Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой ирэх оны төсвийн талаар ярилцлаа.
-Бондын өр төлнө, дефолт болж магадгүй гэх эргэлзээ, болгоомжлол дунд ирэх оны төсвийг батлах гэж байна. Тэгэхээр ирэх оны төсвийн гол онцлог нь юу вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн төслийг боловсруулан хуульд заасан хугацаанд төсвийн бүх шаардлагыг ханган УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын түвшинд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ төсөв өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ. Ямар ахиц дэвшил гарав. Зөв тал руугаа явж байна уу, буруу тийш яваад байна уу гэх мэтээр хүмүүс ихээхэн сонирхож асууж байна. Сэтгүүлчид ч энэ өнцгөөс нь ярилцлага, тодруулга авахаар хандаж байна. Ирэх оны төсөв хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн хуулийг бид 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд батлуулсан. Энэ хууль гурван зүйлд чиглэсэн. Эхнийх нь албан хаагчид руу чиглэсэн. Төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ. Ямар зүйлүүдийг зөвшөөрөх болон хориглох вэ гэдэгт хуулийн зүйл заалтууд чиглэж байгаа.
Дараагийнх нь байгууллагууд руу чиглэсэн. Тухайлбал, төрийн өмчийн оролцоотой бол бүх төрийн байгууллагад энэ хуульд хамаарна гэсэн агуулгыг баримталсан. Цаашилбал, Монголбанкийг ч оруулж ирсэн. Монголбанк төсвийн байгууллага биш, тусдаа хуультай байгууллага. Гэсэн ч бид оруулж ирсэн.
Гурав дахь зүйл нь эх үүсвэрийг оруулж, улсын төсвөөр ийм зүйл хийнэ гэж бид бүсээ чангалаад байдаг. Гэтэл орон нутгийн төсөв, эсвэл төрийн өмчийн компани дээрээ задгай яваад байдаг. Үүнийг нэг мөр цэгцлэх зорилгоор, өөрөөр хэлбэл, ямар нэг сул зүйл үлдээхгүй байхаар гурван чиглэлд барьж оруулж ирсэн. Энэ гурван зүйлийн хүрээнд ирэх жилийн төсвийг бүхэлд нь хийсэн анхны хууль гэж болно.
-Энэ хуулийн үр дүн нь юу байсан бэ?
-Хуулийн үр дүнд нийтдээ нэг их наяд төгрөгийн төсвийг хэмнэх боломж гарсан. Хамгийн том онцлог нь энэ. Нөгөө талаас ирэх жилийн төсөв дээр өмнө нь байгаагүй шинэ бодлого гаргаж ирсэн. Энэ нь юу вэ гэвэл, шинэ хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсөв дээр тавихгүй гэж үзсэн. Өмнөх жилүүдэд бид төсөв хэрхэн баталж байсан бэ гэвэл цалинг санхүүжүүлэхдээ бонд авч байгаа атал жил болгон шинэ хөрөнгө оруулалтыг тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх хөрөнгө оруулалтууд нь дуусаагүй байхад нэмээд тавиад байдаг зуршил тогтчихсон. Тэгэхээр дуусаагүй хөрөнгө оруулалтууд маш урт үргэлжилсэн жагсаалт бий болсон.
Тухайлбал, ирэх жилийн төсөв дээр мянга гаруй төсөвт ажил тавигдсан байгаа. Тэр дунд шинэ хөрөнгө оруулалт нэг ч байхгүй. Өмнөх жилүүдээс сунжирч ирсэн мянга гаруй төсөвт ажил шилжиж орж ирж байна гэсэн үг. Дуусгаж чадаагүй явуулаад байдаг, тэр байтугай олон жил болсон нь ч байна. Энэ бүхнийг цэгцэлье. Өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгаж цэг тавиад дараагийн хөрөнгө оруулалтаа ярьдаг. Эхний ажлын үр дүнг үзчихэд дараачийнхыг эхлүүлдэг ийм бодлого руу бид шилжиж байна. Энэ бол маш том шинэчлэл юм.
-Төсөвт ажлууд удааширвал зардал өсөх, үнэ нэмэгдэх гээд эрсдэл, алдагдал авчирна биз дээ?
