2022 оны 22 ҮЙЛ ЯВДАЛ

2022 оны 12 сарын 31

ЦЭЦИЙН ШИЙДВЭР-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮТЭЦ

УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч хашиж болно, болохгүй гэх маргаан олон жилийн турш үргэлжилж, дан, давхар дээл гэх улс төрийн шинэ нэр томьёо хүртэл бий болж байв. Эцэст нь “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж хуульчилж байв. Гэтэл  Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн зун Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт дахь  “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг хүчингүй болгов. Энэ асуудлыг  УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцээд  нэгдүгээрт,  Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болсон, түүнийг шүүн хэлэлцэх боломж хуулийн хязгаарлалттай. Хоёрдугаарт, Цэцийн эцсийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсгэхгүй байх зарчим бий. Гуравдугаарт, Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдах Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгон зохих хуулиудад тодотгол хийж  дээрх өөрчлөлтийг баталгаажуулсан. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүний зэрэгцээ энэ үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн “Хоёрдугаар ээлж хоолондоо орлоо” хэмээн багагүй  шүүмжилсэн. Ийнхүү Засгийн газар  бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтайгаар ажиллаж байна.   

 

ТӨМӨР ЗАМ

Өнгөрч буй 2022 онд Монгол Улс төмөр замын хоёр ч бүтээн байгуулалтын ажлыг 90 орчим хувьтай дуусгаж, нэг шинэ төсөл эхлүүлснээр шинэ оноо угтаж байна. Юуны өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам юм. Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, хоёр өртөө, зургаан зөрлөг, 16 гүүртэй иж бүрэн төсөл юм. Уг төмөр замаар жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэх, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлнэ гэдгийг албаныхан онцолж буй. Мөнхүү Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын ажлыг хүлээлгэн өгсөн. Уг төслүүд нь дохиолол хамгаалал, хөдлөх бүрэлдэхүүн, зөрлөг, өртөөний барилга байгууламж гээд иж бүрэн төсөл учраас хөдөлгөөнөө нээсэн ч ажлаа 100 хувь дуусгаагүй юм. Үүний зэрэгцээ “Богдхан” төмөр замын төсөл бий. Уг төсөл нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 киломерт үргэлжлэх юм. Эдгээр төмөр замууд нь 100 хувюь ашиглалтад орсноор монгол Улсын эдийн засгийг эргэлтийг сайжруулах томоохон хөшүүрэг болох аж.

 

ХӨГЖЛИЙН БАНК

Олон жил нууц байдалд байсан Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг 2022 оны нэгдүгээр сард аж ахуйн нэгж овог нэртэй нь нийтэд зарласан. Тухайн үед албан ёсоор мэдэгдээд байгаагаас үзэхэд нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1.6 их  наяд төгрөгийн чанаргүй зээл байгааг мэдээлж байсан.

 

ЭДИЙН ЗАСАГ

Өнгөрч буй онд Монгол Улсын эдийн засагт сорилт, бэрхшээлүүд тулгарсан, цаг үеэ мэдэрсэн шийдэл, бодлогын шийдвэрүүд шаардсан жил болж өнгөрлөө. Эдийн засгийн макро, микро үзүүлэлтүүдийг харахад, Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улирлын байдлаар 3.7 хувийн өсөлтийг үзүүлсэн, өрхийн хэрэглээ дөрвөн улирал дараалан өссөн, төсвийн орлого арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.7 их наядаар өссөн зэрэг эерэг мэдээнүүд бий. Гэхдээ иргэдийн амьдралын чанар бодит байдал дээр ямар байгаа вэ гэдгийг судалгаанууд дээр тулгуурлан авч үзэхэд, эдийн засагт гутранги төлөв давамгайлж байна.  Эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар  хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”  судалгааны сүүлийн дүнгээс үзэхэд, хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж буурсан, бизнесийн нөхцлийн талаарх үнэлэмж эрс муудсан байгаа юм.  Иргэдийн дунд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлж буй бөгөөд инфляцын түвшинг ирэх зургаан сард 11.6 хувь байна гэж үзэж буй бол нэг жилийн хугацаанд 14 хувьтай байна гэж үзэж байна. Тэгэхээр иргэдийн ахуй амьдралын нөхцөл болон эдийн засгийн хүлээлт ийм тааруу гутранги байгаа нь Монголын эдийн засаг 2022 онд ерөнхий зургаараа сайнгүй байсныг илтгэж байна.            

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АМЛАЛТ БА “ТЭРБУМ МОД”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ “Тэрбум мод” тарьж ургуулахаа амласан. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалжээ. Мөн 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн мэдээтэй 2022 оныг үдэж байна. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж бэлтгэлээ хангаж буй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд л 1.000 тн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан. Мөн жилд 500 м /куб үржил шимт хөрс бэлтгэх төв, жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулна.

ОЛОН ЖИЛИЙН МАРГААНД ЦЭГ ТАВЬСАН НААДАМ

Цар тахал, иргэдийн бухимдалтай нүүр тулж, нэг жил хойшилсон Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадам энэ онд болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр наадмыг нээж, Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэх зарлиг гаргасан нь энэ наадмын онцлог байлаа. XX зууны манлай бөх Дархан аварга О.Баянмөнх зодог тайлж, сүүлийн удаагаа наадамчин олныхоо өмнө дэвэн дэвсээр гарч ирсэн нь олон хүний сэтгэлийг огшоосон. Түүхт 100, 101 жилийн наадамд долоон аварга цолтон зодоглосон бөгөөд нэг аварга, нэг арслан, гурван заан, дөрвөн харцага, 14 начин цолтон төрсөн. Улсын аварга О.Хангай 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн 82 жилийн дараа Ховд аймгаас хүртсэн наадмын түрүү, анхны улсын аварга цолтон болсон билээ. Сүүлийн жилүүдэд бөхчүүдийн допинг, цолны маргаан, эрлийз, монгол морьдын асуудлаа шийдэж чадахгүй байсан бол энэ наадмын өмнөхөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан нь олон жил үргэлжилсэн маргаанд цэг тавьсан юм.

ТҮҮХЭН АЙЛЧЛАЛУУД-ГАДААД ХАРИЛЦААНЫ ТЭНЦВЭР

Монгол төрийн түүхэнд барс жилийн  улс төрийн үйл явдлууд тодоор бичигдсэн байдаг. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш энэ цаг үед Монголд айлчлахдаа “Монгол Улс бол амар амгалангийн эх орон, энхтайваны бэлгэдэл” болохыг батлав. Залгуулаад манай улсын мөнхийн хөрш болох ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар, түүнчлэн Монголын 40 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч буй   БНСУ-ын Гадаад харилцааны сайд манай улсад тус тус айлчилснаар төрийн түүх улам баяжлаа. Үүн дээр  Монголын төр, Ерөнхийлөгчийн болоод  Ерөнхий сайд, УИХ-ын түвшинд гадаад улсад хийсэн айлчлал, яриа хэлэлцээнүүд бий. Бүгдийг нэгтгээд том зургаар  нь харвал үндсэндээ Монголын гадаад бодлого энэ жил маш үр дүнтэй байлаа. Хамгийн гол нь дэлхий ертөнц зөрчил тэмцэлтэй, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүнд нөхцөлд Монгол Улс гадаад харилцаандаа тэнцвэрийг барьж чадсан явдал түүхэнд тодоор бичигдэх биз ээ. Амаргүй ийм цаг үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй монгол төрийг удирдан чиглүүлж буй хүмүүсийн  хүчин чармайлтын  дүнд хоёр хөрштэйгөө хүчтэй хийгээд тогтвортой харилцаатай болж чадлаа. ОХУ-тай шатахууны үнийг 2027 он хүртэл тогтворжуулсан. Энэ  бол хүнд цаг үед эдийн засгийг донсолгох, дотроос нь инфляц хөөрөгдөх нэг том хүчин зүйлийг тогтоож авсан гэсэн үг. Төмөр замын асуудал, нүүрсний экспорт нийлүүлэлтийн асуудлаар нааштай яриа хэлцэл хийж авснаар зах зээлээ тогтворжуулах боломжийг олж авлаа. Орос, Хятад хоёртой хийн хоолойн асуудал, төмөр зам, авто замын асуудлаар тохиролцлоо. Ийнхүү хоёр хөрштэйгөө үр бүтээлтэй, тэгш шударга харилцаатай байх зарчмыг хэрэгжүүлэхэд энэ жил ахиц гарсан бол гуравдагч хөршүүдийг ч орхигдуулсангүй. Бүх талын харилцаандаа алтан тэнцвэрийг барьж чадлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд гадаад харилцаанд солонго татсан, алтан тэнцвэрийг олсон жил байлаа.

