Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 50% хөнгөлөлттэй өвс, тэжээл олгоно

2023 оны 01 сарын 03

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд өнөөдөр (2023.01.03) УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллэл хийлээ.


Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хүлээн авахад, малчдын түвшинд өвс 1.1 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 88.0 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, хужир, шүү 92.2 мянган тн-ыг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.

Шадар сайд С.Амарсайхан "Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж Улсын онцгой комиссоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс тэжээл буюу нийт 1171 тонн өвс, 8000 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлсэн.

Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян-Уул суманд гал түймэр унтраах аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Отгон, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговль аймгийн Гурвантэс зэрэг сумдын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашиныг олгож шийдвэрлэлээ.

Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 сум зудын эрсдэл их бөгөөд дээрх аймаг, сумдад 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна.  Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгааг дурдах нь зүйтэй" гэв.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДОЕГООР ХҮЛЭЭН АВАХ

Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Үүнээс тухайн жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөлтэй байна. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nz(43.228.130.63) 2023 оны 01 сарын 03

opotek yaasan ve hoe amraa

0  |  0
Top