Д.Осгонбаяр: Хурдан морь унаж, даага сургахын зэрэгцээ дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байлаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

“Яруу эгшиглэнт” тоглолтоо энэ сарын 29-нд хийх гэж буй Үндэсний урлагийн их театрын  дуучин Доржийн Осгонбаяртай ярилцлаа.


-Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, Э.Амартүвшин гээд танай нутгаас олон алдартай дуучин төрсөн. Араас нь ая эгшиг өргөн гарч ирж буй дуучдын нэг гэж таныг хэлэх байх. Хурдан морь унаж өссөн хөдөө нутгийн охин яаж яваад их урлагт хөл тавив?

-Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын V багийн нутагт айл. Би аав ээжээс дөрвүүлээ. Хоёр ах, нэг эгчтэй. Айлын отгон хүүхэд. Хөдөө өссөн болохоор хурдны морь унадаг байлаа. Наадмаар айл, саахалтынханд уригдаж морь унана. Ах дүүсийнхээ морийг унаж өгнө. Ах нартайгаа хамжаад даага сургана. Аав ээждээ тус дэм болж, морин тэргээр ус авна, хонио хариулна. Тэгж явахдаа дандаа дуулна. Морио унаад салхи татуулан давхингаа дуулж явах чинь бас л сайхан шүү дээ. Ер нь би багаасаа дуучин болохыг мөрөөдөж өссөн. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж яваадаа баярладаг. Тэр дотроо үндэсний урлаг бол бидний зайлшгүй хамгаалж, хайрлаж явах ёстой өв соёл гэж үздэг. Тиймээс монгол ардын дуу, уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээх чин хүсэл эрмэлзэлтэй явдаг даа. Ардын дуучин, уртын дуучин гэсэн сайхан мэргэжлийг өвлөж, энэ чиглэлээр түлхүү ажиллаж, уран бүтээл хийдэг.

-Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай бол яг өөр шиг чинь  хурдан  морь унаж, хонь хариулж явсан жаахан охин Бүх ард түмний урлагийн үзлэгт орж, тэндээсээ шалгарч дуучин болсон гэдэг.Та хоёрын замнал их төстэй санагдлаа?

-Хөдөө байхад ээж минь Ш.Чимэдцэеэ эгчийн сайхан дуунуудын бичлэгийг тавиад сонсдог байлаа. Тэр тусмаа уртын дуунуудыг нь бүр ч их сонсдог байсан. Тэр үед би хүүхэд байсан болохоор уртын дуу сонсохоор нойр хүрээд ч байх шиг. Нэг л залхах байдалтай. Хажуугаар нь гарахдаа унтраачихдаг ч юм уу, тиймэрхүү үйлдлүүдийг хийнэ. Гэхдээ л ээж минь байнга сонсдог учраас Ш.Чимэдцэеэ эгчийнхээ сайхан дуунуудыг хамт сонсож өссөн. Тэр нь хожим надад их нөлөөлсөн шиг байгаа юм. Манай ээж бас их сайхан дуулна. “Вандан хээр” гэж морины дууг сайхан дуулна. Мэргэжлийн хүн биш атал нарийхан цанинаж жингэнэсэн, дээд цээл хоолойгоор гайхалтай сайхан дуулна. Би бол ээжийнхээ хаана нь ч хүрэхгүй.

Урлагийн замд орсон тухайд би их урт түүхтэй. Хөдөө аав ээжтэйгээ мал маллаж байгаад аймгийн Хөгжимт жүжгийн “Жаахан шарга” театрт очиж шалгуулснаар дуучин болох гарааг эхэлсэн. Үүний өмнө сумын төвд дууны караоке уралдаан болно гэсэн зар тарж, ах маань намайг мотоциклиор хүргэж өгсөн юм. Тэр уралдаанд оролцож түрүүлсэн. Харин шагнал нь аймгийн театрт дуучнаар ажиллахаар шалгуулах эрх байсан. Тэр бол 2004 оны үе. Анх шалгуулахаар очсон тухай “Улаан хацартай жаахан охин театрын үүдэнд шомбойгоод сууж байсан” гэж манай ахмадууд ярьдаг юм. Намайг тэнд сууж байтал театрын жижүүр ах гарч ирээд “Чи яах гэж яваа хүүхэд вэ” гэж байна. “Ах аа, би энд шалгуулах гээд, энд хүрээд ир” гэсэн юм гэлээ. Тэгсэн “За юугаар?” гэнэ, би “Дуучнаар шалгуулах гээд” гэсэнд “Өө тийм үү, дуучнаар шалгуулах гэж байгаа бол ах нь л хамгийн түрүүнд шалгана даа. Тэгээд чи тэнцвэл цаашаа тэнцэнэ” гэв. Тэгээд “Алив орж ирээд дуулаадах. Ямар дуу дуулдаг юм” гэж байна. Тэр үед Д.Энхзул гавьяатын “Монгол эрийн жавхаа”, “Сүлдэн заяатай хүлэг” гээд ид хит болж байсан дуунууд байсан. Түүнээс  “Сүлдэн заяатай хүлэг”-ийг дууллаа. Тэгсэн “болж байна, болж байна. Чи чинь харин овоо дуулчих юм биш үү. Миний шалгалтанд лав тэнцлээ. Чи одоо ийшээ ороод шалгуул. Ямар ч байсан тэнцсэн” гэж урам өглөө. Дараахан нь театраас намайг дуудаж, Уран сайхны зөвлөл нь хуралдсан. “Д.Осгонбаяр ороод ир” гэж байна. Яваад л орлоо. 16, 17 настай хүүхэд айна, ичнэ, сандарна. Гэсэн ч биеэ барих гэж хичээлээ. Гэтэл  “Чамд ардын дуу байна уу?” гэж асуулаа. Ардын дуу нэгийг ч мэдэхгүй юм чинь “байхгүй” гэлээ. “Тэгвэл ямар дуу мэдэх вэ” гэхээр нь “Монгол эрийн жавхаа”-г дууллаа. Тэгсэн “За болно. Ахиад өөр дуу” гэж байна. “Сүлдэн заяатай хүлэг”-ээ дахиад дууллаа. “Болно” гэсэн атлаа “хүлээж бай” гээд бүгд гараад явчихсан. Хүлээгээд байж байтал Г.Энхцэцэг дарга ирээд “Түр дагалдангаар явж бай. Дагалдангаар явж байгаад чиний өөрийн идэвх санаачилга, дуу хэр сурч байна, яаж дуулж байна. Бүхий л юм чиний өөрийн чинь оролцооноос шалтгаална. Чамайг дагалдан дуучнаар авлаа” гэхэд нь би бөөн хөөр болж хөл газар хүрэхгүй баярласан. Тэнд ажиллаж байхдаа 2005 онд СУИС-д шалгалт өгч, эчнээ ангид элсэн орж, 2009 онд уртын дуучин мэргэжлийг эзэмшиж төгссөн.

-Одоо бол урлагийн байгууллагад арав гаруй жил ажилласан туршлагатай уран бүтээлч болжээ. Үндэсний урлагийн их театрт хэдэн онд орсон бэ?

-Би чинь суралцангаа ажиллаад явчихсан болохоор ийм байгаа юм. Үндэсний Урлагийн их театрт 2017 онд орсон. Ер нь л Сүхбаатар аймгийнхаа театрт байхаас хот руу орьё. Уран бүтээлч хүн хөгжиж дэвших хэрэгтэй гэсэн бодол төрж байсан. Ингээд Улаанбаатарт ирсэн. Үндэсний урлагийн их театрын дуучин болоод 5-6 жил болж байна. Манай Үндэсний урлагийн их театр бол асар том айл. Энэ сайхан театрт орсноор Монголынхоо өв уламжлал болсон ардын дуу, уртын дууг түлхүү дуулж явахыг л хичээж байна. Бид монгол хүн болж төрснөөрөө бахархаж явах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий нийт “Монгол Улс ямар тайван орон бэ. Ямар өргөн уудам тал нутагтай юм бэ” гэж бахархаж байна шүү дээ. Бид Монголоороо бахархаж, өв соёлоо дээдэлж, тэр тусмаа Монголынхоо гол цөм болсон үндэсний урлаг гэдэг их соёлоор бахархаж явах хэрэгтэй гэж боддог. Энэ үүднээс одоо хүртэл өөрийн гэсэн байргүй байгаа Үндэсний урлагийн их театраа байртай болчихоосой гэж их хүсдэг. Төр, засаг маань үүнд анхаарч өгөөсэй гэж олны өмнө үг хэлэх, ярих боломж олдох бүрт хэлж ярьдаг. Энэ удаа ч гэсэн танай сониноор дамжуулан дайя.

-Дуу, дуучин хоёр бие биеэ олж байж хүмүүст хүрдэг юм шиг ээ. Өөрийг чинь өргөж гарч ирсэн, нэрийн хуудас болсон бүтээл бол “Наран мандах нутаг” дуу гэдэгтэй хэн ч маргахгүй байх?

-Миний хамгийн анхны уран бүтээл “Наран мандах нутаг” дуу юм. Тийм болохоор ч тэр үү, түүнээс хойш надад санал тавьсан, ирсэн, таалагдсан бүхий л уран бүтээл ер нь нутгийн сэдэвтэй болоод явчихсан. Гэхдээ би заавал нутгийн тухай дуу дуулна, ийм сэдэвтэй дуу дуулна гэж сонгодоггүй л дээ. Цаанаасаа заяачихсан юм шиг л ирээд байдаг. Хамгийн анх “Наран мандах нутаг” гэдэг сайхан дууг дуулж олон түмэнд танигдсан болохоор ч тэр үү, нутгийн сэдэвтэй дуу миний урын санд олон бий. Дээр нь хөдөө өссөн хүүхэд болохоор, тэр сайхан тал хээр нутгаа харж өссөн учир нутгийнхаа тухай дууг дуулахад уул ус, хад чулуу нь хүртэл нүдэнд харагдаад илүү амьтай, илүү дотогшоо нэг л гоё мэдрэмж төрдөг.

-Урын сандаа олон дуутай болсон байх. Дуучин болсны хэрэг бүтлээ гэж бодогдож байв уу?

-Хүн өөрийн хийж байгаа зүйл, хүсэл мөрөөдөлд ханадаггүй байх. Тэгвэл нэг л байрандаа зогсчихно шүү дээ. Тийм бодолтой явдаг болохоор би ерөөсөө дуучин болсны хэрэг бүтлээ гэж бодож байгаагүй юм байна. Харин би дуучин мэргэжил эзэмшсэнийх,  заримдаа хүнд хэрэгтэй үед нь, яарч сандарчихсан яаралтай нэг дуучин хэрэгтэй байна гэх ч юм уу, залгахад нь очоод дуулж өгсөн дөө, тухайн хүнд тус болсондоо бол баярлаж явдаг. Ийм зүйл надад ганц хоёр удаа гэлтгүй тохиолдож байсан. Тэгээд би заримдаа “Дүү чинь дуучин биш байсан бол балрах нь байна шүү дээ” гэдэг юм.

Тэр тусмаа “Наран мандах нутаг” гэдэг дууг дуулсандаа өөрөөрөө бахархаж, уран бүтээлдээ улам бүр хайртай болж, аль болох сэтгэлээ шингээж дуулахыг эрмэлзэж байдаг даа. Ер нь өөрийн дуулсан бүх дуунд  хайртай. Энэ хүртэл ардын богино дуу болон зохиолын дуу олныг дуулж,  үзэгч сонсогчдод хүргэжээ. Монгол ардын уртын дуунаас “Урьхан хонгор салхи”, “Уяхан замбуутивийн наран”, “Жаахан шарга”, “Торой банди”, “Магнай түргэн”, “Сүмбэр Алтан овоо”, “Ар хөвчийн унага”, “Олом нь үгүй далай”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр”, “Зээр­гэнтийн тал” зэрэг дууг дуулж, урын сангаа баяжуулаар ирлээ.

-Хэр олон тоглолт хийв?

-“Наран мандах нутаг” дуугаараа нэрлэсэн бие даасан тоглолтыг Сүхбаатар аймгийнхаа бүх сумыг тойрч, Дорноговь, Говьсүмбэр аймаг, нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймаг болон Эрдэнэтийн үзэгчдэд хүргэж байлаа, 2016-2018 онд. Улаанбаатарт ирээд Үндэсний урлагийн их театрын тайзнаа тавигдсан Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой”, “Үлэмжийн чанар”, “Нарны домог” дуулалт жүжиг, “Нүүдэлчдийн аялгуу”, “Наран мандах талын Монгол” тоглолт, “Уул усны шивнээ” концертын уран бүтээл, Ардын хувьсгалын ойн баярын, Ерөнхийлөгчийн нэрэмжит “1000 ээжийн” баярын, Д.Сүхбаатарын талбай дахь наадмын, ”АСЕМ”-ийн цуврал, “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” зэрэг тоглолтод дуулсан.

Энэ сарын 29-нд “Яруу эгшиглэнт” тоглолтоо UB паласын концертын их танхимд тоглох гэж байна. Надад үргэлж урмын үг хайрлаж байдаг үзэгч олон түмэндээ чанартай, сайхан уран бүтээлүүдийг өөрийн хоолойгоор сэтгэлдээ хүртэл дуулж өгөхийг хичээнэ байна. Тийм болохоор миний дууг сонсох дуртай үзэгч олныгоо яруу эгшиглэнт тоглолтынхоо хойморт урин залж байгаагаа  энэ ташрамд дуулгая.

-Ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид маань бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Монголын ардын урлагийг дэлхийд таниулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн ах эгч нар мөн оролцоно. “Хөсөгтөн” хамтлагтай ганц хоёр ардын дууг өвөрмөц ая дангаар дуулж үзүүлэхийг зорьсон. Нэг үеийн, мэргэжил нэгтэй, их урлагийн тайзнаа хамтдаа дуулж яваа Монголын олон сайхан уран бүтээлч ирнэ. 

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.118) 2022 оны 10 сарын 31

хурдны морь унаа биз харин даага сургасан гэнүү ёстой худалч гар уу хахаха

0  |  0
Cha(66.181.161.1) 2022 оны 10 сарын 31

Chaadag chaaltuur vee haha

0  |  0
Top