“Их-20”-ийн бүлгийн удирдагчид Индонезийн Бали аралд хоёр өдөр чуулсны үр дүнд Украины эсрэг Оросын түрэмгийллийг зэмлэн буруутгасан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан энэхүү мэдэгдэлд гишүүн орны олонх нь Украины дайныг зэмлэн буруутгасан ч түүнээс өөр байр суурьтай орнууд ч мөн байв. ОХУ-ын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. “Олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой” гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон бөгөөд цөмийн зэвсэг хэрэглэх аюул үүсгэж болохгүй хэмээн нэмж дурджээ. Үүнээс гадна Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сайшаасан байна.
Ерөнхийдөө гишүүн орнууд мөргөлдөөний улмаас эрүүл мэндийн чухал дэд бүтцэд хохирол учирч, эрүүл мэндийн ажилтнуудын амь нас эрсэдсэн нь хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Украин дахь дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцлоод, гишүүн орнуудын Төв банкууд мөнгөний бодлогыг чангатгах хурдацыг үргэлжлүүлэн тохируулна гэдгийг тэмдэглэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Балид болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд “Украин дахь дайныг хурцдахаас сэргийлэх нь туйлын чухал” байгааг анхааруулсан байна.
“Хорийн бүлэг”-ийн удирдагчид мөн нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах үйл явцыг түргэсгэх зэргээр дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна. Үүний тулд бүх улс орон үр бүтээлтэй, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг хамтарсан мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад цахим хэлбэрээр оролцохдоо ОХУ-ын түрэмгийллийг зогсоохыг “Их-20”-ийн удирдагчдад уриалав. Ингэхдээ тэр “Их-20” биш “Их-19” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Зеленский удахгүй дуусах үр тарианы экспортын хэлэлцээрийн хугацааг сунгахыг хүссэн байна. НҮБ-аас мэдээлснээр долоодугаар сард хэлэлцээр эхэлснээс хойш 10 сая тонн үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүн экспортложээ. “Дайн хэзээ дуусахаас үл хамааран гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгах ёстой. Хүнсний эрх бол дэлхийн хүн бүрийн үндсэн эрх юм” гэж Зеленский хэлэв.
Хүнс тээвэрлэлтийг зөвшөөрснийхөө хариуд ОХУ өөрийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд саадгүй гаргахын тулд барууны хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж байна. Мөн цөмийн зэвсэг хэрэглэх, заналхийлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Зеленский онцолжээ. “Орос одоо сүйрлийн дайнаа зогсоох ёстой. Зогсоох боломжтой цаг нь болсонд би итгэлтэй байна” гэв.
Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак “Их-20”-ийн уулзалтад анх удаа оролцож буй. Тэр Оросын зэрлэг түрэмгийллийг буруутгаж, Украинаас гарахыг уриаллаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путинийг дээд хэмжээний уулзалтад ирээгүй гэж шүүмжилсэн байна. “Магадгүй Путин ирсэн бол бид асуудлыг цэгцэлж болох байсан” гэж Сунак хэлжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )