Нийгэм бухимдалтай байна. Дээдсийн идсэн усан дээрэм хэрээс хэтэрч, доодсын зовлон тогооноосоо хальж шударга ёсыг хүссэн залуус талбай дээр цугларч хөхөө өвлийн хүйтнээр хэдэн өдөр дараалан үгээ хэллээ.
“Нүүрсчид”, Хөгжлийн банкнаас эхлээд эрх мэдэлтнүүдийн идсэн уусныг дурдваас “Хүрээний булайг тоочвол далай, далай” гэгчээс хавьгүй илүү, улс орон, ард иргэдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж нийгэм тэсэрлээ. Энгийн иргэд үнийн өсөлтөд нэрвэгдэж, ажил хийлээ ч амь зуухад хүнд боллоо.
Аанай жирийн иргэд рүү буруугаа бухдаг зангаараа “нүүрсчид”, “ЖДҮ-ийн зээл идэгчид”-ийн үлдэгдлүүд, тендэр цохигчид, их, бага гарын луйвар хийж амташсан этгээдүүд сүүлдээ залуусын жагсаалыг бантанд хутгахыг санаархан эргүүлээд өөрсдийг нь хэрэгтэн болгох үйлдэл сэдэж, сүрлэн гацуур шатаан сэдэл өгч болчимгүй, хөөрсөн, дарвисан, юу хийж буйгаа ч сэхээрэх тэнхэлгүй зарим нэгнийг Төрийн ордон руу дайруулж шуугианыг дарах гэж, жагсагчдын зорилгыг үнэгүйдүүлж хазайлган буруутгахыг оролдсон. Ингэлээ гээд жирийн сонгогч иргэд амаа үдүүлэхгүй, дээдсийн хэрэг ч замхарч одохгүй.
“Сэгэнд хоргодсон чоно газар дээрээ буудуулдаг шиг ширээндээ хоргодсон дарга нар суудал дээрээ гавлуулдаг нийгмийг үзчих юмсан”, “Тэвчиж суугаа зовлонгоос тэсэрч олсон эрх чөлөө чухал” хэмээн сошиалаар хөвөрч буй үгс энэ цаг дор жирийн иргэдийн дийлэнхийн цээжин дотор асаж байгаа.
Гагцхүү өнөөдөр шударга ёсыг хүсэж, дампуурсан тогтолцоог цэвэрлэхийн төлөө, авлигачид хийгээд ёроолгүй идэж уух донд хөтлөгдөн эх орноо харийнханд тавьж туухаас сийхгүй болсон арга зальтнуудаас ангижирч, улс оронд учруулсан хохирлыг нь барагдуулах гэж жагсаж яваа, тэднийг дэмжиж араас нь гарч ирэхэд бэлэн байгаа иргэд, залуусыг зохион байгуулж, үгийг нь дээдэст хүргэж, нийгмийг түүчээлэх сөрөх хүчин дутагдаж байна. Ерөөсөө Монголд сөрөг хүчний орон зай хоосорсоор цөөнгүй жилийг үдлээ.
Сөрөг хүчин гэх хоосон нэрээс цаашгүй, хоорондын зөрчилдөө автаад сөхөрсөн АН-аас одоо юу ч хүлээгээд нэмэргүй. Тэд парламентад бүлгийн хэмжээний суудалтай боловч шударга ёсны төлөө тэмцэгч залууст нэмэр болохоос нэгэнт өнгөрсөн. АН-ыг удирдаж залж явсан эрхмүүдийн олон жилийн дотоод зөрчил, залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөлгүй доош дардаг аль 1990 оны партизан дарга нар, орон зайг нь эзлэе гэвч архаг ахмадуудынхаа аргыг олдоггүй, туушгүй туйлбар муутай залуус хоорондоо толхилцсоор Монголын улс төрийг сөрөг хүчингүй болгосон.
Улсын дээд шүүхэд бүртгэл төдийтэй, сонгууль дөхөхөөр хаврын хорхой шиг дутуу амилдаг сүржин дарга нартай, тамга, нэр, тугнаас өөр юмгүй 30 шахам намаас горьдох зүйл байхгүй. Тэд өөрсдөд хэрэг болбол хэвлэлийн хурал хийж сүржигнэхээс биш нийгмийн төлөө, жирийн сонгогчдын төлөө хуруу хөдөлгөж хошуу нэмэх сөрөг хүчин биш.
Харин залуус хэдэн өдөр жагсаж тэмцсэний үр дүн эхнээсээ гарч тэднээс 100 хүн төлөөлж нүүрсний хэргийг шалгахад Засгийн газартай хамтран ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын өмнө гарч ирэв. АТГ, Шүүх, Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд мэдээлэл өгөхөөр боллоо. Ингээд үйл явдал цааш өрнөнө. Залуусын тэмцэл эхнээсээ ялалтад хүрч буй нь энэ.
Одоо сөхөрсөн АН-ыг, парламентад суудалтай ч зориг зүрх муутай нь нэгэнт харагдсан ХҮН-ыг харах хэрэггүй, сөрөг хүчнээ өөрсдөө байгуулж хоосон орон зайг дүүргэцгээ, залуус аа. Нийлж нэгдээд сөрөг хүчин болоод сүүдрийн Засгийн газар, сүүдрийн парламент байгуулчих. Удах тусам нийгэм балчигт улам шигдэх нь тодорхой. Тиймээс эрх мэдэлтнүүдийн алхам тутмыг хянаж, идсэн уусны төлөөсийг нэхэж, эцсийн эцэст улс орныхоо, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах цаг ирлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )