Б.Сарантуяа: Уран зураг сэргээн засварлах төсөв өгсөнгүй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

"Өглөөний сонин" Монголын соёлын өв, “Эрдэнэсийн сан” болон  Улсын алтан хөмрөгийн бүрэн бүтэн байдал алдагдсан талаар, түүнчлэн дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүд мөхлийн ирмэгт байгаа тухай удаа дараа сэдэв хөндөж, асуудал дэвшүүлж ирсэн билээ. Энэ сэдвээр Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяатай ярилцлаа. 


-Дүрслэх урлагийн бүтээлүүд устах эрсдэлд байгааг танай байгууллагаас саяхан хийсэн хэвлэлийн хурлаас олон нийт мэдэж авсан. Төр, засгаас болон холбогдох газрууд анхаарал хандуулж байна уу?

-Монголын уран зургийн галерей Соёлын төв өргөөнд түрээс төлөөд  31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдал үнэхээр  хүнд болсон. Соёлын үнэт өв устаж үгүй болох эрсдэл нүүрлэж, аюулын харанга дэлдэж байна. Зориулалтын бус түрээсийн байранд учир цаашид хадгалалт, хамгаалалтын асуудлыг ярих ёстой. Устаж үгүй болсон бүтээлүүдийг сэргээн засварлах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч төрөөс анхаарахгүй бол гадаадын байгууллагууд тэр бүр гар сунгаад байх боломж хомс. Мөн ажилчдын цалин бага, нийгмийн баталгаа байхгүйгээс боловсон хүчний хомсдолд орсон зэрэг асуудлыг олон нийтэд хүргэхийг зорьсон. Соёлын үнэлж баршгүй өвийг хадгалж байгаагийн хувьд “Уран зургийн галерей” маш том эрсдэл үүрч байгаа. Үндэсний аюулгүй байдал, соёлын аюулгүй байдал алдагдахад хүрч байгааг гаргаж хэлэхгүй бол эс үйлдлээрээ гэм хэрэг болж, бид хариуцлага хүлээх болно шүү дээ. Иймд олон нийтэд хандан мэдээлэл хүргэсэн.

Энэ байдлаа үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд, салбарын сайд нарт дуулгаж ирсэн ч анхааралдаа авч шийдсэн зүйл байхгүй явж ирсэн. Иймд  энэ мэдээллийг  олон нийтийн болоод төр, засгийн анхааралд оруулахыг хүссэн. Хэвлэл, мэдээллийнхэн маань нөхцөл байдлыг ойлгож, бидний дуу хоолойг нийгэмд хүргэлээ. Гэхдээ нэг хэсэг нь БНМАУ-ын Ардын зураач, Төрийн хошой шагналт О.Цэвэгжав агсны бүтээл “Азарганы ноцолдоон” зураг хуулбар болох тухай, зарим нь Их тэнгэрийн амнаас алга болсон 21 зураг гээд шуугиулчихлаа. Соёлын яамны зүгээс байдлыг маш сайн ойлгож байгаа. Уран зураг сэргээн засах чиглэлээр ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засварлах лабораторитой болгож өгсөн. Гэтэл улс маань 2023 оны төсөвт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зардалд нэг ч төгрөг гаргаж өгсөнгүй. Өөр улс орон манай өв соёлд халуун гараа сунгаж байхад Монгол Улс өөрийн үнэт зүйлээ  хайхрахгүй байгаа нь  гомдолтой, бас харамсалтай.

-“Хэвлэлийн бага хурал хийснээс хойш гол төлөв “Азарганы ноцолдоон” зургийг хуулбар байна гэдэг мэдээллийг зарим хэвлэл, мэдээллийнхэн түлхүү цацаж байна” гэлээ. Хуулбар мөн, эсэхийг шалгуулсан уу?

-Нэгэнт тийм мэдээлэл гарч, олон нийт бухимдаж, зарим нь эргэлзэж эхэлсэн учир мэдээллийг нягталж шалгуулах ёстой. Иймд бид өөрсдийн түвшинд байгаа материалуудаа гаргаж ирж байна. Дүрслэх урлагийн бүтээлүүд 1991 онд Уран зургийн галерей рүү шилжихэд бүгд карттай ирсэн. Тэр картуудыг гаргаж ирж, мэргэжлийн байгууллагуудад хандсан. Мөн Соёлын өвийн үндэсний төвд хандсан. Дүрслэх урлагийн бүтээлд сэргээн засварлалт хийсэн тухай тайланг авчруулсан. Бидэнд ирсэн материалаас үзэхэд энэ бүтээлд ямар нэгэн өөрчлөлт гарсан зүйл байхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Төрийн шагналт зураач Н.Орхон гуай хэлэхдээ “Холст нь дундуураа зүйдэлтэй байсан” гэж хэлсэн шүү дээ. Энэ нь тогтоогдсон уу?

-Аль ч бичиг баримтан дээр нь зүйдэлтэй холстын тухайд тэмдэглэгээ байхгүй байна.

-Тухайн үед том хэмжээний холст олдоггүй байсан. Иймээс зүйдэл залгаж байж “Азарганы ноцолдоон”-ыг зурсан. Гэтэл бүтэн холст дээр зурсан байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж Н.Орхон зураач хэлсэн шүү дээ?

-“Бүтэн холст учраас энэ бүтээл хуулбар юм” гэж Н.Орхон зураач яриад байгаа. Хэвлэлүүд ч тэрийг нь фокуслаад байна. Архивын бичиг баримтаас үзэхэд “Холст залгаатай” гэсэн мэдээллийг огт дурдаагүй байна. Хэрэв залгаатай бол ар талаасаа төдөн см холст залгасан” гэсэн тэмдэглэгээг заавал хийсэн байдаг. Гэтэл тийм зүйл байхгүй байна. Тэгэхээр зураач маань жаахан андуурсан юм болов уу.

-Түүнээс гадна “Зургийн өнгө бүүдгэр, бүрсгэр байна. Эх зураг ийм байх учиргүй” гэж  байсан...?

-Өнгөний тухайд хэлэхэд, уг бүтээл 1986 онд сэргээн засварлалтад орсон юм байна лээ. Тайлан нь энэ байна /архивын материалыг харуулав/.

-Сэргээн засварлана гэхээр ямар засвар хийсэн гэсэн үг вэ?

-Тухайн бүтээл дээр цэвэрлэгээ хийж, цоорсон бол нөхөж, бүдгэрсэн бол хир, тортогийг цэвэрлэдэг. Сэргээн засварлагч бол хэзээ ч өөрөө дур мэдэж тухайн бүтээл дээр ямар нэгэн ажиллагаа хийхгүй гэсэн журам дүрэмтэй байдаг.

-Ер нь холст залгасан том хэмжээний ямар бүтээлүүд танайд хадгалагдаж байна вэ?

-Нэрт зураач О.Гаваа гуайн “Алтайн уулс” гэж том хэмжээний зураг байдаг. Энэ бүтээлд холст залгасан нь наад талынхаа үндсэн зурган дээр бүдэгхэн л болохоос сайн анзаарах юм бол ховилтоод харагдаж байдаг. Манайх ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар Уран зураг сэргээн засварлах лабораторитой болсон. Бид сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийх үеэрээ бүгдийг нь оруулж үзүүлсэн. Өнгөрсөн даваа гарагийн нислэгээр сургалт явуулж байгаа герман багш маань ирсэн. Энэ үеэр манай хамт олон хуралдаж, герман багшид хүсэлт тавьсан. Учир нь энэ хүн бол дэлхийн түвшинд үнэлэгдэх маш том эксперт, сэргээн засварлагч байгаа юм. Бид “Туслаач ээ” гэж тусламж хүсэж байгаа болохоос албан ёсоор эксперт хийнэ гэвэл манай улс хэдэн мянган ам.доллар төлөх болно. Хамтын ажиллагааны хүрээнд, өөрөө их сайхан сэтгэлтэй хүн, дээр нь уран бүтээлчийнх нь хувьд бид “Азарганы ноцолдоон” гэдэг  хосгүй үнэт бүтээл дээр маань ийм яриа гарч, мэдээлэл цацагдаж, ард түмний дунд эргэлзээ гарчихлаа. Иймд та мэргэжлийн хүний үүднээс хараад, бидэнд хэлж зөвлөж өгнө үү гэж хүссэн. “Нухацтай хандах хэрэгтэй. Энэ долоо хоногт хариу хэлэх боломжгүй. Ажлынхаа зав зайгаар бүтээл дээр шинжилгээ хийж өгье”  гэсэн тул бид хүлээгээд байж  байна.

-“Азарганы ноцолдоон” зургийн эх хувилбар нь мөн эсэхийг  шинжлүүллээ гэхэд ямар үзүүлэлтийг шол болгодог юм бол?

-О.Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон” зургийг зураачийн бусад бүтээлтэй нь харьцуулж үзнэ. Арга техникийг нь харьцуулж харна гэж байна лээ.

-“Ажлын дараа”  гэдэг зураг ч гэсэн нэг л биш харагдаад байна гэдгийг Н.Орхон зураач мөн  хэлж байсан?

-Тухайн үедээ тэгж хэлсэн. Сүүлд нь ахмад зураачид “Туйлширч болохгүй, энэ бол эх нь мөн” гэцгээсэн. Бид энэ зургийн архивын материалыг авч үзсэн. “Ажлын дараа” бүтээлийн дор багшийн бичилт байна гэж шавь нар нь ч хэлж байна лээ. Нэг үеэ бодвол соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, архивын бичилт сайжирсан шүү дээ.

Өнөөдөр гэхэд бүртгэлийг яаж сайжруулах вэ гэдэгт программ ашиглах сургалт явж байна. Бас ч гэж яамтай болсноор ажил нааштай явагдаж  байна.

-Алга болсон 21 зургийн тухайд жирэмсний амралтаа авсан танай ажилтныг дуудаж гарын үсэг зуруулаад хэргийг хаах албан бичгийг прокуророос ирүүлсэн гэсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад дахин хандсан уу?

 -Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт өгсөн. Эхний ээлжинд “Азарганы ноцолдоон” бүтээлийн эх хувь мөн эсэхийг мэргэжлийн экспертүүд томилж шалгуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байгаа.

-Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс сүүлд улсын тооллогоор 21 нь дутсан гэдэг. Тэр бүтээлүүдийн нэг нь Х.Болдбаатар гэж хүний хувийн цуглуулгаас гарч ирж гэж ойлгосон. Гэтэл 5-6 бүтээл хураасан, 10-аад зураг байсан гэхчлэн янз бүрийн мэдээлэл гараад байх юм. Аль нь зөв бэ?

-Таны ойлгож байгаа зөв. Х.Болдбаатарын хувийн цуглуулгаас “Бугуйлч” гэж зураг гарч ирсэн нь үнэн. Үүн дээр би бас нэг залруулгыг нэмж хэлье. “Монгол Арт” галерейгаас... гэж би хэвлэлийн хурал дээр хэлсэн л дээ. Би Х.Болдбаатар гэж хүнийг тэр галерейн захирал юм байна гэж ойлгож байсан. Гэтэл тэр галерейтай ямар ч хамааралгүй юм байна лээ. “Монгол Арт” галерейгаас надад гомдол ирсэн. “Манайтай холбоогүй, ямар ч хамаагүй зүйлийг олон нийтийн мэдээллээр цацсан байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Тэр зураг Х.Болдбаатарын эзэмшлийн “Нью фолдер Арт” компанийн уран зураг хадгалах зориулалт бүхий өрөөнөөс  олдсон юм билээ.

-“Бугуйлч” гэдэг зурагтай хамт, түүнтэй ойролцоо, төстэй 8-9 зураг хурааж авсан гээд байгаа. Тэр зургуудыг эзэнд нь, тухайлбал Х.Болдбаатарт буцааж өгсөн үү?

