Ч.Дэлгэрцэцэг: Ирэх оноос хавдартай хүүхдүүдийг Монголдоо бүрэн эмчилнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

“Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөний үеэр ЭХЭМҮТ, ЭМЯ-ны төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл солилцсон юм. Тухайлбал, манай улсын хэмжээнд жилд 100-120 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Мөн өнгөрсөн онд 0-19 насны 55 хүүхэд хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ.  Үүнээс гадна өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 14.141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад шилжсэн аж. Үүний дотор 0-19 насны 456 хүүхэд хяналтад байгаагийн 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь эмэгтэй байгааг албаныхан онцолсон юм. Ингээд хүүхдийн хавдрын өвчлөл, эмчилгээ тусламжийн талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ч.Дэлгэрцэцэгээс тодрууллаа.


-Сүүлийн жилүүдэд хүүхдийн дунд илрэх хавдрын тохиолдол ихсэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хүүхдийн хавдрын асуудалд сүүлийн хэдэн жил олон нийт нэлээд анхаарал хандуулдаг болсон байна. Өмнө ч, одоо ч хүүхдийн хавдрын өвчлөл байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд оношлогдох нь ихсэх хандлагатай болсон. Энэ нь нэгд, оношилгооны чадамж сайжирч өвчлөлийг илрүүлэх боломжтой болсон. Гэвч халдварт өвчин шиг гэнэт огцом өссөн зүйл үгүй. Налуу шугамаар ихсэх хандлага ажиглагдаж байгаа. Энэ хандлага бол зөвхөн манай улс гэлтгүй дэлхий нийтэд ихсэж байна.

Манай улсад шинээр бүртгэгдэх хүүхдийн хавдар жилдээ 100-125 орчим оношлогдож байгаа. Үүн дотор 16 бүлгийн 100 гаруй хавдар бүртгэгдэж байна. Хамгийн элбэг тохиолддог цусны хавдар нийт өвчлөлийн 37 хувийг эзэлдэг. Үүний дараа тархи мэдрэлийн хавдар 15 хувь, яс мөгөөрсний хавдар зургаан хувийг гэх мэтчилэн эзэлж байна. Өндөр хөгжилтэй бусад орнуудад ч гэсэн цусны хорт хавдар хамгийн өндөр хувьтай тохиолддог. Тийм болохоор хүүхэд насанд тохиолдож буй хавдрын шалтгаан тодорхойгүй.

-Олон нийт цахим сүлжээнд мэдээлэл хуваалцахдаа цусны хорт хавдар агаарын бохирдол, хоол хүнсний хэрэглээнээс болж байна гэдэг. Тийм байж болох уу?

-Түүнийг яг тогтоосон зүйл одоогоор дэлхий нийтэд алга. Швейцарь, Америк гэх мэт өндөр хөгжилтэй оронд хүүхдийн цусны хорт хавдрын өвчлөл өндөр байна. Манай улсын хэмжээнд оношлогдож ирж байгаа хүүхдийн тоог ерөнхийд нь ангилбал хотоос 50, хөдөө орон нутгаас 50 хувьтай байдаг.

-Хүүхдүүд ихэвчлэн хэдэн нас­тайдаа оношлогдож байна вэ?

-Дэлхий нийтийн хэмжээнд хүүхдийн хавдар илрэх оргил нас нь 3-5 нас байдаг. Манай улсад ч мөн адил байгаа. Мөн олон нийтийн дунд үүссэн хавдрын талаарх ойлголтыг өөрчлөх, бодит болгох шаардлага бий. Хүүхдийн хавдар үүсэх үндсэн шалтгааны 95 хувийг одоо ч олж тогтоогоогүй байна. Жишээлбэл, гурван настай хүүхэд буруу зуршилтай байх уу гэсэн асуудал гарч ирнэ. Тиймээс ганц амьдралын чадамж, дадал хэвшил нөлөөлөөд байгаа зүйл үгүй.

Хүмүүс бодохдоо ядуу айлын хүүхэд их өвдөж байна гэдэг. Гэвч мөнгөтэй, ар гэр нь хүүхдэдээ өндөр анхаарал хандуулдаг айлын хүүхэд ч өвдөж байна. Хөдөө эрүүл агаарт малын бэлчээрт, хотод амьдардаг гээд ямар ч орчинд өссөн өвчин ялгахгүй. Тиймээс хүүхдийн хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Хорт хавдар үүсгэх урьдал өвчин гэж байхгүй. Агаарын чанар муу байгаагаас болж хүнд уушгины хүнд өвчин үүсэж болох ч хавдрын шалтгаан болдоггүй.

-Эмчилгээний зардлын тухайд?

-Хавдар бол маш хэцүү өвчин. Ганцхан долоо хоног эмчлүүлээд дуусахгүй. Таван сараас нэг жил хүртэл үргэлжилсэн эмчилгээ хийнэ. Тиймээс үүнийг дагаад эмчилгээний зардал их гардаг. Манай улсын хэмжээнд хорт хавдартай хүүхдийг үнэгүй оно­шилж, эмчилж байгаа. Өвчилсөн хүүхдийн 80-90 хувь нь монголд эмчлэгдэх боломжтой байдаг. Үүнд донороос ясны хими шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн заалт цөөн хүүхдэд үүснэ. 100 хүүхэд хавдраар оношлогдлоо гэхэд жилд хамгийн ихдээ 10 нь гаднын улсад очиж эмчлүүлэх заалттай байгаа. Хими, туяа, энгийн, мэс заслын эмчилгээг дотооддоо бүрэн хийдэг.

Гэхдээ өвчин нь хүндрэл ихтэй, эдгэх явц удаан учир тууштай байсны эцэст эмчилгээний үр дүн гардаг. Хавдар гэдэг бол зөвхөн эрүүл мэндийн бус, нийгмийн асуудал болоод байна. Хүн хавдар туссан тохиолдолд ганцхан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэг болно гэж байхгүй. Эмчилгээнээс гадна асаргаа маш их нөлөөтэй.  Тэгэхээр олон салбар дундын хамтын ажиллагаа хүүхдийн хавдрыг эдгээхэд тустай. Хавдраас нэгэнт урьдчилан сэргийлэх боломжгүй учир аль болох эрт оношлох боломжийг эрэлхийлж байна. Эрт оношлогдох тусам л хүүхдийн эдгэрэх, амьд үлдэх боломж нэмэгдэнэ. Хөхүүл үедээ байгаа хүүхдийн хавдар эрт оношлогдох магадлал өндөр байдаг. Харин өсвөр насны хүүхдийн хувьд хожуу оношлогдох хандлага ажиглагддаг. Хүүхдийн анхан шатны шинж тэмдгийг илрүүлэх хүн нь эцэг эх нь. Мөн хүүхэдтэй тулж ажилладаг хүмүүсийн оролцоо маш чухал байдаг. Хүүхэд өвдөөд удчихсан байгааг анзаарахгүй дан хичээл сурлагад нь анхаараад байх нь өсвөр насныхан дунд түлхүү ажиглагдаж байна. Хөхүүл хүүхдийг ээж аав нь өвөртөлж унтана, халуурч, хоолондоо муудаж байна гэх мэт зовуурийг нь шуурхай мэднэ. Тийм учраас хүүхэд хөхүүл үедээ оношлогдвол эдгэрэх явц нь хурдан байдаг.

-Гаднын улсад эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүд оношлогдсоор байна. Үүнийг эх орондоо эмчлэх боломж ямар байна вэ?

-Өндөр хөгжилтэй оронд эмчлүүлэхээр хандив цуглуулж буй хүмүүсийг хоёр хэсэгт хуваадаг. Нэгдүгээрт, сайн дураараа тус орныг зорих хүмүүс орно. Энэ төрөлд хамаарч буй эцэг эхчүүд хүүхэд нь монголд ч эмчлэгдэж, хагалгаанд орох боломжтой байгаа гаднын улсын эмнэлгийг сайн дураараа сонгож очдог. Хоёрдугаарт, буюу маш цөөн заалтаар бидний зөвлөсний дагуу гаднын улсын эмнэлгийг зорих шаардлагатай бүлэг бий. Тэр эмчилгээг одоохондоо монголд хийж чадахгүй байгаа. Бид ирэх онд донороос ясны хими шилжүүлэх хагалгааг эх орондоо хийхээр ажиллаад эхэлчихсэн байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлбэл гадагшаа явж хагалгаанд орох заалттай хүүхэд байхгүй болно. Харин өндөр хөгжилтэй оронд очиж эмчлүүлэхээр өөрсдөө хүсэлт гаргасан эцэг эх байгаа. Тэр бол гэр бүлийн хувийн асуудал учир сонголт хэвээр үлдэнэ.

-Хожуу оношлогдож байгаа хавдарт ихэвчлэн юу нөлөөлж байна вэ?

