Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийн сурагч Б.Буянбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс дөрвөн настай хүүхдийн амь насыг аварчээ.
Тодруулбал, хоёр хүүхэд айлын тооноор гал гарч байгааг харсан даруйдаа гүйж очтол, цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарч байсан байна. Тэд дүрэлзэн асаж байсан гэрийн цоожийг нь эвдлэн орж, хүүхдийг авч гарахтай зэрэгцэн гэр нурж унасан байна. Хүний амь нас гэдэг бол юугаар ч хэмжээлшгүй, юугаар ч орлуулашгүй зүйл билээ. Тэгвэл эрдэнэт хүний амь насыг аварч, нэг гэр бүлийг элэг бүтэн амьдрахад нь тусалсан хоёр хүүгээс тодруулга авлаа.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Энхбаяр:
-Би найзындаа усыг нь зөөлцөж өгч байсан юм. Тэгтэл манай найзын зүүн урд хашааны айлд газ дэлбэрч байгаа мэт сонсогдсон. Тэгэхээр нь бид хоёр сонирхоод очтол гэрийн тооноор утаа гарч байсан. Харин тэр цоожтой гэр дотроос хүүхэд уйлах чимээ гарсан юм. Бид яаж онгойлгох талаар ярилцаад эхлээд модоор цохиод, өшиглөөд онгойхгүй байсан. Тэгтэл манай найз хашааны булангаас том чулуу авчирч цохиод хаалга онгойлгож чадсан. Хаалгаар хартал хүүхэд ухаангүй болчихсон зуухныхаа хажууханд хэвтэж байсан юм. Тэр хүүхдийн эмээ нь сургуулийнхаа хүүхдийг авах гэж явахдаа дөрвөн настай хүүхдийг цоожилсон гэж байсан. Бид хоёрыг шатаж буй гэрээс хүүхдийг эсэн мэнд аварсан гээд арваннэгдүгээр сарын 9-нд Хөвсгөл аймгийн дээд шагнал “Хөвсгөлийн од” медалиар шагнасан. Найзууд маань баяр хүргэж, маш гоёор хүлээж авсан.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8в ангийн сурагч Б.Буянбаяр:
-Бид хоёр усаа зөөгөөд явж байтал хөрш айлын гэрийн тооноос утаа манараад, гал гарч байсан. Харсан даруйдаа гүйгээд очтол хүүхэд чарлаж байснаа гэнэт чимээгүй болчихсон. Бид хоёр хамаг хурдаараа хаалгыг онгойлгож болох юу байна бүгдийг хийсэн. Ингээд хаалгаа онгойлгоод хүүхдээ аваад гарсны дараахан л гэр нураад уначихсан.
Хүүхдийг авах гээд орж байх үед шатаж байсан унь дээрээс унаж ирээд байсан. Гэхдээ бид хоёр хүүхдийг л аварч байвал гээд айгаагүй.
Хажуу талын айлын ах, эгчийг дуудах гэсэн гэрт нь хүн байхгүй байсан. Хүүхдийг нь тэврээд байж байтал төд удалгүй эмээ нь хүрч ирээд, эмнэлэг рүү аваад явсан. Тэр гэр шатаад дууссан. Гэтэл хажуу талын байшингаас бас гал гарч эхлэх үед Онцгой байдлын алба хаагч нар ирж галыг унтраасан. Бид хоёрын галаас аварсан хүүхэд гуравдугаар зэргийн түлэгдэлттэй, биеийн байдал нь сайн гадуур эмчлүүлж байгаа гэсэн. Тэр хүүхдийн ар гэрээс бид хоёрт талархлаа илэрхийлж тус бүр 100 мянган төгрөг өгсөн. Бид хоёр тэр мөнгөө хадгаламждаа хийлгэсэн.
Сургууль дээр явахад хүүхдүүд баяр хүргэж “баатар” гэж дууддаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Yamar mundag huuhduud ve, bayar hurgey. Ene 2 huuhded dahij tuslaasai. Huuhed amid bn gdg aguu
Мундаг Мундаг Мундаг