АН зодолддоггүй, хэдхэн хөрөнгөтнүүд зодолддог

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

АН-ын Үндэсний бодлогын хорооны нэгдсэн хуралдаан энэ сарын 13-ны өдөр болох тов гарсан даруйд Төрийн ордноос эхлээд гудамжинд хүртэл зодолдож байна гэх мэдээлэл хаа сайгүй таржээ.

Энэ бол буруу мэдээлэл юм. Яагаад гэхээр АН-ынхан зодолдоод байгаа хэрэг огт биш. Хэдхэн хөрөнгөтнүүд төр, түмнээс хулгайлсан хөрөнгөө хамгаалж зодолдоод байгаа юм.

Бүр тодотгох юм бол хөрөнгөө хураалгаж, шоронд орохгүй санаатай үзээд байгаа хэрэг шүү дээ. Сүүлийн үеийн зодоон бол бүр инээдтэй. Өнөөх хөрөнгөтнүүдийнхээ хатгаасаар өрнөнө. Гэхдээ жижиг гарын хулгайч нар бас зодоон өрнүүлэх нь бий. Тэд нүдэлцэхдээ “Ардчиллаа аварч байна”, “Намаа аварч байна”, “Миний байгуулсан ардчилал” гэх мэтээр худлаа ярина. Арга ч үгүй. “Хулгайлсан хөрөнгөө хамгаалж байна, шоронд ормооргүй байна” гэлтэй биш. Ер нь бол АН сүүлийн үед л нүдэлцээд байгаа хэрэг биш. Үүссэн цагаасаа хойш дундаа үзэж эхэлснийг энд дурдана гэвэл тус намын түүхийг бичих цаг наргүй ажилтай нүүр тулах болно. Тухайн үед Ц.Элбэгдорж, С.Зориг агсан, Э.Бат-Үүл гээд өөрсдийгөө “хараацай” гээд нэрлэчихсэн нөхөд дундаа нүдэлдэж л байсан. Гэхдээ тэд хулгай хийж хараахан эхлээгүй байсан бөгөөд зөвхөн эрх мэдлийн төлөө үзэж байв.

Энэ тухайд хойш дурдах болно. Тэгэхээр нэлээд наашлуулж, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахаас эхэлсэн зодоон эцэстээ ийм байдалд хүргэсэн гэдгийг дурдах хэрэгтэй. Энэ үед Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Л.Болд, С.Эрдэнэ, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, арай наашлаад Х.Баттулга, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд бүгд төрөөс төрсөн хөрөнгөтнүүд болчихсон байв. Тэгэхээр зодоон улам хүчтэй бөгөөд хорон өрнөх болсон. Нэгнээ шоронд хийж, захиалгаар яллахаас эхлээд мөн ч эвгүй үед авч ирсэн. Эцэст нь нэг нэгнээ шоронд барьж хийв дээ.

Өнөөдөр гэхэд их хөрөнгөө алдаж шоронд орохгүйн тулд Ч.Сайханбилэг ч харьд олон жил болж байна. Х.Баттулга ч мөддөө ирэхгүй л болов уу. Жирийн жишээ татахад л хангалттай. АН-ыг МАН-д дагаар оруулсан гэх нэр зүүгээд байгаа С.Эрдэнэ Их хурлынхаа индэр дээр зодуулах хүртэл тамгатай зууралдаж байгаагийн цаана маш том шалтгаан байж таарна. Шуудхан хэлэхэд намынх нь өндөр ял авах хулгай хийсэн учраас эрх баригчдад үйлчилж байгаа гэдэг. Нөгөө талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үхэн хатан тэмцэж байгаагийн цаана ч шалтгаан бий. Саяхан нүүрсний хулгайчаар цоллуулчихаад гэнэт гадагшаа эмчлүүлэхээр явчихлаа. Түүний улс төрд орж ирэхийнхээ өмнөх хувьчлал нэрээр луйвардаж авсан үйлдвэр объект, улс төрд орж ирээд хэрэгжүүлсэн хулгай, дээрэм тонуул гэхээр санаанд багтамгүй зүйл бий. Улс орны төсөв бүрдүүлэхээр их хөрөнгө мөнгө байгааг баримтаар дэлгэсээр байна. Үүнийгээ л хамгаалахын тулд АН-тай зууралддаг байх. Түүнээс одоо түүнд АН хэрэггүй.  