-Буруу зуршилд автаж, хоол хүнсний хэрэглээгээ замбараагүй болгосноос хожуу илрэх хорт хавдар ид ажиллах залуу насанд үүсэх эрсдэл бий. Харин хүүхэд насанд тохиолддог хавдарт хооллолт төдийлөн нөлөөтэй биш. Удамшлын гаралтай хавдар байдаг ч маш цөөн буюу таван хувьтай. Мөн төрөлхийн хавдартай хүүхэд жилд 1-2 тохиолддог. Үүнд эхээс дамжиж ирсэн цусны хавдар орж болно. Шинжлэх ухаан хөгжих тусам урьд нь бидний мэддэггүй, илрүүлж чаддаггүй байсан өвчин оношлогдох нь элбэг болсон. Эрт оношилгоо маш чухал гэж дээр дурдсан. Эрт оношилгоо гэхээр нэг их сүртэй том төхөөрөмж, их хэмжээний мөнгө хоёр шаардлагатай гэж боддог. Үүнд анхан шатлалын эмч мэргэжилтний ур чадвар, эцэг эхчүүдийн мэдлэг болон анхаарал халамж хамаарна. Эхний илэрсэн шинж тэмдэг зовуурийг нь долоо эсвэл 14 хоног үргэлжилсэн гэдгийг эцэг эх нь хамгийн сайн мэднэ. Эмнэлэгт хандах эсэхийг шийдэх эхний таамгыг эцэг тавьж байдаг.

-Зургаан төрлийн хавдар зонхилж байна гэсэн. Ийм шинж тэмдэгтэй бол цусных гэх мэтчилэнгээр ялгах боломж байдаг болов уу?

-Хүүхдийн хавдрын онцлог нь насанд хүрэгчдэд илэрдэг шиг айхавтар тууралт биеэр гарах мэтээр илэрдэггүй. Халдварын шалтгаангүйгээр халуурна гэхээр ханиах, нус гоожих гэсэн зовуурьгүй хэрнээ 14-өөс дээш хоносон тохиолдлыг сэжиглэх хэрэгтэй. Халуурсан хүүхэд болгон хавдартай байж магадгүй гэж эцэг эхчүүд шууд айж болохгүй. Хоолой нь өвдөж, ханиалгаж байгаа бол халдварын гаралтай удаан халуурч болно. Хүүхэд цонхийж цайгаад өөрчлөгдөж буйг эмч хараад шууд мэддэг.

Харин зарим эцэг эх хүүхдээ угийн цагаан царайтай, цонхигор гэх нь бий. Биеэр нь ямар нэгэн цусархаг тууралт гарах, толгой нь эргэх, өглөөгүүр байнга бөөлжиж дотор муухайрах болон хэвийн үеэсээ илүү ядарч сульдах шинж илэрч болно. Цаашлаад нүдний хавдрын үед нүд нь солир харах, цагаан толбо үүсдэг. Мөн бага насны хүүхдийг усанд оруулж байх үед хэвлийд нь ямар нэгэн хатуу зүйл тэмтрэгдэх шинж илэрдэг. Гэмтэл аваагүй хэрнээ яс нь хугарч, улайж хавдаж ч болно.

-Хүүхдээ хавдартай гэдгийг сонссон эцэг эхэд асар их айдас тулгардаг. Тэгэхээр хамгийн гол нь юун дээр анхаарах ёстой бол?

-Хэнд ч хэцүү байна. Эмч нар ар гэрт нь аль болох эмчлэгдэх боломжтойг тайлбарлаж, зөвлөгөө өгдөг. Үүн дээр ганц эмч гэлтгүй сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэх мэт хүмүүс нийлж баг болон ажилладаг.  Урьд хэрэглэж байсан эмчилгээний аргыг шинэчилснээр нас барах магадлал 100 хувь байсан өвчлөлийг ч эдгээж байна. Манай оронд цусны цочмог цагаан эсийн хавдрыг хамгийн сайн эмчилж байгаа. Уг өвчнийг 67.9 хувьтай эх орондоо эмчлэх болсон. Олон нийт хавдартай хүүхдийг фэйсбүүкээр хандив гуйж байгаа хэсэг бүлгээр нь төсөөлдөг. Хөшигний цаана хавдартай тэмцэж энд эмчлүүлээд бүрэн эдгэсэн олон хүүхэд бий. Мөн өндөр хөгжилтэй оронд очвол тухайн улсын иргэншилтэй иргэн биш бол эмчилгээний зардал хэд дахин өндөр гардаг.

ЭХ СУРВАЛЖ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нансалмаа(192.82.78.227) 2023 оны 04 сарын 10

Эмчдээ зөндөө их баярлаж явдаг шүү .Үнэхээр чадварлаг сэтгэлтэй мундаг шүү та минь

0  |  0
Top