Н.Энхбаярын эхлүүлсэн "ГИШҮҮНИЙ МӨНГӨ"-ийг үргэлжлүүлж, 76 тэрбумыг салхинд хийсгэх үү?! 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

-Н.Энхбаярын эхлүүлсэн "гишүүний мөнгө"-ийг У.Хүрэлсүх таван тэрбумаар үргэлжлүүлж байсан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг тэрбум төгрөг болгож, 76 тэрбумыг салхинд хийсгэх нь-


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2000-2004 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан байдаг. Тэр үед тухайн үеийн МАХН, одоогийн МАН парламентад 72 суудал авч, үнэмлэхүй олонх болж байлаа.

Гэвч тэд нам дотроо хагаралдаж, зарим нь Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаярынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж эхлэхэд мань эр гишүүн бүрийн тойрогт мөнгө хуваарилж, Ерөнхий сайдын суудлаа авч үлдсэн гэдэг.

Тэгвэл Н.Энхбаярын эхлүүлсэн "гишүүний" гэх тодотголтой мөнгийг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг тэрбум төгрөг болгож, ирэх 2023 оны улсын төсөвт 76 тэрбум тусгажээ.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчид өөрсдийн баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиа үл тоож, өөрсдөдөө нэг, нэг тэрбум төгрөгийг авахаар болж байна. 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2022.11.07/ дээрх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн гэх мэдээлэл бий. Тэрхүү нэг тэрбум төгрөгийг гишүүд өөрсдийнхөө сонгогдсон тойргийнхоо сургууль, цэцэрлэг, Соёлын төв, хүүхдийн тоглоомын талбай зэргийг барьж, засварлахад эсвэл авто зам, ахмадууддаа гарын бэлэг өгөх гээд хүссэнээрээ зарцуулах эрхтэй гэж өөрсдийгөө өмөөрч, өмгөөлж сууна.  

Эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж яваа өнөө цагт "гишүүний мөнгө" гэх нэрээр нэг, нэг тэрбум төгрөгийг тойрог тус бүрт нь хуваарилж, түүнийгээ ирэх оны төсөвт тусгасан нь эрх баригч нам, ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг "хараар будаж" байна. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол өнөөгийн Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гишүүдийн тойргийн мөнгийг таван тэрбум төгрөг болгож байлаа. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "гишүүний мөнгө"-ийг нэг тэрбум төгрөгөөр үргэлжлүүлж, энэ долоо хоногтоо багтаж Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг батлахаар тохиролцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс(103.10.21.240) 2022 оны 11 сарын 08

Улсад гай учруулж дуусдаггүй хэдэн хөгшин төгцөгнүүд хэзээ чадрах юм бол үргэлжлүүл гээд хүүхдээ шургуулчих юм

0  |  0
Top