-Өгөөгүй, одоогоор манай сан хөмрөгт түр хадгалагдаж байгаа. Прокурорын тогтоол бол ирсэн. Мөрдөн байцаагч болон холбогдох албаныхныг байлцуулж эзэнд нь  хүлээлгэж  өгөх байх. Манайд ч гэсэн гадны зургийг сан хөмрөгт хадгалаад байх хэцүү. Энд байж байтал ус алдах юм уу эрсдэл гарвал яах вэ.

Манай галерейн байранд байсхийгээд ус алддаг, өнөөдөр өглөө гэхэд л ажилдаа ирэхэд ус алдчихсан сөн хөмрөгийн ажилтнууд маань зургуудаа ийш тийш зөөгөөд байж байна. Дахиад хэлэхэд, дүрслэх урлагийн хосгүй бүтээлүүд зориулалтын бус байранд байгаад, ус алдаж аюулын харанга дэлдэж байгаа тул байр савны асуудлыг хурдан шийдэж өгөөч гэдгийг танай сониноор дамжуулан төр, засагт хэлье. Хэвлэл, мэдээллийнхэн та бүхэн ч  энэ байдлыг цааш сайн уламжилж өгөөрэй. Энэ байдлыг харсаар байж дуугүй байж байгаад ээлж халагаа өгөөд явна гэдэг байж боломгүй. Хувь хүний тухайд ч сэтгэл төвдөхгүй байна.

-Соёлын яам анхаар, Германы тусламжаар уран зураг сэргээн засварлах лаборитар оруулж ирж байхад Сангийн яам яагаад төсвийг нь шийдсэнгүй вэ?

-Арай ч ийм шийдвэр гаргачихна гэж бодоогүй. Гадны улс орон буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засварлах лаборитар байгуулж өгч байхад Сангийн яам үйл ажиллагааны зардал, сан хөмрөгчдийн цалинг 2023 оны төсөвт суулгаж өгөөгүйг үнэхээр гайхаж байна. Нэг айлаар бодоход гэр бүлийн гишүүдээс өөр хүн туслаад дэмжээд байхад өөрсдөө хичээхгүй бол юу болох билээ. Иймэрхүү л юм болоод байна. Үүнд бухимдахдаа би галерейн байр, хүн хүч, цалингийн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн юм. Гэтэл байдал өөр тийшээ эргэж, олон асуудал дор дороосоо урган гарч ирж байна. Ийм болохоор энэ асуудлыг ахин дахин яримаар байна. Бид маш том эрсдэл дунд ажил явуулж байна. Нэг зургийн асуудлаар шуураад өнгөрөх бус ард нь байгаа 4000 бүтээлийн хувь заяаны асуудлыг ярих ёстой. Ямар ч байсан би хэлж ярих ёстой зүйлүүдээ хэлж, мэдээлэл хийсэн. Соёлын яамны зүгээс ч хэлэх, ярих зүйлээ хэлж ярьж, хийх зүйлээ хийж хэрэгжүүлж байна.

-Эрэн сурвалжлагдаж байгаа соёлын үнэт зүйл, тэр дотор дүрслэх урлагийн бүтээлүүдийн жагсаалт гэж байдаг. Саяхан бид нэрт зураач Ц.Жамсран агсны “Шинэ цас” гэж бүтээл эрэн сурвалжлагдаж байдгийг хүүхдүүдээс нь тодруулсан. Ер нь нийтдээ хэчнээн бүтээл эрэн сурвалжлагдаж байдаг юм бол?

-Ц.Жамсран агсны хүү Ж.Ганбат гуай бол өөрөө театрын зураач хүн. Аавынхаа бүтээлүүдийн бүртгэл, бүрэн бүтэн байдалд маш их анхаарч хөөцөлдөж явдаг. Бүтээлийнх нь талаар маш сайхан ном  хэвлүүлсэн. Ер нь бол олон түмний болоод холбогдох байгууллагуудын ой санамжид орсон, эрэн сурвалжлагдаж байгаа бүтээлүүд гэвэл надаас өмнөх үе үеийн захирлуудын ажил үүрэг гүйцэтгэж байхаас эхлээд жагсаалтад орсон байдаг. Хил, гааль руу мэдэгдсэн, код дугаар нь өгөгдсөн байдаг. Тэр бүхэн Эрүүгийн цагдаагийн газарт бүртгэлтэй байгаа байх. Тэгэхээр та тэндээс тодруулах нь зүйтэй байх.

