УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх 2022 оны аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Германы Социал Демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Ц.Идэрбат, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар хүлээн авч уулзлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоёр улс, нам, парламентын хоорондын харилцаа гүнзгийрэх нөхцөл бүрдэж байгаа нь Таны манай улсад айлчилж байгаагаас шууд харж болохоор байна.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 10 сарын 12-15-нд Герман улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Холбооны канцлер О.Шольцтой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааны талаар ярилцсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал хоёр улсан хөгжил, тэр дундаа хоёр намын харилцаанд чухал хувь нэмэр болсон гэж үзэж байгаа. Энэ хүрээнд эрчим хүч, уул уурхайн салбар болон нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар хэлэлцсэн байна.
Монгол Улс Европ дахь 3 дахь хөршөө ХБНГУ-ыг гэж үзэж байгаа. Сүүлийн үед 2 улсын болон 2 намын харилцаа сайжирч байна. Өнгөрсөн 5 сард МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Герман улсад айлчилсан. Цаашид олон чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Монголд социал демократ үзэл баримтлалыг хөгжүүлэхэд Монгол дахь Фридрих-Эбертийн сан онцлох үүрэгтэй ажиллаж байна” гэв.
Харин Германы Социал Демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх хэлэхдээ “Миний хувьд зөвхөн Германы социал демократ намын бүлгийн даргын хувиар биш Фридрих-Эбертийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ирсэн. Герман-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохионо. Мөн Фридрих-Эбертийн сан Монголд үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ойг тэмдэглэнэ. Хоёр парламентын бүлгийн харилцааны хувьд харилцан туршлага солилцож, суралцах хүсэлтэй байна.
Хэдэн өдрийн өмнө Холбооны канцлер О.Шольцтой уулзсаж ярилцахад Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал ач холбогдолтой боллоо гэдгийг хэлсэн. Герман улсын хувьд Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Бидний зорилго бол хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ашигтай байгаасай гэдэг үүднээс хандаж, харилцаж байна. Бид Монгол Улс ажиллах хүчин, зохист хөдөлмөрийн нөхцөлөөр иргэдээ хангаж, цалин сайтай байх чиглэлд бодлого барьж ажиллана гэдэгт социал демократчууд бид итгэж байна” гэлээ
Сэтгэгдэл ( 0 )