Ж.Мөрөндэлгэр: Би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй

2022 оны 10 сарын 29

Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын  үзэгч сонсогч уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор “Тэмүүлэл хүмүүнлэг” үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Ж.Мөрөндэлгэр  оролцсоныг хүргэж байна. 


-Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ж.Мөрөндэлгэр гэдэг. Би долоон жилийн өмнө ослын улмаас нуруу нугасны бэртэл авснаар бэлхүүснээс доош мэдээ алдсан. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж эмч тодорхойлсон.Тэр цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоонд зүй ёсоор багтаж, тэдний төлөөлөл, дуу хоолой болоод явж байна.

-Таныг сошиалаас харахад  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг, итгэл найдвар төрүүлэх нөлөөллийн ажил ихээхэн зохион байгуулах юм. Яагаад заавал өөрийн биеэр сайн үйлсийн аянд оролцох болсон бэ?

-Их хүйтэн өдөр би охинтойгоо хамт эмнэлэг явж байтал гудамжинд тэргэнцрийн дугуй салчихсан. Үүнээс болж эрхэлсэн ажилгүй гэртээ удаан хугацаагаар суусан. Санхүүгийн зогсонги байдалтай нүүр тулсан учраас энэ бүгдийг давж гарах ёстой хэмээн өөрийгөө зоригжуулсан. Ингээд  ажил хийснээр санхүүгийн эх үүсвэртэй болж, хөлөө олоод нэн түрүүнд өөртэйгөө адил хүмүүсийг тэргэнцэртэй болгох зорилго тавьсан. “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аян өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй өөрийн биеэр очиж уулзан тэргэнцэр хандивлаж, 21 аймгаа тойрсон. Ер нь хөгж­лийн бэрхшээл бол сэтгэл санаа болон оюуны бэрхшээл биш, хийж бүтээж болдог гэдгийг бусдад мэдрүүлэхийг хүссэн. Хандив, сайн үйлсийн аян маань 21 аймгаар зогсохгүй. Сүүлийн үед нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлах ажлыг өөрийн амьдарч буй Баянзүрх дүүргээс эхлүүлээд байна.

-Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон  янзаар ярьдаг. Тэргэнцэр хэрэг­лэгч, тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх нэр томьёоны  аль нь илүү оновчтой вэ. Үүнтэй холбоотой элдэв сөрөг мэдээлэлд та эмзэглэдэг үү, хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хуулиараа хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар буюу бүрэн алдсан иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тодотгодог. Энэ нь цаасан дээр бичигдсэн албан ёсны нэршил. Гэтэл нийгэмд биднийг харагдах байдлаар нь дүгнэж шинэ нэр томьёог үүсгэснээр тусгаарлах, гадуурхах чиг хандлага давамгайлах болж. Би өөрийгөө тэргэнцэртэй иргэн гэж хэлүүлэх дургүй. Учир нь бидэнд ус зайлшгүй хэрэгтэй байдгийн адил надад ч бас тэргэнцэр хэрэгтэй. Тиймээс би өөрийгөө тэргэнцэр хэрэглэгч хэмээн тодотгодог. Нийгэм бид­нийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн томьёолоосой гэж хүсдэг.

-Тэргэнцрийг ямар үнээр худалдаалагддаг вэ. Халамжаас хэд орчим хувийг нь хөнгөлдөг юм бол?

-Халамжаар олгогддог тэргэнцрийн чанар муу. Үнийн хувьд 300 мянга байдаг. Бид гурван жилд нэг удаа тэргэнцэр авах эрхтэй. Ингэхдээ 250 мянган төгрөгийн хөнгөлттэй  үнээр авдаг. Автомат тэрэг гэж байдаг. Тэр нь 60 сая төгрөгийн үнэтэй юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван жилд нэг удаа тусгай хэрэгслийг хөнгөлттэй үнээр авдаг.

-Та улсаас сард хэдэн төгрөгийн халамж  авч байна?

-288 мянган төгрөг сар бүр ав­даг. Мөн улиралдаа эм тарианы 60 мянган төгрөгийг улсаас олгодог.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлхийн стандартад нийцсэн зам талбай хомс. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэргэнцэртэй иргэдийн зам нэг метрийн өндөр, 8-10 метрийн урттай хашлагатай байх ёстой гэж олон улсын стандартад заасан. Гэтэл манай улсад энэ стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай нэг ч үгүй. Тиймээс  энэ асуудалд эмзэглэдэг.

-Энэ мэтчилэн гадуур явахад цөөнгүй бэрхшээл тулгардаг байх нь. Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад нэлээдгүй чирэгдэлтэй байдаг биз?

-Тийм. Цахим үндэстэн боллоо гэх юм, тэр нь бидэнд нөлөөлөхгүй байна. Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахаар цаасан хэлбэрээр баталгаажуул гээд явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нааш цааш явна гэдэг хэцүү. Наад зах нь эрүүл мэндийн байгууллагаас хөнгөлөлттэй эм бичүүлж авах гэхээр хэд хэдэн эмч нарт үзүүлэх шаардлагатай болдог. Өрхийн эмчээр бичүүлээд болчихдог байсныг саяхан болиулчихсан. Хотод байгаа бид ч учиртай. Гол нь хөдөө орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эм бичүүлэх гэж аймаг, сумыг зорино гэдэг хүндрэлтэй. Үүнийг л төр, засаг анхаарч хялбарчилж өгөх хэрэгтэй байна. 

-Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ТББ хэд байдаг вэ. Та яагаад ТББ байгуулах болов. Тус байгууллагыг авч явахад санхүүгийн асуудлаас эхлэн  амаргүй байх. Хэрхэн зохицуулж байна, өөрийн гэсэн бизнес байна уу?

-Миний мэдэхээр Баянзүрх дүүрэгт 6-7 ТББ бий. Аймаг, нийс­­лэл, дүүргийн Засаг даргаар ахлуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэж байгуулагдсан хэдий ч  бодитой ажил хэрэгжүүлэхгүй байна. Иймд тэднийг ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Баянзүрх дүүргийн зөвлөлийн тухайд  хороо бүрд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төлөөлүүлэн тэдэн рүү чиглэсэн бодит ажил явуулж, санал бодлоо солилцдог. Ингэхдээ тэдэнд зохих хэмжээний урамшуулал олгодог. Би осолд орохоос өмнө арьсан эдлэлээр гутал хийдэг бизнестэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй  болсноор хамгийн анх гар утас  засварчнаар ажиллаж, таксинд хүртэл явж амьдралаа залгуулж байлаа. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, эхлээд иргэдийн сэнсэрсэн тэргэнцрийг засч өгдөг байсан. Энэ үеэр ковид гарч тэргэнцэр ховордсон. Тендертэй  байгууллагууд Эрээнээс 350 юаниар оруулж ирсэн тэргэнцрээ 600-700 мянгаар зарж эхэлсэн. Би үүнд эмзэглэж, Өвөрмонголд амьдардаг таньдаг хүмүүстэйгээ холбогдон тэргэнцэр авчирч  зарснаар тусгай хэрэгслийн бизнес рүү орсон. Үүгээрээ амьдралаа залгуулахын зэрэгцээ бусдад илүүчилж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тун хүндрэлтэй. Таны хувьд замын хөдөлгөөнд хэрхэн оролцдог вэ. Нийтийн тээврээр их үйлчдүүлдэг үү?

-Би Солонгос, Хятад гээд олон улсаар аялж үзсэн. Тэнд нийтийн тээврийн жолооч өөрийн биеэр бууж ирээд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үйлчилдэг гэдгийг хүмүүсээс сонссон. Автобус нь зориулалтын стандартад нийцсэн налуу шаттай юм байна лээ. Гэтэл манай улсад нийтийн тээврийн жолооч нар "хурдан суу" гэх нь холгүй. Тэдэнд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох, зорчигчдоо хэрхэн хүндэтгэж, найрсаг үйлчлэх вэ гэх мэт соёлын талаар сургалт орох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй бидэнд нийтийн тээвэр ээлгүй. Би ихэвчлэн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцдог. Хааяа автобусаар зорчих шаардлага тулгардаг.

-Автомашинаа яаж  жолоодож байна. Хааз, тоормосоо хэрхэн тааруулж барьдаг гэсэн үг вэ. Нарийн мэдрэмж шаардагддаг байлгүй?

 -Хотод автомашинтай замын хөдөлгөөнд оролцоход зогсоолоос эхлээд асуудалтай. Уг нь нийс­лэлийн гудамж талбай авто зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоол гэсэн тэмдэглэгээ бий. Гэтэл эрүүл саруул, хөл гар нь бүрэн бүтэн жолооч нар нь тэмдэглэгээтэй зогсоолд машинаа байрлуулчихдаг. Ингээд бид төлбөртэй зогсоол руу машинаа оруулах гэхээр хоосон зогсоол байтал дүүрсэн гээд оруулдаггүй. Өөрөөр хэлбэл, ялгаварлан гадуурхаад байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлбөртэй зогсоолд үнэгүй зогсох журамтай. Тэр ч байтугай хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн тэмдэглэгээтэй зогсоолд зогссон автомашины жолоочоор төлбөрийг 25 дахин нугалж төлүүлэх ёстой гэсэн журам бий. Хүн хүнээ хайрлах сэтгэлгүй болжээ гэсэн бодол төрдөг. Би Улсын III төв  эмнэлгээр үйлчлүүлдэг. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн тэмдэглэгээтэй зогсоол нэлээн хэд бий. Би автомашинаа жолоодохдоо байнга бууж суух боломжгүй учир зогсоол хайх хүндрэлтэй. Нэг гараараа жолоо барина. Жолоочийн суудал дээр өөрт тохирсон суудлыг байрлуулж үүний хажууд төмөр бэхлээд гараараа урагш, хойш түлхэн тоор­мос, хаазаа зохицуулдаг. Анх хэцүү байсан ч бид чинь дасан зохи­цох зүйлдээ хурдан юм байна лээ. 

-Таны хичээл зүтгэл  хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд ихээ­хэн сэтгэлийн дэм өгдөг байх?

-Би өөрийгөө хөгжлийн бэрх­шээлтэй гэж боддоггүй. Амьдралд тэмцэх үе байдаг гэдгийг хөгж­лийн бэрхшээлтэй бусад иргэдэд ойлгуулахыг зорьдог. Энэ ярилцлагыг уншиж байгаа уншигч та надад урам зориг өгөөрэй. Түүгээр би өөрийгөө зориг­жуулдаг юм шүү. Хүн урмаар тэжээгддэг гэдэг дээ. 21 аймгаар тойрч хөгжлийн бэрхшээлтэй  иргэдтэйгээ уулзаж ирсэнээс хойш миний хийж байгаа ажилд тус, дэм үзүүлье гэх хүмүүс нэлээд ханд­сан. Хөгжлийн бэрхшээлтэй  ир­гэд рүү чиглэсэн ажил маань үр өгөөжөө өгч байгаад баяртай байна.

-Мөрөөдөлтэй хүн  зорилготой, зорилготой хүн л сайхан амьдарна. Та яг одоо юу мөрөөдөж сууна?

-Өнөө маргаашийн мөрөөдөл бол их ээ. Төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд  тэгш оролцох боломжийг бүрэн хангаж өгөөсэй. Би хөгжилд өөрийгөө дайчлан оролцуулах мөрөөдөлтэй. Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ах дүү, хамаатан садан, тэднийг ялгаварлан гадуурхах үзэгдэл их. Тухайлбал, нэг тоглолт үзэх гэхээр нь явж яах юм бэ. Би гар утсан дээрээ бичээд ирье гэх мэт эрх чөлөөг нь боогдуулж,  чи чадахгүй гэсэн үгээр урам  зоригийг нь мохоодог. Цаашлаад группын  мөнгийг өөрт нь өгдөггүй асран хамгаалагч нартай ч тааралдаж байсан. Энэ мэт нийгмээс тусгаарлах хэрэггүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлж, эрх тэгш үйчлүүлдэг болох. Түүнчлэн хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд сурах судлах, хөгжих, хөдөлмөрлөх бололцоог цогцлоосон томоохон төв  байгуулна гэж мөрөөддөг.

-Таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай...

-Баярлалаа. Ташрамд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тус дэм үзүүлэх хэн бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэхүү ярилцлагаараа дамжуулан хэлье.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.68.124) 2022 оны 10 сарын 30

хөгжлийн бэрхшээл гэдэг бас зохисонгүй. Дутуу хөгжилтэй гэж ойлгогдох маягтай.Иймд харааны,хөдөлгөөний, сонсголын бэрхшээлтэй гэж нэрлэх нь зөв байх.Харааны бэрхшээлтэй хүмүүс хамгийн хэцүү байдалд ордог.Иймд тэдэнд зориулсан байр сууц барьж өгөх,тэнд нь ойрхон дэлгүүр бусад үйлчилгээ бий болгож өгөх хэрэгтэй байна л даа

0  |  0
чимэддорж(124.158.68.124) 2022 оны 10 сарын 30

хөгжлийн бэрхшээл гэдэг бас зохисонгүй. Дутуу хөгжилтэй гэж ойлгогдох маягтай.Иймд харааны,хөдөлгөөний, сонсголын бэрхшээлтэй гэж нэрлэх нь зөв байх.Харааны бэрхшээлтэй хүмүүс хамгийн хэцүү байдалд ордог.Иймд тэдэнд зориулсан байр сууц барьж өгөх,тэнд нь ойрхон дэлгүүр бусад үйлчилгээ бий болгож өгөх хэрэгтэй байна л даа

0  |  0
чимэддорж(124.158.68.124) 2022 оны 10 сарын 30

хөгжлийн бэрхшээл гэдэг бас зохисонгүй. Дутуу хөгжилтэй гэж ойлгогдох маягтай.Иймд харааны,хөдөлгөөний, сонсголын бэрхшээлтэй гэж нэрлэх нь зөв байх.Харааны бэрхшээлтэй хүмүүс хамгийн хэцүү байдалд ордог.Иймд тэдэнд зориулсан байр сууц барьж өгөх,тэнд нь ойрхон дэлгүүр бусад үйлчилгээ бий болгож өгөх хэрэгтэй байна л даа

0  |  0
Top