-Монголын уран зургийн галерей 2008 оны долоодугаар сарын 1-нд, 2009 оны тавдугаар сарын 19-нд гал гарч шатахад нийтдээ хэчнээн бүтээл  шатаж устсан талаар бүртгэл байна уу?

-2009 онд нийтдээ 900-гаад бүтээл шатсан. 2008 оны долоодугаар сарын 1-нд хоёр зураг шатаж гэмтсэн, долоон бүтээл зарим нь алга болж, эвдэрсэн гэсэн бүртгэл байдаг юм байна лээ. Хамгийн аймшигтай нь 2009 онд олон бүтээл шатаж устсан. Энэ бол үнэхэр харамсалтай. Галын гэмтлийг цахилгааны монтажаас болсон гэж дүгнэсэн байдаг.

-Монголын дүрслэх урлагийн 1960-аад оны соц-реализмын бүтээлүүд өнөөдөр Катар улсын үндэсний музейд  тавигдаж, олон улсын зочид гийчдийн нүдийг хучирлаад байж байна. Манай улс Дүрслэх урлагийн гайхамшигт бүтээлүүдээрээ Эрмитаж байгуулах хэмжээнд хүрсэн атал эсрэгээрээ байр савгүй, төсөв тавихгүй, ус алддаг хуучин байранд түрээс төлөөд байлгаж байгаа нь харамсалтай юм даа?

-Хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулагдаж байгаа Катарын үндэсний музейд тавигдсан монгол зураачдын соц-релизмын үеийн бүтээлүүдийг дэлхий хүлээн зөвшөөрч, гайхан биширч байгаа нь үнэхээр бахархалтай. Катарын тал өөрсдөө үзэж хараад сонголтоо хийж дөрвөн зургийг тус үзэсгэлэнд тавьсан. Төв Азийн цээжинд оршин амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын соёл дэлхийд гайхагдаж байна шүү дээ. Уртын дууг дэлхий хэрхэн хүлээж авч гайхан биширдэг билээ.

Түүн шиг монгол зураачийн бүтээл дэлхийг бишрүүлж байна. Өнөөдөр Монголын уран зургийн галерейгаар нэг ороод гарсан хүн уран зурагт хайртай, дуртай болоод бишрээд гардаг юм шүү дээ. Соёлын яамтай болсноор Уран зургийн галерейн асуудалд анхаарч байгаа. Бид ч дээш дээш нь уламжилж хэлсээр ирсэн. Бид өнөөдөр нөөцөд байгаа 4000 гаруй бүтээлийнхээ дөнгөж наймхан хувийг л дэглэж үзүүлж байна. Энэ тоог боддоо, хэдэн жилд нэг удаа эргэлдэх вэ. Нөхцөл байдлыг маш сайн ойлгож, салбарын сайд асуудал дэвшүүлээд яваад байгаа юм байна лээ. Улс нэг халааснаасаа авч нөгөө халаасандаа хийгээд 31 жил түрээс төлж амьдарна гэдэг юу гэсэн үг вэ. Яаж ч бодсон ийм байж болохгүй л дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт (66.181.191.53) 2022 оны 12 сарын 06

Лаа , чүдэнзээ бэлдээ хө. Элэнцгийн чинь Саврасов Репин

0  |  0
Зочин(202.126.90.124) 2022 оны 12 сарын 05

Пээ яасан уярсан талимаасан хүүхэн бэ

0  |  0
rsf(103.26.193.117) 2022 оны 12 сарын 05

uuriigm sergeen zasvarchihmaar hyyhen be yasan

0  |  0
Top