АЙЛЧЛАЛ: Парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

2022 оны 10 сарын 28

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд өчигдөр /2022.10.27/ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат тус улсын Үндэсний ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга бөгөөд Үндэсний ассамблейн Удирдлагын байнгын хорооны дарга Жү Ху Ён-той уулзлаа.

Уулзалтаар парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат цаг гарган найрсаг дотноор хүлээн авч уулзсанд ноён Жү Ху Ён-д талархал илэрхийлээд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажилладаг БНСУ-ын Үндэсний ассамблейтай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын Их Хурал парламентын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг шат ахиулан бие даасан хуулийг батлаад жил орчим болж байна. Хууль эрх зүйн орчин бүрдсэнээс хойш ерөнхий хяналтын болон томилгооны хэд хэдэн сонсголыг амжилттай зохион байгуулсан. Мөн тухайлсан асуудлыг хянан шалгах түр хороодыг байгуулан ажиллаж байна гээд БНСУ-ын Үндэсний ассамблейн гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцооны сайн туршлагаас суралцах зүйл багагүй байгааг онцоллоо.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн Удирдлагын байнгын хорооны дарга Жү Ху Ён хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн чухлыг дурдсан юм.

Тэрбээр БНСУ-ын парламентын хянан шалгах тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа. Тус улсын парламент хянан шалгах эрх зүйн орчныг бий болгоод даруй 10 гаруй жил болжээ. Хуулийн хүрээнд Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаалтнууд заавал парламентын сонсголд ордог байна.

Өнгөрсөн арав орчим жилийн хууль хэрэглээний туршлага дээр үндэслэн парламентын гүйцэтгэх засаглалд тавих хяналт шалгалтын хуулийг шинэчлэх шаардлага үүсэж байгааг ноён Жү Ху Ён хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтаар цаг үеийн бусад асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов. Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн Сун Он Сог, Үндэсний ассамблейн гишүүн Жон Хи Юн болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top