-Төсвийн хөрөнгө оруулалттай аливаа ажлыг хугацаандаа дуусгахгүй бол жил ирэх тусам үнэ цэнэ нь буурна. Инфляцтай холбоотой төсөвт өртөг өснө. Барилгын компаниуд барилгаа хугацаанд нь бариад ашиглалтад оруулбал зардал бага гарна. Барьж чадахгүй нэг өвөл өнжих л юм бол хий цалин олгох болно. Ажил зогссон атал татвараа төлнө. Ер нь бол байгууллагын хувьд зардал их гардаг. Зардал их гарахаар дараа жил ашиглалтад орох магадлал нь буураад байдаг. Тиймээс олон жил дамжуулах хэрэггүй. Мөн үнэ цэнээ алддаг. Жишээ нь тухайн дүүрэг, баг, хороонд 2010 онд 300 хүүхдийн сургууль барих шаардлагатай гээд эхлүүлсэн байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт нь 12 жилийн өмнө байсан үндсэн үзүүлэлтээс бүгд өөрчлөгдсөн байдаг. Тухайн дүүрэг, баг, хороонд хүн амын суурьшлын бүс бий болчихсон, 300 биш 640 хүүхдийн сургууль хэрэгтэй болчихсон байдаг. Тэгэхээр төр хоёр удаа мөнгөө үр дүнгүй зарж байна гэсэн үг.
Монгол Улсын хөрөнгө оруулалт хийж байсан олон жилийн түүхийг авч үзвэл, нэг хэсэг “Мянганы зам” гээд аймгуудыг автозамаар холбох ажлийг хэрэгжүүлсэн. Тэр үед дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт их гарч байсан. Зарим жилүүдэд, тухайлбал одоогоос 3-4 жилийн өмнө нийгмийн болон боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гурван ээлжтэй сургуулиудын ачааллыг бууруулах, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах бодлого хэрэгжүүлсэн. Одоо Монгол Улсын хөрөнгө оруулалт хаашаа хандах ёстой вэ гэвэл бид хөгжлийн хөрөнгө оруулалтуудаа ярьдаг болмоор байна. Иргэдийн хэлдгээр “Тойргийн хөрөнгө оруулалт” гэхээс илүү хөгжлийн хөрөнгө оруулалт, хэд хэдэн аймаг, бүс нутгийг хамарсан, орлого олох суурь дэвсгэр болсон дэд бүтцэд нь анхаарсан ийм хөрөнгө оруулалтуудыг илүүтэй ярих хэрэгтэй. Ийм том хөрөнгө оруулалтуудаа эхлүүлэхийн тулд өмнөхийг нь дуусгаж байж, гарсан орон зайд нь дараагийнхыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Төсвийн алдагдал өмнөх жилүүдэд ямар байдалтай явж ирэв. Ирэх жилийн төсвийн төсөөллийг хэрхэн хийсэн бол?
-Төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон байдаг. Ковидын жилүүдэд төсвийн алдагдал их гарсан. Хүүхэд бүрд тэтгэмжийн 100 мянга, иргэн бүрд 300 мянга, вакцинд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг гэх мэт урамшууллууд олгосон. Эрүүл мэндийн салбарт түүхэнд байгаагүй их хөрөнгө оруулалт хийсэн. Үүнтэй холбоотойгоор төсвийн алдагдал 12.5 хувь буюу 4.4 их наяд гэх мэтээр хоёр жил дараалан асар өндөр дүнтэй гарсан. Ирэх жил хуулиараа ДНБ 3.6 хувь буюу хоёр их наядын алдагдалтай байж болохоор байна гэж тооцсон. Гэхдээ алдагдлыг аль болох бууруулах, өрийн дарамтыг бууруулах зорилгоор ирэх жилийн төсвийг хуульд зааснаас ч бага буюу 1.5 их наяд орчим алдагдалтай байхаар оруулж ирсэн. Энэ бол ирэх жилийн төсвийн бас нэг онцлог юм.
-Төсөв батлагдах юм бол Засгийн газрын зүгээс хүлээж байгаа гол хүлээлт юу вэ?
-Ирэх он гэхэд инфляцыг нэг оронтой тоонд оруулсан, шилжиж байгаа хөрөнгө оруулалтын 86 хувийг ашиглалтад оруулчихсан, төсвийн чиглэлээр эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хот хөдөөгийн тэнцвэрийг хадгалан, экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэсэн байх зорилт тавьсан. Макро түвшинд ийм байхыг хүлээж төсвийн төслийг өргөн барьсан.
-Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх төсөл гэж нэрлээд байгаа. Тэгвэл төсөв батлахдаа эдийн засгаа сайжруулах ямар бодлого баримталсан бэ?
-Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа зарласан. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд нэг удаа огцом өсөлттэй гарсан. Тэр нь 2012 онд 17.5 хувийн өсөлттэй байсан. Бусад жилүүдэд 10 гаруй хувийн өсөлттэй явж ирсэн. Сая ковидын үед хасах буюу өсөлтгүй жилүүд байлаа. Нэг үгээр хэлбэл, манай улсын эдийн засаг ийм савалгаатай байдаг. Нөгөө талаас, эдийн засаг маань уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Гэсэн ч бид амьдрах шаардлагатай. Өнөөдөр зэсийн баяжмалаа гадагшаа экспортолчихоод буцаагаад зэсээр хийсэн бүтээгдэхүүн худалдаж аваад сууж байна шүү дээ. Төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолчихоод буцаагаад арматур худалдаж авч байна. Газрын тосоо мөн түүхийгээр нь экспортлоод буцаагаад бэлэн бүтээгдэхүүн авдаг. Энэ нь эргээд ямар нөлөө үзүүлж байна гэхээр манай улсын хэрэглэж байгаа бүх зүйл импорттой хамааралтай болчихдог. Бидний идэж ууж байгаа зүйлүүдээс мах, сүү, цагаан идээ л дотоодын үйлдвэрлэл болж байна. Хүнсний ногоогоо хүртэл тодорхой хэмжээнд импортоор авдаг. Хувцас бол яриад ч хэрэггүй. Тэгэхээр бид гадны улс орнуудтай хэр хэмжээгээр хамааралтай байна вэ. Тэгвэл гадаадын улс орнууд ямар хэмжээний хямралтай байна вэ. Тэр бүхэн манай улсад шууд нөлөөлж байна. Иймд өмнө нь өөрсдийн хийж чаддаг байсан зүйлүүдийг сэргээж, дээр нь нэмээд аж үйлдвэрийн өөрчлөлтийг бий болгомоор байна. Эдгээрийг “Шинэ сэрэлтийн бодлого”-оор хэрэгжүүлнэ. Дээр нь цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгдөг болох ёстой гэсэн нийгмийн асуудлууд байгаад байдаг. Нөгөө талаас ажлын байр бий болгомоор байна, аж ахуйн нэгжүүдээ дэмжмээр байна гэдэг. Энэ бүхнийг хэзээ шийдэж, бэрхшээлийг давж гарах вэ гэвэл ДНБ-нээ нэмэгдүүлж байж л үүний ард гарна. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх төсөв болсон гэж ойлгож болно.
-Дефолт болно гэж нийгэм нэг хэсэг шуугилаа. Одоо ч зарим хүн хэлж байна. Төсвийн орлогыг хэрхэн төлөвлөсөн бэ?
-Энэ жилийн хувьд төсвийн орлого яг төлөвлөсөн хэмжээндээ бүрэлдээд явж байгаа. Орлогыг авч үзэх юм бол ковидын үеийг бодвол эдийн засаа сэргээж чадсан. Ирэх жилийн төсөв дээр орлогыг хэрхэн тооцоолсон бэ гэвэл бид 2019 онд гаргаж байсан нүүрсний экспортын хэмжээнд очно. Мөн 2019 онд олборлож байсан алтны хэмжээндээ очно. Ковидын өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн хэмжээнд хүрнэ. Ийм л зорилт тавьчихаад байгаа. Үүнээс биш хэт өөдрөгөөр төсөөлж, өндөр орлого тавьсан зүйл байхгүй. Ковидын өмнөх нөхцөл байдалдаа очих, өөрөөр хэлбэл хүрсэн түвшиндээ эдийн засгаа буцааж аваачих зорилго тавьсан. Тиймээс төсөв талаас ямар нэгэн дефолтын асуудал байхгүй. Үүнийг хаиуцлагатайгаар хэлье.
-Гэхдээ эрсдэл бол байгаа байх...?
-Мэдээж эрсдэл бий.
-Тэр нь юу вэ?
-Дефолт гэдэг маань төлбөрийн чадамжгүй болох. Тэгэхээр Засгийн газрын хувьд өрөө төлье гэсэн боловч тэр үед төлөгдөх ам.доллар нь манай валютын нөөцөд нөлөөлөхөөр байх юм бол эрсдэлтэй болно. Өөрөөр хэлбэл, бид төсвөөсөө өрөө төлье гээд тодорхой мөнгө гаргах нь Монгол Улсад байгаа нийт валютын нөөцөд нөлөөлнө гэсэн үг. Гэтэл валютын нөөц маань өр төлснөөр багасна. Ингэх юм бол түрүүнд манайхан хэрэглээндээ байнга ам.доллар зарцуулж байна гэж хэлсэнчлэн энэ бүхэн хомсдох, валютын ханш өсөх эсдэл үүсэх нөхцөл байдал бол байгаа. Өөрөөр хэлбэл, төсөв талд аюул байхгүй. Харин төлбөрийн тэнцэл талд Засгийн газрын хувьд анхаарч ажиллах шаардлагатай болчихоод байгаа гэсэн үг. Энэ агуулгаар сая Эрдэнэс Тавантолгой дээр онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөг томилон аль болох ам.доллар ихээр олж ирэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар ажиллаж эхэлж байна. Үүнийг энэ чиглэлээрх эхний арга хэмжээ гэж ойлгож болно. Цаашдаа авч болох олон арга хэмжээг хэрэгжүүлээд явах байх.
-Та түрүүнд орлогын талаар хэлсэн. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр унах магадлалтай гэж зарим хүн хэлдэг. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тарифын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу Сангийн яам ч, Монголбанк ч тооцно. Мөн манай экспертүүд тооцож байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулд заасны дагуу бид үнэ тарифыг тооцохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нэр хүндтэй байгууллагуудын үнэ тарифыг тооцсон тооцооллыг үндэслэж гаргадаг. Манай эдийн засагт хамгийн их нөлөөлдөг нь зэсийн үнэ. Зэсийн үнэ ирэх жилд 8400 ам.доллар гэж гарсан. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ ханш 7700 ам.доллар орчим байна. Гэхдээ зэсийн үнэ оны эхэнд 10 мянган ам.доллар гарчихсан байсан. Өнгөрсөн сард 6900 руу очсон. Одоо эргээд сэргэж эхэлж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр, БНХАУ-д дараагийн удирдагч хэн байх вэ. Дараачийн таван жилийн төлөвлөгөө нь ямар байх вэ гэдгээс ихээхэн хамаарч савлагаатай байсан. Мөн “0” ковид хөтөлбөр хэрхэн үргэлжлэх вэ гэдэг нь зэсийн үнэ ханшид нөлөөлсөн. Гэхдээ 8400 ам.доллар гэдэг тооцоолол нь олон улсын байгууллагуудын хийсэн прогнозыг өөрсдийн хийсэн прогнозтой харьцуулж гаргасан хувилбар юм. Жилийн нийт дундаж нь 8400 ам.доллар байх болов уу гэж тооцож байгаа.
-Уул уурхайгаас өөр валют олж чадах эдийн засгийн бусад урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Манайхан “эдийн засгийг солонгоруулах” гэж ярьдаг?
-Манай улсын эдийн засаг 50:50 хувьтай явж байгаа. Уул уурхайгаас олдог орлого 50 хувь, бусад эдийн засгийн идэвхжил 50 хувь. Гэхдээ уул уурхайн идэвхжил шууд бус дам нөлөөнүүд бий. Дотоодын эдийн засгаа өсгөх тал дээр багагүй ажлууд хийж байна. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дотоодын аж ахуйн нэгжүүдийг идэвхжүүллээ. Дээрээс нь дотоодын компаниудаа ковидын хүнд үед дампуурлаас сэргийлэхэд нэлээд ажилласан.
Жишээ нь, НДШ-ийн орлогыг бүрэн чөлөөлөх, хэсэгчлэн чөлөөлөх, ажлын байраа хадгалсан хүний тоогоор 200 мянган төгрөг олгох, аж ахуйн нэгжийн албан татварыг хойшлуулах, дансыг нь хаахгүй байх гэх мэтээр Засгийн газраас дэмжлэг үзүүлсэн. Цаашид дотоодын эдийн засгаа идэвхжүүлэхэд анхаарна. Төсвөөр дамжуулж бодлого хэрэгжүүлнэ. Уншигчид санаж байгаа бол “10 их наядын хөтөлбөр” амжилттай хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр ирэх жил үргэлжилнэ.
-Эцэст нь асуухад, сөрөг хүчин, зарим ТББ-ын зүгээс халамжийг хавтгайруулсан төсөв гэж шүүмжилж байгаад та ямар тайлбар хэлэх бол?
-Мэргэжлийн хүний хувьд халамжийг хавтгайруулсан гэж үзэхгүй байна. Халамжийн сангаас гарч байгаа мөнгийг хоёр хувааж үздэг. Нэгдүгээрт, нийгмийн туслалцаа, дэмжлэг зайлшгүй шаардлагатай буюу хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие, өнчин гэх мэт хүмүүст үзүүлж буй зайлшгүй шаардлагатай халамж. Энэ бол нийт халамжийн 10 орчим хувийг эзэлдэг. 90 хувь нь хүн амаа дэмжсэн бодлого байгаа. 0-3 настай хүүхдээ гэртээ харж байгаа эхчүүдийг дэмжиж “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ахмад настнуудад “Насны хишиг” олгож байна. Монгол Улсын 920 мянган өрхөд хүүхдээр нь дамжуулан дэмжлэг олгодог. Энэ бол хүүхдэд олгож буй мөнгө юм. Ер нь бол халамж дотроо яг аль асуудал нь болохыг мэдэж байж шүүмжлэл хэлэх ёстой байх. Аль ч улсын Засгийн газар хүн амаа дэмжсэн бодлогыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлээд явдаг. Хүүхдийн мөнгийг олгох ёстой, хүүхэдгүй улс орон гэж дэлхийд байхгүй шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )