт, төрийн зохицуулалт, суралцагчийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулах хэрэгтэй байгаа юм. Боловсролын реформын нэг үндсэн зарчим ийм байх ёстой, энэ чиглэлд өөрчлөлтийг хийхийн төлөө зүтгэх болно" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )