С.Магнайсүрэн: Салбар яамд шат дамжлагагүйгээр мэргэжлийн хяналт хийх боломжтой болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Засгийн газраас МХЕГ-ыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, хяналт, шалгалтын үйл ажиллагааг салбарын яамдад хариуцуулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулан барилгын салбарын хяналт, шалгалтын талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.


-МХЕГ-ыг анх 2003 онд байгуулсан юм билээ. Харин сая тус газрыг татан буулгах шийдвэр яагаад гарах болов?

-Мэргэжлийн хяналт гэдэг бол өөрөө хууль тогтоомжид заасан төрийн бодлого газар дээрээ хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьдаг чухал хяналтын хэлбэр. Хуучин МХЕГ байгуулагдахаас өмнө яамд бодлогоо төлөвлөж хэрэгжүүлдэг, түүнийхээ хэрэгжилт хэр байгааг хянаад үр дүнг нь ямар байгаа үр дүнд үндэслэн бодлогодоо тусгадаг байсан. Ингээд бодлогоо тодотгох, өөрчлөх, шинэчлэх үйл явц болсны дараа өнөөхөө дахин хянадаг бүтэцтэй байлаа. Нэг үгээр бодлого-хэрэгжилт-хяналт гэсэн чиглэлээр явдаг. Мэдээж энэ гурвыг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг явуулах үүрэг багтана. Мөн яамд өөрийн гэсэн дэд бүтцийн хяналтын, байгаль орчны хяналтын гэсэн бүтэц, нэгжтэй байсан. Эдгээр нь мэргэжлийн хяналтын чиг үүргийг яг хөрсөн дээр нь очиж гүйцэтгэнэ.

-Тус газрыг татан буулгаснаар ямар сайн тал гарах вэ?

-Өнөөдрийг хүртэл МХЕГ-ын тогтолцоотойгоор нэгдсэн байдлаар хяналтыг гүйцэтгэж ирлээ. Энэ маань ч тухайн цаг үедээ чиг үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд одоо салбар яамдад нь мэргэжлийн хяналтыг өгөх нь зүйтэй гэсэн бодлого явж байна. Үүнийг манай яамны зүгээс дэмжиж саналаа өгсөн. Өмнө нь манай яамны эрхлэх асуудлуудын хүрээнд хамаатай зүйлд амьдрал дээр асуудал үүслээ гэхэд яаманд ирсэн гомдол саналыг МХЕГ-т шилжүүлдэг. Ингээд мэргэжлийн хяналтаас хяналтыг газар дээр нь хэрэгжүүлэх, аймаг орон нутагт нь чиглэл өгөөд эргээд МХЕГ-аараа дамжин үр дүн нь манайд ирэх хүртэл багагүй цаг хугацаа зарцуулагддаг. Шат дамжлага ихтэй, хяналтаас гарсан үр дүнг манай зүгээс зөв, буруу гэх боломжгүй зэрэг сөрөг үр дагавар гардаг байсан. Харин ингэж салбар яамдад ирсэн тохиолдолд нэгдүгээрт, шат дамжлагагүйгээр мэргэжлийн хяналтыг хийх, хоёрдугаарт, мэргэжлийн яам нь өөрийнхөө бодлогын хэрэгжилтийг газар нь дээр нь шалгаж тогтоож байгаа учраас илүү бодитой мэргэжлийн байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. тийм учраас төрийн захиргааны төв байгууллагуудад салбарын мэргэжлийн хяналтын эрх нь ирэхийг дэмжиж байгаа юм.

-Яамд өөрсдөө хяналт, шалгалтаа хийгээд ирэхээр яамны төсөв, үйл ажиллагааны зардал хэр нөлөө үзүүлэх вэ?

-МХЕГ өөрөө агентлагийн статустай байгууллага. Дороо аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гээд орон нутгийн агентлаг байна. Эдгээр бүтцийг чиглэл чиглэлээр нь салбар яамдад хуваарилахад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Тухайлбал, барилга, хот байгуулалтын салбарт барилгын техник, өргөх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч гэсэн дөрвөн чиглэлээр буюу 12-15 орон тоо, цалингийн сантайгаа шилжиж ирэх урьдчилсан тооцоо бий. Тийм болохоор ирэх оны улсын төсөв, манай яамны урсгал зардалд шууд нөлөөлөх сөрөг зүйл байхгүй. Бид мөн эдгээр байцаагч маань ажлын байрны нэн тэргүүний тоног төхөөрөмжтэйгөө ирэх байх, тиймээс шууд нэгтгэнэ. Яам дээрээ энэ чиглэлийн бүтэц байгуулаад явчихаар ямар нэгэн асуудал гарахгүй. Аймаг, орон нутагт ч гэсэн энэ чиглэлийн хүмүүсээ газар зохион байгуулалт, барилгын нэгждээ нэгтгээд явна.

-Барилгын салбарт одоо ямар хяналт, шалгалтын давхардал бий вэ. Үүнийг хэрхэн нэгтгэх вэ?

-Барилга байгууламж, шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн асуудал бол суурь, анхдагч нь байдаг. Үүнд мэргэжлийн хяналт нэлээд мэргэжлийн бөгөөд дүрэм стандартыг хангуулах үүднээс шуурхай, үр дүнтэй ажиллах ёстой. Өнөөдөр гарч байгаа төрөл бүрийн алдаа дутагдлыг анхнаас нь буюу ажлыг эхлэх түвшнээс нь цогц байдлаар хянах бололцоо бүрдэнэ. Өмнө нь МХЕГ хөндлөнгийн байдалтай байхад хяналтаа дандаа сүүлд нь хийдэг. Тийм учраас үр дүн нь шууд гардаггүй байсан. Үйл ажиллагааг нь зогсоох, цуцлах зэргээр сөрөг үр нөлөөтэй явж ирсэн.

-Улсын комисс хүлээж авсан, аваагүй гээд л асуудал гарах бүрд иргэд хохирч үлддэг. Яамдад хяналт шилжихээр Улсын комисстой холбоотойгоор салбар хоорондын уялдаа хэрэгтэй болно байх?

-Салбар хоорондын уялдаа зайлшгүй чухал. Гэхдээ энэ үед нүцгэн барилга хянадаг биш байдлаар явах хэрэгтэй. Тухайн барилгад оролцож байгаа бүхий л салбарыг оролцуулж, анхнаас нь шат дараатайгаар хяналтаа тавих хэрэгтэй байх л даа. Тийм ч учраас шилжиж ирэх орон тоо үүнийг бодолцож ирэх байх гэсэн хүлээлттэй байна. Мөн удахгүй Засгийн газрын дүрэм, журам тодорхой болох байх гэж бодож байгаа. Ер нь одоогийн мөрдөж байгаа дүрмээр бол 16 давхраас доош өндөртэй барилгуудыг аймаг, нийслэл, орон нутгийн Засаг дарга нар холбогдох мэргэжлийн хүмүүсийг багтаасан комиссоо байгуулж хүлээн авдаг. Харин өнөөдөр манайд байцаагч нар нь ирж байгаа тохиолдолд бид байцаагч нараа шууд томилж, үр дүнг нь шууд харж, алдаа оноог нь засах боломж бүрдэнэ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top