МАН: Боловсролын багц хуулийн мэдээлэлтэй танилцаж, ажлын хэсгүүдийг нэгтгэлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.24/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өргөн барьсан юм. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт дээрх тогтоолыг хэлэлцэж,  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой учраас бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаарлагатай гэж үзлээ.

ҮББХ энэхүү асуудлыг  өмнө нь хэлэлцээд УИХ-ын Хууль эрх зүйн газарт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр өгсөн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс Эрдэнэт үйлдвэрийн технологит тохирохгүй овоолготой холбоотой асуудлаар УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь энэ асуудлаар Засгийн газар бие даасан шийдвэр гаргах боломжтой юм.

Монгол Улсад мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд Засгийн газраас овоолгыг ашиглах боломжтой гэж үзсэн. “Ачит ихт”  ”Зэс эрдэнийн хувь” гэх мэт компаниуд овоолгыг ашиглаж, зөвшөөрлийг Засгийн газраас өгсөн юм байна. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг Засгийн газар бие даан шийдвэрлэх боломжтой учраас УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Боловсролын Ерөнхий хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай хуулийн явцын талаар хэлэлцлээ. Боловсролын таван хуулийг өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь УИХ-аас  баталж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бүлгийн хуралдаанаар Боловсролын багц хуулийн явц, Боловсролын Ерөнхий хуулийг концепци нэг бүрээр нь хэлэлцсэний дүнд тодорхой шийдэлд хүрч байна. Нэгдүгээрт,  Ажлын хэсгийг шинэчилж байгууллаа. Олон дэд ажлын хэсгүүдийг татан буулгаж, зөвхөн нэг ажлын хэсгийг байгуулснаар концепци хоорондын уялдааг сайжруулна гэж үзлээ. 

Хоёрдугаарт, хуулийн төслийг түргэвчилсэн байдлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ ” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top