Э.Бат-Үүл гэнэтхэн гарч ирээд л “Ардчиллаа хамгаална”, “Би тэмцэж байж..” хэмээн чичэрч дайраад байгаагийн цаана юу байгааг дурдвал бүр ч аймаар зүйл бий. Төрийн бүх дээд өндөрлөгт заларч ирсэн Ц.Элбэгдорж яагаад АН гээд үхэн хатаад байна вэ гэхээр бас л аймаар зүйл сонсогдоно. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хэлж байснаар бол тэд эрх мэдэлд хүрэхийн төлөө нэгнээ зайлуулсан гэдэг. Ц.Элбэгдоржийг Монголын хаан байхад С.Зоригийн үхэлд буруутгагдан хэлмэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг олон жилийн дараа эрүүдэн шүүж, дарамталсан нөхцөл байдлыг хэн гаргаж ирсэн юм, Ц.Нямдорж. Тэднийг суллахад хэн нөлөөлсөн юм, Ц.Нямдорж. Одоо ч энэ хэргийн эздийн талаар шууд бус утгаар нь хэн дуугарч чаддаг юм, Ц.Нямдорж. Түүнээс Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт АН хэрэггүй, тэдэнд албан тушаал хаших сонирхол ч байхгүй. Жинхэнэ ардчилал байгуулаагүй гэдгээ ч тэд сайтар мэднэ. 

Тэгвэл их холоос юм хайгаад яахав. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН 65 суудалтай олонхи болж, бүхний л оройд заларсан. Ингэхийн зэрэгцээ олон жил хулгай хийсэн өрсөлдөгч намынхаа нөхдийг ч нүд үзүүрлэсэн, бүр айлгасан. Тиймээс хөрөнгө, эрх мэдлээ хамгаалах зорилгоор Л.Болд, Ж.Батзандан нар албан бусаар МАН-ын туган дор нэгдсэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл хэмээх нам байгуулаад АН-ыг хоёр хуваачихсан. Одоо тэд энэ намдаа ямар ч хамааралгүй явна. Зөвхөн эрх мэдэл, хөрөнгөний төлөө, эцэст нь өөрсдөө шоронгүй үлдэх гэж л улайрсан. Л.Болд намаа тарааж, шанд нь ихээхэн хэмжээний хөрөнгө босгосон төдийгүй өдгөө гадаадад тансаглаж явна. Харин Ж.Батзандан ахыгаа дэд сайдын суудал сэлгүүлэн залж, өөрөө гадагшаа явсан. Гэвч тэр даварсан учраас хэсэг зуур хоригдов. Энэ мэт толгойдоо тулсан хэрэг өдүүлсэн нөхдөд өөрсдийгөө хаацайлж үлдэх сүүлчийн ганц цайз нь АН учраас ийнхүү үхэн хатан тэмцэхийн хэрээр энэ нам туйлдсан, салж сарнисан.

Нөгөө талаас хэрүүл өдөөчихөөд гал дүрэлзээд ирэхээр нь сүүлээ хавчаад зугтах УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, гишүүн асан З.Энхболд нарын олон хүн зодооны эцэст энэ намыг гартаа хийх тухай л бодож байгаагаас жинхэнэ ардчилал, намын суурь үзэл санаанд нөлөөлж явсан түүх байхгүй. Тэгэхээр ирэх 13-ны өдрийн хурлаар юу өрнөх вэ гэхээр өнөөх л хөрөнгөтнүүдийн зодооноор эхэлж, үүгээр өндөрлөнө. Одоо ч яахав, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа гэх мэт жижиг гарууд зугаа гаргаж байгаагаас цаашгүй. Харин тэдний араас өнөөх хөрөнгөтнүүд түлхэнэ. Цаадуул нь мэдэхгүй нам, улс төр болж тоглох дүр зураг л харагдана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.179.21.220) 2023 оны 01 сарын 13

Хараал нь гэж?Ман харлуулж луйвардаж ханахгүй!Ан хууртаж хаширахгүй?юутай ч энэҮХууль 30нас хүрлээ..

0  |  0
Зочин(202.126.89.26) 2023 оны 01 сарын 11

Эрдэнэ ямар бизнес хийсэн мөнгөөрөө Хандгайтад бүхэл бүтэн хотхон босгосон юм бол?

0  |  0
unshigch(202.9.46.192) 2023 оны 01 сарын 13

ynen zyil bichijee;

1  |  0
Уншигч(202.131.254.222) 2023 оны 01 сарын 11

Олны нүдэнд эвлэрсэн дүр эсгээд ямарч хэрэггүй мэт,анхнаасаа олон үзэл санаатнууд нэгдсэн болохоор тогтсон онол ч бараг алга даа Ардчилал гэдгээр халхавчлаад л тэр нь сэмрээд дууслаа

1  |  0
Зөнч(66.181.161.83) 2023 оны 01 сарын 11

Хулгайчдын нэгдсэн нам дууссан,үнэн гэж энэ дээ,та хэдийг хэн ч одоо сонгохгүй түмэн олон тарыг чинь тавьчихсан.

0  |  0
Баянхонгорт ангийнха(103.242.47.142) 2023 оны 01 сарын 11

Битон Ганбат бол зүгээр л нэг хүүхэлдэй өөрийн толгойгүй биендээ байхгүй бодолтой бас дутуу өөртөө ашигтай талдаа далдагнана Баянхонгорчууд өмнөөс нь ичих юм

2  |  0
Top