Мэргэжлийн бус дарга Б.Билгүүн төрийн бодлогод саад болж байгааг дуулгав

2022 оны 10 сарын 24

Өнгөрөгч баасан гарагт Шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Энэ үеэр Шадар сайд “Шинэ сэргэлтийн бодлогын нэг томоохон зорилт болох Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Стандарт болоод Цахимжуулалтын үйл ажиллагаа нягт уялдаатай байж энэ тал дээр бодит ахиц дэвшил гарна. Гэтэл Монгол Улсад маш олон стандарт байгаа ч хэрэгжүүлж мөрддөг нь маш цөөн. Энэ нь Стандарт хэмжил зүйн газраас олон нийтэд нэвтрүүлдэггүй, таниулан сурталчилж мэдээлэл хүргэдэггүйтэй холбоотой” гэдгийг дахин дуулгав.

Мөн Н.Учрал сайд “Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажил хийнэ” хэмээв.  

Уг нь сүүлийн үед стандарт, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулан бат­лахаар ажиллаж байгаа ч Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн нь туршлагаггүйн зэрэгцээ мэргэжлийн хүн биш учраас засгийн бодлого хэрэг­жүүлж ажиллахад ихээхэн саад болж байгааг салбарынхан дуул­гана лээ. Арга ч үгүй. Анхнаасаа салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус Б.Билгүүнийг тухайн үеийн Шадар сайд Ө.Энх­түв­шин “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг далимдуулан, Стандарт хэмжил зүйн газрын даргын Түр орлон гүйцэтгэгчээр томилж байв.

Ийнхүү Б.Билгүүний Түр орлон гүйцэтгэгчийн хугацаа дууссан ч хууль бусаар ажиллаж, ингэхдээ төрийн олон хууль тогтоомж зөрчсөн гэдгийг салбарынхан баримтаар дэлгэж байсан нь нэг бус удаа юм. Ямартай ч төрийн чухал агентлаг, газарт ажлын туршлагагүйн зэрэгцээ мэргэжлийн бус дарга ажиллах ямар хүндрэл тулгардагийг өдгөөгийн Шадар сайд сайтар ойлгосныг сүүлийн үеийн үйл явц харуулж байна.

Төрөөс стандартчиллын томоохон бодлого батлахаар зэхэж байгаа энэ үед мэргэжлийн бус даргаар удирдуулсан Стан­дарт, хэмжил зүйн газар ажиллаж чадахгүй байгааг хаа хаанаа харж байна. Тус агентлагийн дарга нь томилогдоод 3-4 жил өнгөрч байхад стандартын чиглэлд мэргэжлийн байгууллагын ямар нэг бодлого, баримт бичиг гаргаагүй төдийгүй мөрдөгдөж байгаа стандартын чиг баримжаа ч алдагдсан. Ихэнх нь хэрэгждэггүй гэдгийг эх сурвалжууд ч хэлсэн. Шадар сайд ч өөрөө хэлсэн. Тэгэхээр Засгийн газар, Шадар сайдаас танилцуулж буй бодлогод ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Том агуулгаар нь харвал Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэгэн түгжээ нь Стандарт, хэмжил зүйн газар болно гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. 

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Стандарт, хэмжил зүйн газар нь цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч хөгжлийн бодлогод нийцсэн стандартыг батлуулж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах аж. Дахин тодот­гоход “Төрийн нэгдсэн цахим үйл­чил­гээний нийтлэг стан­дарт”-ыг боловсруулан бат­луулж, системийн уялдаа хол­боо, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахаар тушаал гаргасан ч мэргэжлийн байгууллага арга зүй, мэдээлэл болон бусад зүйлээр хангаж ажиллаж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой гэдгийг удаа дараагийн үйл явдал харууллаа.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.44.46) 2022 оны 10 сарын 24

Төрийн албаны зөвлөл ажлаа хиймээр байх юм. Хаа сайгүй мэргэжлийн бус хүмүүсийг ковидын хууль гэгчээр сонгон шалгаруулалтгүйгээр томилоод байх юм

2  |  0
Top