“ЧИНГИС” БОНДЫН ӨРИЙГ БҮРЭН БАРАГДУУЛАВ

Засгийн газар энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг барагдууллаа. Арван жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд том төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатайгаар 4.125-5.125 хувийн хүүтэй авсан.

Чингис бондын санхүүжилтийн 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төсөл, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөл, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах хүрээнд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол барьж байгуулах төсөл, нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх, барилгын материалыг дотоодоосоо хангах зорилгоор цементийн үндэсний үйлдвэрийг барихад зарцуулжээ.

 

ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙГ ХАНАРУУЛСАН Ц.ЦОГТБААТАР

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ аравдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон. Монгол Улсаа төлөөлөн 18 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Э.Ариунболд мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар С хэсгээ тэргүүлэн барилдаж, дэлхийн шилдгүүдийг ээлж дараалан ялсаар Дэлхийн аваргаар тодорсон юм. Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар мөн “Ташкент 2022” ДАШТ-ий алт, Парисын Их дуулгын хүрэл, Улаанбаатарын Их дуулгын мөнгөн медаль хүртсэн амжилтаараа “Бөртө чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, цомын эзэн болсон.

 

АМЖИЛТ НЬ ҮРГЭЛЖИЛСЭН “АЛТАН ОХИН”

Ард түмэндээ “Алтан охин” хэмээн алдаршсан, “Эрхэт Монгол” группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийн амжилтын буухиа 2022 онд ч үргэлжиллээ. Тэрбээр “Манама 2022” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн. Тэгвэл өнгөрсөн жилийнхээ амжилтыг батлах том зорилготойгоор “Богота 2022” ДАШТ-ээс 87 кг-д түлхэлттэй өргөлтийн төрөлдөө мөнгөн медаль хүртэж, Монгол түмнээ дахин баясгасан. Огцом өргөлтийн төрөлд хэрэв амжилттай өргөсөн бол дэлхийн хошой аварга болох бүрэн боломж байсан юм. Мөн эдгээр амжилтаараа “Бөртэ Чоно” наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа.

 

ДУУРИЙН Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БОЛЛОО

Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарлаа. Тодруулбал, дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг "Opera Wire" цахим хуудаснаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг. Энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад Монгол Улсын дуучин Э.Амартүвшин багтсан юм. Дуурийн дуулаач Э.Амартүвшин энэ оны наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нь олгосон. Энэ үеэр тэрээр “Зорьсон зорилго, мөрөөдлийнхөө төлөө явахад ард түмэн минь нэр хүндтэй сайхан шагнал олголоо. Цаашид олон улсад Монголынхоо төлөө бүр илүү зүтгэнэ. Дэлхийн том театруудад мэргэжлээрээ дуулж байна. Дэлхийн чансаатай бүхий л том театрт дуулсан. Ер нь бол маш их завгүй 2-3 жилийн төлөвлөгөөний дагуу дууриа дуулаад явж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Сонирхуулахад, Э.Амартүвшин нь 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ ТАТАН БУУЛГАВ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буулгах шийдвэрийг гаргалаа.Тус байгууллагыг татан буулгаснаар 800 орчим хүн яамдад хуваарилагдаж, 300 хүнийг цомхотгохоор болж байна. Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 алба хаагчтай үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 байцаагч хяналтын үйл ажиллагаа явуулж буй нь ил болсон. Ийнхүү төрийн данхар бүтцийг цомхон болгож, иргэдэд учруулдаг төрийн дарамтыг багасгах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцолж байгаа юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН  ШИНЭ ӨНГӨ

Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилгоор 2022 онд БШУЯ-аас дараах бүтээн байгуулалт шинэчлэлтийн ажлыг хийжээ. Үүнд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2022 онд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байрыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хэмээн мэдэгдэж байсан. Үүнээс ашиглалтад орсон сургууль цэцэрлэгийн тоог авч үзэхэд 19 сургууль,30 цэцэрлэг 2022 онд ашиглалтад оруулжээ. Боловсролын салбарыг тойрсон бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн тоондоо хүрээгүй ч 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан явдал юм. Ингэснээр өмнө нь хүүхдээ өгөх гэж хонон өнжин урт оочир дараалал үүсгэн дугаарлан, сугалаагаар хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг байсан нь ард хоцорсон. Өөр нэгэн онцлох шинэчлэл нь багшийн  журнал, сурагчийн хувийн хэргийг цахимжуулав. Ингэснээр багш нарт ногдох цаасны ачаалал буурсан юм. 

ДАРХАНЫ ЗАМЫН ХОЁР ЭГНЭЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажил дөрвөн жил үргэлжилж, зургаан сайдын нүүрийг үзсэн. Сүүлд томилогдсон Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уг замын ажлыг хүлээн авснаар амласан ёсоороо 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд  204.11 километрийг нь  ашиглалтад оруулсан нь энэ оны онцлох бүтээн байгуулалтын  нэг  байв.

ЭМЭЭЛТИЙН МАХ БА ИРГЭДИЙН БУХИМДАЛ

Улиран одож буй 2022 онд улс орныг шуугиулсан нэгэн сэдэв бол махны асуудал байлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эмээлт орчмын мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан. Тухайн нунтагийн гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан агаад үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсныг олж идрүүдсэн юм. Ийнхүү нийслэлийнхний махны чанар, хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар яригдаж, “Эм Ди Си Пи” компанийн болон бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт оруулж, зөрчил дутагдал илэрсэн их хэмжээний махыг устгалд оруулсан юм.

АЗИДАА ТЭРГҮҮЛЭХ МУЗЕЙТЭЙ БОЛОВ

Энэ оны шилдэг бүтээн байгуулалт "Чингис хаан" музей аравдугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийсэн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан. Музей нийт 12 мянга орчим үзмэртэй. Тэдгээрийн 92 хувь нь эх үзмэр бол үлдсэн хэсэг нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар юм. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг болон Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватиканд байгаа хаадын захидал зэргийн А хуулбар байгаа аж. “Чингис хаан” хаад, язгууртны музей нь нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдож буй. Өөрөөр хэлбэл, 2000 жилийн хаад, язгууртны түүхийг харуулсан төрт ёсны музей хэмээн хүлээн зөвшөөрөгдлөө.

“И-МОНГОЛИА" СИСТЕМ ИЛҮҮ ХЯЛБАР БОЛЛОО

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагагүй боллоо. Иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаяг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт үүнд багтаж байгаа юм. Төрийн мэдээлэл солилцооны “И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлэх, цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлчилгээ үзүүлэхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг нотариаттай холбоотой үүсдэг асуудлууд цэгцэрч байна.

ХУВЬД ШИЛЖҮҮЛСЭН ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ТӨР ЭРГҮҮЛЭН АВЛАА

Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг төрийн өмчид буцаан авах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бэйзмэнт” компанид шилжүүлсэн. Үүний дараа нь 2015 онд хувьчилж, “Хөтөл" ХХК-д шилжүүлсэн байна. Харин тус үйлдвэрийг төрд буцаан авснаар “Хөтөлийн цемент шохой ТӨХК” хэмээн нэрээ өөрчилсөн юм. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шаардлагыг Засаг дарга Б.Азжаргалд хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газрын дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсан. Засгийн газрын хуралдаанаас "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оноос хойш эзэмшиж буй концессын гэрээг зогсоохоор шийдвэрлэсэн нь энэ юм. Тус компани нь Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” гэх Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компани аж.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГЫГ 1.2 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулж, Ажлын албыг 11 орон тоотой байхаар энэ оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр баталсан билээ. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, салбар хоорондын уялдааг хангахад хорооны дэргэд байнгын Ажлын алба ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан тус салбар 2020 онд 58, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн байна. Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байгаа аж. 2022 оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байна.

50 МЯНГА ГАРУЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БҮРТГЭГДЖЭЭ

Монгол Улсад 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 30-н хүртэл 50 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгджээ. Үүний 100 гаруй нь гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан байна. Энэ онд бүртгэгдсэн газар хөдлөлтөөс Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн хойд зүгт 46 км зайд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон нь хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа. Сүүлийн жилүүдэд болж буй хүнд мэдрэгдэм хүчтэй 4.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол өсөх хандлага ажиглагдсан байна. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны  байдлаар нь дөрвөн магнитуд нь болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт Монгол орны нутаг дэвсгэрт 16 удаа болсноос таваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт гурван удаа болсон аж. Энэ оны сүүлийн газар хөдлөлт Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 36 километрийн зайд энэ сарын 20-ны өдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР 707 МЯНГАН ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖ ЧАДАВ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолын дагуу 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас хариуцахаар болсон. Ингэхдээ тус бүр нь 50 мянган төгрөгийн үнэтэй гурван төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэх юм. Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн байдлаар, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 69 хувь нь 17 хүртэлх насныхан байгаа бол 18-аас дээш насныхан 31 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан 699 мянган иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Үзлэгийн дүн гарсан хүн амаас өвчлөлийн 390.925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БА ЖАГСААЛ

УИХ 2021 онд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль баталж,  нийгмийн өмнө тулгамдаж буй, нийтэд ил болсон ч шийдэгддэгүй асуудлууд дээр шийдвэр гаргахаар түр хороо байгуулсан.  Зорилго нь хил гаальд үүсч буй хүндрэл бэрхшээлийг тогтоох, үүрэг чиглэл өгөх байв. Түр хорооны хуралдаанд нүүрсний хулгайн асуудлыг олон хүн ярьсан. С.Бямбацогт гишүүн чуулганы хуралдаанд хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсаныг дурдсан бол өмнө нь  Өмнөговь аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн асан Л.Энхболд их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан тухай хэвлэлээр ярьж байв. Удалгүй Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хянан шалгалт явуулах үүрэг өгсөн юм. Энэ мэдээлэл гарангуут иргэд “Нүүрсний хулгайч нарыг зарла” гэсэн жагсаалыг Төвталбайд 14 хоног зохион байгуулж, нээлттэй сонсгол зарлахыг шаардсан. Үүний мөрөөр Эрдэнэс Тавантолгойн нүүрс олборлолт,  тээвэрлэлттэй холбогдуулан экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй 17 хүнийг зарлаж, 30 гаруй аж ахуй нэгжид нэгжлэг хийж, 80 гаруй хүнийг шалгаж байна. Монгол Улс 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон бол  2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй. 2022 онд давхардсан тоогоор 22 мянга 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтайг холбогдох байгууллагууд тогтоогоод байна. МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд, гишүүдийг нам харгалзалгүй өөрсдийн хүсэлтээр шалгуул гэсэн бол УИХ нүүрсний хулгайг илрүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөг прокурорын байгууллага  муу ажиллаж байна гэдгийг анхааруулсан. Нүүрсний хулгай, луйврыг хууль, шүүх нь тогтоо гэсэн хүлээлт нийгэмд бий болсон. Нүүрсний хулгай их олон янз бөгөөд нүүрсний хэмжээ, тээвэрлэлт, ханшийн алдагдал, нүүрсний гэрээний хүүний алдагдал, уулын ажлын олборлолт, нүүрсний чанар, хаягдал нүүрс отвал, төсөл хөтөлбөр гээд олон асуудал ирэх онд илрэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rock news(66.181.176.182) 2022 оны 12 сарын 31

tv 25 ih muhai hereg degdleed baiagn. ganhuu genet shuuh tsagdaa barij horiloo genuu tegsen buyanhuu ooirnho abgaitai hardaal ganhuu hun alsan gej barij ogson bilee.

0  |  0
zochin(66.181.176.182) 2022 оны 12 сарын 31

ganhuu naiziga buyanhuu tsagdad maataad ooirgo gemgui abj garsan geel. rock news.

0  |  0
Top